Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хойд Монголын төмөр замын холбоо байгуулагджээ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани өөр хэд хэдэн компанитай хамтран Хойд Монголын төмөр замын холбоог байгуулжээ. “Аспайр Майнинг” нь Монголын хойд бүсэд нийт 11 хайгуулын лицензийг эзэмшдэг. Эдгээрийн нэг нь болох Хөвсгөл аймгийн нутаг дахь Овоотын төсөл JORC стандартаар 330.7 сая тонн өндөр чанарын коксжих нүүрсний нөөцтэй нь батлагдаад байгаа юм. Энэхүү ордыг ашиглахад дэд бүтцийн асуудал гол бэрхшээл болж байгаа. Овоот ордоос Эрдэнэт хот хүртэл 550 км зайтай. Тийм болохоор “Аспайр Майнинг” компани мөн бүс нутагт ажиллаж байгаа уул уурхайн хэд хэдэн компанитай хамтран өөрсдийнхөө хөрөнгөөр Эрдэнэт хот хүртэл төмөр зам тавихаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор төслийн санхүүжилт, зураг төсөл зэрэг нь тодорхой болоогүй байгаа ч 2016 он гэхэд төмөр замаа барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ингэж хойд бүсэд төмөр зам тавьснаар тухайн бүс нутагт байгаа ашигт малтмалын ордуудыг олборлож тээвэрлэх явцад байгаль орчинд учруулах хохирлыг бууруулах болно хэмээн үзэж байгаа юм байна.

УИХ, Засгийн газраас “Шинэ төмөр зам” төсөл буюу Тавантолгойн нүүрсний ордоос хэвтээ тэнхлэгийн дагуу зүүн тийш 1100 км төмөр зам тавих шийдвэрийг гаргаж, ажил нь эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Ингэж хэвтээ чиглэлийн төмөр зам тавих нь зөвхөн өмнөд бүсийн ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглаж тээвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа болохоор хойд хэсэгт ч гэсэн төмөр зам байх шаардлагатай хэмээн үзсэн компаниуд өөрсдийн хөрөнгөөр төмөр зам барихаар санал нийлсэн бололтой.


С.Эрдэнэ