Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Saudi Aramco  Хятадад 10 тэрбум долларын өртөгтэй нефть, химийн цогцолбор барина

Ч.Сансар

Saudi Aramco компани ирэх гурван жилийн хугацаанд Хятадад 10 тэрбум ам.долларын үнэтэй газрын тос боловсруулах үйлдвэр болон нефть химийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү  цогцолбор нь өдөрт 300,000 баррель түүхий тос боловсруулах хүчин чадалтай гэж тус  компани мэдээлэв.  Saudi Aramco компани тус байгууламжид өдөрт 201 мянган баррель нефть нийлүүлнэ. Уг төслийг Aramco болон Хятадын хоёр компани хамтран хэрэгжүүлэх юм байна. Барилгын ажил  энэ оны хоёрдугаар хагаст эхлэх ба төслийг 2026 онд дуусгахаар төлөвлөж байна.

“Энэ бол маш чухал төсөл бөгөөд Хятадын өсөж буй түлш, химийн бүтээгдэхүүний эрэлтийг дэмжих зорилготой юм. Мөн уг төсөл нь дэлхийн нефть химийн зах зээлд байр сууриа нэмэгдүүлж буй Хятад улс болон тухайн бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх манай стратегийн томоохон алхам юм” гэж Aramco-гийн Үйлдвэрлэл, борлуулалтын хэлтсийн дарга Мохаммед Аль Кахтани хэлэв.

Өнгөрсөн 12 дугаар сард  Saudi Aramco  Хятадын Sinopec компанитай хамтран Хятадад өдөрт 320,000 баррель хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр, нефтийн химийн цогцолбор барих гэрээ байгуулсан тухай мэдээ гарч байсан.

Aramco   компани  үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд  болох газрын тосоо урт хугацаанд нийлүүлэх гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа  бөгөөд нефть химийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь компанийн хувьд нэн тэргүүний зорилт аж.

Авто машины түлшний эрэлт хэрэгцээ буурна гэсэн таамаглал  байгаа учир нефтийн химийн бүтээгдэхүүнд гол анхаарлаа хандуулах нь урт хугацаанд үр дүнгээ өгнө гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) болон бусад шинжээчид үзэж байна.

2030 он гэхэд нефть химийн бүтээгдэхүүн газрын тосны эрэлтийн гуравны нэгээс илүү хувийг эзэлж, цахилгаан автомашин руу шилжиж эхэлбэл 2050 он гэхэд эрэлтийн 50%-д  хүрнэ гэж ОУЭА тооцоолсон.

Хятад бол нефть, химийн шинэ төслүүдийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой газар. Тус улс дэлхийн түүхий нефтийн хамгийн том импортлогч бөгөөд  гол хэрэглэгч гурван улсын нэг юм.