Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станц  нэмж барихаар төлөвлөж байна

Ч.Сансар

Хятад улс 2022 онд 40 гигаватт (ГВт) эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц барьсан бол энэ онд хүчин чадлаа 70 ГВт-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Хятадын Эрчим хүчний зөвлөлөөс гаргасан тайланд дурдсан байна.
 
Bloomberg-ийн иш татсан тайланд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтөд нүүрснээс гаргасан эрчим хүч дийлэнх хувийг эзэлдэггүй аж. 

Энэ жил нар, салхины хүчин чадал асар их нэмэгдэх төлөвтэй байна. Нарны эрчим хүч 100 ГВт, салхины эрчим хүч 65 ГВт-аар нэмэгдэнэ гэж Хятадын Эрчим хүчний зөвлөлөөс мэдэгдэв.

Хятадын сэргээгдэх эрчим хүчний системийн хүчин чадал энэ жил анх удаа 50%-иас дээш өсөх төлөвтэй байна. Эрчим хүчний салбарын лобби бүлгийн мэдээлснээр 2023 оны эцэс гэхэд нүүрстөрөгч бага ялгаруулах эрчим хүчний эх үүсвэр Хятад улсын нийт эрчим хүчний системийн 52% гаруй эзэлнэ. Энэ нь өнгөрсөн оны эцэст 49.6%-тай  харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

 “Тэг Ковид” бодлого дууссаны дараа Хятадын эрчим хүчний хэрэгцээ 2023 онд 6%-иар өсөх төлөвтэй байна. Хятадын Эрчим хүчний зөвлөлийн мэдээлснээр энэ нь өнгөрсөн онд ажиглагдсан 3.6%-тай  харьцуулахад өссөн үзүүлэлт болох юм байна.

Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өсөх хандлагатай байгаа ч эрчим хүчний хомсдолын улмаас Хятадын үйлдвэрүүд уналтад орсон 2021 оны намраас хойш Бээжин эрчим хүчний аюулгүй байдалд илүү их анхаарал хандуулж байгаа тул Хятадад нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын хүчин чадал мөн нэмэгдэх болно.

2022 онд Хятад улс утааг бууруулах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж амласан ч эрчим хүчнийхээ аюулгүй байдлыг хангах үүднээс ирэх жилүүдэд нүүрсний хэрэглээгээ дээд зэргээр нэмэгдүүлэх болно гэж мэдэгджээ.

Сүүлийн саруудад Хятадын Засгийн газрын даалгаврын дагуу нүүрсний олборлолт эрс нэмэгдсэн.

Хятад улсад нүүрсний олборлолт  өнгөрсөн онд дээд хэмжээнд хүрсэн ч Ковидийн халдварын улмаас эрчим хүчний үйлдвэрлэл буурсан юм. 2022 онд Хятадын нүүрсний нийт олборлолтын хэмжээ 4.49 тэрбум тоннд хүрсэн нь 2021 онтой харьцуулахад 9%-иар өссөн байна.