Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

ДЭЛХИЙН ГАНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОДОО БА ИРЭЭДҮЙ

 

- Гангийн үйлдвэрлэл дэх эрсдэлүүд -

Гангийн үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг гол түүхий эд нь төмрийн хүдэр. Төмрийн хүдрийг илчлэг өндөртэй коксжих нүүрсний тусламжтайгаар хайлуулж, ган хэмээх боловсруулсан металлыг гаргаж авдаг. Одоогоор дэлхийн хэмжээнд хоёр тэрбум тонн төмрийн хүдэр олборлоод буйг Bloomberg мэдээлжээ. Үүний 40-өөд хувь нь Хятадад  ногдож байгаа бол Бразил 24, Австрали 19, Энэтхэг 11, Орос дөрвөн хувийг нь эзэлж байна.

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 90 хувийг Япон, Америк, Хятад, Солонгос, Орос бүрдүүлдэг. Эдгээрийг  өнөөдөр “Гангийн  клуб”  хэмээн тодотгон нэрлэж байна. Тэгвэл төмрийн хүдрийн энэхүү зах зээл дээр голлон тоглогчдыг уул уурхайн гигантууд болох Бразилийн ”Вале”, Австралийн “Рио Тинто”, "ВНР Billiton" буюу Хятадын ган үйлдвэрлэгчид гэсэн хоёрхон бүлэгт хуваадаг. Цөөн тооны эдгээр “акул”-ын хоорондох наймаалцлаар гангийн ертөнцийн хувь заяа тодорхойлогддог гэж хэлэхэд буруудахгүй.  Гангийн нүсэр үйлдвэрүүдэд түүхий эд бэлтгэн нийлүүлдэг улс Азийн Монголоос авахуулаад олон бий. Харин одоо гангийн зах зээл дээрх эрэлт нийлүүлэлт болоод үнэ ханшийн тухайд тодорхойлох аргагүй дүр зураг үүсээд байгааг олон улсын шинжээчид мэдэгдэх боллоо. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай юм.

Австралийн үер. Энэ оны эхээр  Австралийн үер Азийн төдийгүй дэлхийн зах зээлийг  багагүй сандаргасан. Квинслэнд муж нь нүүрсний экспортоороо тэргүүлдэг бөгөөд тус улсын 1.3 их наяд австрали доллараар хэмжигддэг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг дангаараа бүрдүүлдгээрээ “стратегийн” онцгой бүс юм.
Энэ мужид олборлолт явуулдаг “Рио Тинто”, “Xsastra”, “Vale” компанийн бүх талбайн ажил үерийн улмаас зогсонги байдалд орж, улмаар  нэг тонн нүүрсний үнэ дунджаар 253 ам.доллар болж өссөн билээ.  Үүнтэй холбоотойгоор Австралийн Хятад дахь коксжих нүүрсний нийлүүлэлт буурсан төдийгүй Азийн гангийн үйлвэрлэлийн зах зээл сөрөг үзүүлэлттэй гарч, түүхий эдийн нөөцдөө ихээхэн санаа зовних болсон юм. Тиймээс ч  гангийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, нүүрсний гол импортлогч орон Хятад тэргүүтэй Азийн гангийн зах зээлд үүссэн үнэ ханшийн тогтворгүй байдал өнөөг хүртэл үргэлжилсээр байна. 2008 онд Австралид болсон үерийн дараа уул уурхайн компаниудын зарим нь хагас жилийн дараа  л  үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн билээ. Энэ түүх давтагдаж байна.  

Японы цунами. Өнгөрсөн  гуравдугаар сард Японд газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэв. Дэлхийн гангийн зах зээлд савлагаа үүсгэсэн  хүчтэй нөлөөллийн нэг нь яах аргагүй энэхүү цунами. Одоо ч гэсэн Фүкишимагийн цахилгаан станцын сүйрлээс үүдэлтэй “цөмийн хямрал” арлын орны экспортын салбарыг  зогсонги байдалд оруулаад байна. Гуравдугаар улирлаас Японд сэргээн босголтын томоохон ажлууд өрнөхтэй холбогдон эрчим хүчний хомсдол нүүрлэх аюул тулгарч болзошгүй.

Дэлхийн газрын тосны үнэ ханшийн өөрчлөлт гангийн үйлдвэрлэлтэй ямагт уялдаж, харилцан хэлбэлзэлд оршиж  байдгийг шинжээчид судалгаагаараа тайлбарладаг. Гангийн түүхий эдийн судалгаа явуулдаг  “Си Ай Юу интернэшнл” группын  Гүйцэтгэх захирал Ж.Жонсон “Дэлхийн гангийн зах зээлийн одоогийн эрэлт нийлүүлэлт, үнэ ханшийн өөрчлөлтөд газрын тосны нөлөө үлэмж их” хэмээн тодотгосон. Олон улсын түүхий эдийн бирж дээр нэг  баррель газрын тос 10 ам.доллараар нэмэгдэж байгаа нь эцсийн дүндээ гангийн эрэлт хэрэгцээнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй энэ нь цунамын аюулд өртсөн Японы дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 0.5 хувиар буурахад хүргэжээ. Япон газрын тосоор “өлсөж” эхэллээ. Одоогийн байдлаар олон улсын түүхий эдийн зах дээр нэг баррель газрын тос 100 ам.доллар давсан байдалтай байна. Яваандаа энэ нь 120 ам.доллараас хэтэрнэ гэсэн таамгууд зонхилж байгаа юм. 

Ливийн дайн. Ливи улсад үүссэн зэвсэгт мөргөлдөөн, олон улсын цэргийн ажиллагаа ч дэлхийн гангийн үйлдвэрлэлд нөлөөлөх болов. Дэлхийн газрын тосны зах зээлийн хоёр хувийг бүрдүүлдэг  Ливи  улсын газрын тосны эрэлт нийлүүлэлтийн сүлжээ маш эмзэг болжээ. Ойрхи Дорнод дахь “хар алт”-ны  шинэ хямралын эхлэлийг Ливи тавьж,  ган үйлдвэрлэгчдэд ихээхэн болгоомжлол төрүүлж байна.

Гангийн үйлдвэрлэлийг доголдолд оруулдаг, саармагжуулдаг иймэрхүү хүчин зүйлүүд дэлхийн түүхэнд олон тохиолдсон. Дэлхийн II дайны эхэн үе хүртэл гангийн эрэлт хэрэгцээ жилдээ ердөө гуравхан хувиар  өсч байв. Гэтэл  дайн дуусаад Европ даяар  их сэргээн босголт өрнөж, автомашин болон бусад аж үйлдвэрийн салбар өндийж ирэхэд   гангийн хэрэгцээ жилдээ бараг долоон хувиар  нэмэгдсэн нь гайхалтай “өндөр хурд” байлаа. Үүний дараахан ОПЕК Ойрхи Дорнодын орнуудад газрын тосны хориг тавьж, Иранд Лалын хувьсгал өрнөсөнтэй шууд холбоотойгоор гангийн зах зээл эргээд хумигдаж эхэлсэн билээ. Ингээд нэг хэсэгтээ гангийн хэрэглээ тогтворжиж байсан ч  2000 оноос хойш  жил бүр найман хувиар өссөн үзүүлэлттэй байх болов.

2010 оныг “Гангийн зах зээл дэх их өсөлт” гэж онцолъё. АНУ-ын засаг захиргаа “Тогтвортой байдлын багц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, эдийн засагтаа хэд хэдэн дорвитой шинэтгэл хийсний дүнд Америк, Европын гангийн эрэлт хэрэгцээ үлэмж өсчээ. Тэр тусмаа 2011 он бол Европын гангийн зах зээл дэх шинэ эргэлтийн үе гэсэн таатай үгс  эдийн засагчдын амнаас унаж байна.   

   
Гангийн үнэ 2012 оноос эхлэн нэмэгдэнэ
Ерөнхийдөө дэлхийн гангийн үнэ бүс нутгуудад ижил өсөлттэй байгаа. Санхүүгийн их хямралын үе шувтарсны дараа буюу 2008 онд нэг тонн гангийн бүтээгдэхүүн 1000 ам.долларын ханш шүргэж  байв. Тэгвэл өдгөө тонн нь 1000 ам.доллар хол даваад байгаа аж.

Ж.Жонсоны таамаглаж буйгаар, гангийн үнэ 2012 оноос эхлэн нэмэгдэх чигтэй байгаа ч хэдхэн жилийн дараа эргээд буурах гэнэ. Энэ нь гангийн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн баланс алдагдаж, түүхий эдийн үнэ буурахтай холбоотой байх аж. Коксжих нүүрс, төмрийн хүдэр, ган гэсэн гурвалсан холбоо бүхий үйлдвэрлэлийн түвшин дэлхийн зах зээл дээр бусад түүхий эдийн үнийг даган хөдөлж байдаг бичигдээгүй хуультай. Хамгийн тод үзэгдэл нь газрын тосны үнийн нөлөөлөл.

2005 оноос хойш  нэг тонн төмрийн хүдрийн үнэ жилдээ 10 хувиар, нүүрсний үнэ жилдээ мөн 31 хувиар өссөөр байв. Энэ өртгийг хөөрөгдсөн зах зээлийн янз бүрийн элементүүд их байсан ч  гол нь гангийн бүтээгдэхүүн болоод түүхий эдийн үнийн хоорондын холбоог нарийвчилж үздэггүй байсан гэж эдийн засагчид тайлбарлаж байна.

Гангийн үйлдвэрүүд яагаад үүдээ бариад байна вэ? Хариулт нь тун энгийн. Ган үйлдвэрлэгчид дэндүү өндөр өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ зах зээлд гаргах гэсээр ашиг гэх “юмаар” тун дулимаг болдог. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнийн өсөлт гангийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш АНУ-д нэг тонн гангийн үнэ 400 ам.доллараар нэмэгджээ. Үүнийг зөвхөн түүхий эдийн үнэ гэхээсээ илүү хаягдал төмрийн үнэ нэмэгдсэн, автомашины үйлдвэрлэл өссөн, улсын төсвийн алдагдал ихтэй гарсан, мөнгөний нийлүүлэлт хэтэрсэн зэрэг олон шалтгаантай холбон тайлбарлаж байгаа.  АНУ-ын гангийн үйлдвэрлэлийн зөвхөн 30 хувь нь коксжих нүүрс, 60-70 хувь нь цахилгаан эрчим хүчинд тулгуурладаг юм. 

Европ тив гангаар “өлсгөлөн”-д нэрвэгдэхэд тун ойрхон байна. Учир нь Герман улсын үйлдвэрлэгчдэд гангийн эрэлт их байгаа юм. Европын холбооны улсын гангийн хэрэглээний өсөлтийг Герман тодорхойлдог. Өнгөрсөн жил тус улс 620 сая тонн ган үйлдвэрлэсэн бол энэ жил 680 сая тонн хүргэх зорилго дэвшүүлжээ.
Энэтхэгийн хувьд гангийн үйлдвэрлэлийн түвшин нь эрэлт хэрэгцээний түвшиндээ дөхөж очжээ. 2015 он хүртэл гангийн бүтээгдэхүүнээ 38-60 сая тонноор нэмэгдүүлэх төлөвтэй гэж “Си Ай Юу интернэшнл” группын  шинжээчид үзэж байгаа юм. БНЭУ-ын Гангийн сайд Бени Прасад Вермагийн “Манай улс 2012 онд 120 сая тонн ган үйлдвэрлэж, дэлхийн гангийн хоёр дахь том үйлдвэрлэгч болно” гэсэн мэдэгдэл  шуугиан тарилаа.

Энэтхэг бол дэлхийн хэмжээнд цэврүүтэй төмрийн хамгийн том олборлогч. Сүүлийн таван жилд Энэтхэгийн гангийн хэрэглээ жилд дунджаар 9,2 хувиар өсч байсан бөгөөд энэхүү өсөлтийг гүйцэхийн тулд гангийн үйлдвэрлэлээ эрчимтэйгээр нэмэгдүүлэх юм.  “Дэлхийн гангийн зах зээл БНХАУ, Энэтхэгийн үйлдвэрлэл, худалдаагүйгээр өнгөрсөн таван жилийн хугацаанд өсөлттэй гарч чадаагүй” гэж Энэтхэгийн Үндэсний эрдэс баялгийн хөгжлийн корпорацийн тэргүүн Рана Сама Сингапур улсад зохиогдсон “Asia Mining Congress”-ын үеэр  бахархалтайгаар мэдэгдлээ. 

Хятадын Өвөр Монгол, Шинжаан зэрэг мужид гангийн хэрэглээний  өсөлт нэмэгдэж буй. Гангийн эрэлт хэрэгцээ ийн нэмэгдсэнээр өнөөдөр “глобал” гэх өргөн ойлголт дор гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм. Манай урд хөрш Хятад бол төмрийн хүдэр, коксжих нүүрсний хамгийн том экспортлогч.

Хятадын гангийн үйлдвэрлэл ирэх  таван жилд /Таван жилийн төлөвлөгөөгөөр/  жилдээ 5-6 хувиар өсөх үзүүлэлттэй гэж “Дэлхийн гангийн нэгдэл” таамагласан. Гэхдээ энэ нь урьд өмнөхөөсөө нэлээд буурсан үзүүлэлт юм.  Ган үйлдвэрлэл жилдээ таван хувь өснө гэдэг нь  Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс ч бага өсөлт. Хятадын гангийн үйлдвэрлэл ойрын жилүүдэд 30-50 сая тонноор нэмэгдэх нь  эргэлзээгүй. Энэ нь  дэлхийн металургийн үйлдвэрлэл хийгээд коксжих нүүрсний эрэлт хэрэгцээг сэдрээх хүчин зүйл болно.
БНХАУ  12 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө  “Гангийн үйлдвэрлэлд тоо ширхгээс илүү чанарт анхаарна" гэж тунхагласан. Ган болоод түүхий эдийн үйлдвэрлэл Хятадын эдийн засгийн  өсөлтийн хувийн жинд шууд нөлөөлнө гэж үзэж байгаа юм. 
Хятад улсад нэг хүнд ногдох гангийн хэрэглээ нь 430 ккал байгаа. Алсдаа 700 ккал болтлоо нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн чиг хандлагыг Хятад улс тодорхойлно гэсэн таамаглал бий. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 2020 он гэхэд 135 сая тонноор нэмэгдэж, 900 сая тонн ган үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй  байгаа. Энэ нь коксжих нүүрсний асар их нөөцтэй Монгол улсад таатай боломж олгоно  гэсэн  үгс уул уурхайн томоохон хурал чуулгууд дээр байнга сонстох болов.  Манай  улс ч гэсэн ойрын нэг хоёр жилээс 30 сая тонн гаруй нүүрс экспортолно гэж зорьж байгаа.  2015 он гэхэд Хятад улсын коксжих нүүрсний хэрэглээний 52 хувийг Монгол улс дангаар хангана гэх  прогноз ч энэхүү зорилттой дүйж байгаа юм. 

Ихэнх ашигт малтмалын ханш  зах зээлийн хуулиар, эсвэл хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ болон бусад олон хүчин зүйлээс хамаарч  хэлбэлздэг. Тэгвэл  төмрийн хүдрийн хувьд үүнээс арай өөр. Уг түүхий эдийг худалдагч, худалдан авагч талууд харилцан тохиролцож, гэрээ хэлэлцээр байгуулан үнэ ханшийг тогтоох тохиолдол элбэг. Хятадын бодлого боловсруулагчид эрчим хүчний хэрэглээгээ бууруулах замаар хүлэмжийн хийн хэмжээг багасгахыг зорьж,  гангийн үйлдвэрүүдээ хаах болсон нь ердөө жил гаруйхны өмнөх явдал. Тус улсын  гангийн зарим үйлдвэр үүдээ барьснаас  төмрийн  хүдрийн эрэлт буурсан тал бий. Зарим талаараа тус улын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн худалдааг хязгаарлах бодлого явуулсан нь  бүтээн байгуулалтад хамгийн өргөн хэрэглэдэг гангийн эрэлтийг  бууруулсан байж ч болох юм. Үүнээс болж  төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг "Рио Тинто" компани төмрийн хүдрийн  эрэлт буурч байгаатай холбогдуулан 2011 оны нэгдүгээр  сарын 1-нээс эхлэн түүхий эдийнхээ үнийг бууруулах шийдвэр гаргаж байсан билээ. Тиймээс ч  төмрийн хүдрийн үнэ олонх эдийн засагчийн санааг зовоож байгаа юм. 

    
Монголд ган хайлуулдаг болох уу?
Коксжих нүүрсний арвин нөөцтэй Монгол улс өөрөө ган үйлдвэрлэдэг болъё гэсэн байр суурь идэвхтэй байгаа. Хэдийгээр энэ нь өндөр технологи, асар их хөрөнгө мөнгө  шаардах  ажил ч зориглон шийдэх ёстой ажлын нэг гэж үздэг эрдэмтэн судлаачид ч цөөнгүй бий. Уг нь манай улс  1970-аад оноос хар төмөрлөг буюу гангийн үйлдвэр барих талаар эрчимтэй ярьж байсан юм. Бүр нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай төмрийн үйлдвэр барих ТЭЗҮ зохиож байсан мэргэжилтнүүд нь ч одоо байж л байна. Харамсалтай нь энэ ажил  тухайн үедээ  МАХН-ын Улс төрийн товчоогоор дэмжигдсэн ч хөрөнгө мөнгөгүйн улмаас бүрэн зогсчээ. Экс Ерөнхий сайд Д.Содном Сайд нарын Зөвлөлийн дарга байхдаа Хар металургийн машины үйлдвэр байгуулах саналыг тавьсан ч оросууд дэмжээгүй гэсэн яриа  бий.  

Түүнээс хойш Монголд гангийн үйлдвэр барих тооцоо судалгаа ер хийгдээгүй байна. Төмөртолгой, Баянголын ордыг түшиглэн ган хайлуулах үйлдвэр байгуулах судалгаа хийгдсэн ч өнөө л дэд бүтцийн хүндрэлтэй шалтгаан хийгээд ЗХУ-ын  дэмжлэг дутагдсанаас ажил хэрэг болж чадаагүй ажээ. Юутай ч Сайншандад Металлургийн цогцолбор барих Засгийн газрын шийдвэр гарсанд талархалтай хандах ёстой. Гэхдээ гангийн үйлдвэр барих дээрээ тулбал Төмөртэй, Баянголын сав газрыг түшиглэх нь  хамгийн зөв гарц гэж зарим эрдэмтэн үздэг.

Дэлхийн жишгийг хараад байхад төмрийн нөөц баялаг ихтэй орон хөгждөг. Дэлхийн эдийн засгийг тэргүүлж байгаа эхний 20 улс бүгдээрээ төмрийн нөөц баялаг ихтэй. Нөгөөтэйгүүр аливаа улсын хөгжлийг тодорхойлдог нэг гол салбар нь металлургийн салбар. Нэг сая тоннын хүчин чадалтай ганц үйлдвэр байгуулахад л  Монгол төмрийн хүдрээ гадагш зөөлгүй бүтээгдэхүүн болгоод  байх боломжтой гэдэг.

Манайд төмрийн 17 орд, 100 орчим илрэл бий гэж тогтоосон байдаг. Эдгээрээс Харангатын төмрийн орд /3.9 сая тонн, Төмөр чулуутын орд /18/, Богдын рашааны төмрийн орд /60/, Төмөртэйн орд /239/ нөөцийн хэмжээгээр тэргүүлэх бөгөөд манай улс төмрийн хүдрийн нөөцөөр дэлхийд 29 дүгээрт жагсдаг юм. Эдгээр  орд газарт зөвхөн  төмөр  биш, метал ган үйлдвэрлэхэд шаардлагатай шохой, чулуу бусад материал маш их байдаг. Тиймээс Монголд металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх түүхий эд нь  хангалттай байгаа юм. 
Манайхан төмрийн хүдрээ их хэмжээгээр зөөж байгаа. Албан бус тооцоогоор хоногт 300 гаруй вагон төмрийн хүдрийг урд хөрш рүү ачиж байгаа. Зөвхөн төмрийн хүдэр зөөгөөд зогсохгүй эрүүл хөрс шороог нь давхар ачиж явж байгаа. УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Төмрийн хүдрийн баяжмалаа өөрсдөө боловсруулан, үлдсэн хэсгийг нь үр хойчдоо үлдээх эсэхийг уг хуулиар шийдвэрлэх байх гэсэн хүлээлт нийгэмд байна.


Г. Идэрхангай (The Mongolian Mining Journal)