Хийх зүйл их байна, 120 насална” хэмээн профессор Содномын Цэдэндорж гуайн хэлсэн үг санаанд буув. Энэ бол мөрөөдлөөр жигүүрлэсэн, хийж бүтээх хүсэл тэмүүлэлээр дүүрэн хүний үг юм. Академич П.Очирбат түүнийг нэгэнтээ “Их бүтээлч хүн” хэмээн тодорхойлсон нь бий. The Mongolian Mining Journal сэтгүүлийн “Зууны алдартан” булангийн энэ удаагийн хөргийн эзнээр эрдэмтэн С.Цэдэндорж гуайг нэрлэж, нийтлэлээ тэрлэж байна. Энэ жил Монгол Улсын гавьяат багш хэмээх төр, засгийн хүндтэй цол, тэмдэг хүртсэн түүний тухай ихийг өгүүлж болно. Гэхдээ энэ удаад Монголын уул уурхайн дээд боловсролын системд оруулсан хувь нэмэр, утга зохиол-яруу найргийн хэд хэдэн ном бүтээл тууривсан тухайг нь тодотгон өгүүлэхийг зорилоо.
Профессор С.Цэдэндорж Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул. “Ононгийнхоо эрэг, ирмэг тансаг сайхан нутагтаа хүн болж өссөн. Аав ээж, уг гарвал, нутаг усны сайхан хүмүүсээрээ бахархдаг” хэмээн тэрээр “Онон минь” номондоо даруухнаар бичжээ. Тэгвэл энэ жил өлгийдөж авсан “Өөрийнхөөрөө” хэмээх яруу найргийн номдоо “Өөдрөг бодол санаагаар өөрийгөө хөглөж, баяр жаргалтай байх, хүмүүний болоод байгалийн сайхныг олж харж сэтгэлийн таашаал хүртэхийг хичээдэг” гэжээ. Эндээс Содномын Цэдэндорж гуайн хүмүүний мөн чанар тодрон харагдах биз ээ.
Тэрээр 1975 онд тухайн үеийн ЗХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг ашиглалтын технологийн мэргэжлээр төгсөж ирээд МУИС-ийн Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн тэнхимд багш болсноос хойш 47 жил тасралтгүй ажиллаж байна. Үүний 24 жилд нь Уул уурхайн технологийн тэргүүлэх профессороор ажиллажээ.
1960-аад оноос төрийн эдийн засгийн бодлогод уул уурхайн олборлох, боловсруулах салбарыг илүү хурдацтай хөгжүүлэх зорилт тавьжээ. Энэ нь улс орны хөгжлийн бодит шаардлага, мэргэжлийн боловсон хүчний боломж чадавхийг бий болгохтой нягт уялдсан зорилт байв. Тийм ч учраас 1960-аад оноос ЗХУ, Дорнод Европын зарим улс орны Уул уурхайн дээд сургуулиудад олон залуусыг илгээн суралцуулах болжээ. 1970-аад онд “Монголросцветмет” нэгдлийн харъяанд олон үйлдвэрүүд байгуулагдан ашиглалтад орж, Налайх, Шарын голын уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллан, “Эрдэнэт”, “Багануур”, Бор-Өндөрийн уул уурхайн цогцолборын суурь тавигдаж байлаа.
Гэсэн хэдий ч урьд өмнө гадаадад угтуулан бэлтгэсэн боловсон хүчний нөөц хүрэлцэхгүй болсон учраас дотооддоо уул уурхайн мэргэжилтнийг бэлтгэх шаардлага үүссэн юм. Ингээд 1971 онд МУИС-ийн харъяа Политехникийн дээд сургуулийн Геологи, уул уурхайн факультетэд уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр анхны элсэлтээ авч, дараа жил нь Уул уурхайн тэнхимийг байгуулсан байна. Эдүгээ ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн “тулгын чулуу” бол яах аргагүй Уул уурхайн тэнхим. Тэнхимийн анхны эрхлэгчээр нь Шинжлэх ухааны доктор, дэд профессор Б.Ишмэнд (1966 он), дараа нь доктор Ц.Эрдэнэжав, 1990 оноос профессор С.Цэдэндорж ажиллаж ирсэн юм.
“1990-ээд оны үед Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орж, улс орны эдийн засаг хүнд хэцүү байдалд орсон тэр үед профессор С.Цэдэндорж тэнхимийн эрхлэгчийн ажлыг хүлээж авч байжээ. Тэр үеийг эргэн санавал, арав хүрэхгүй багштай тэнхимийн залуу багш нарын 5 нь гадаадад аспирантурт сурч байв. Энэ үед Б.Пүрэвтогтох Ленинградад, Л.Пүрэв Польшид сурч байв. С.Цэдэндорж багш маань тухайн үед тэнхимийн нүсэр ажлыг нуруундаа үүрч хүнд үеийг даван туулсан. Тэр үед мөн ч хэцүү байсан шүү гэж С.Цэдэндорж багш олонтаа ярьж байхыг бид сонсож байлаа. Олон багш гадаадад аспирантурт явчихсан. Оюутнууд наймаа хийж гадаад дотоод их явдаг. Элсэлт цөөрсөн, цөөн хэдхэн оюутантай. Багш нарын цалин цагтаа буухгүй, хөрөнгө мөнгөний хүрэлцээ муу гэх мэт зовлон тоочвол олон бэрхшээл байжээ.
Тэр үед энэ бүх бэрхшээлийг С.Цэдэндорж багштай хамт даван туулж, сургуулийг өдий зэрэгтэй авч явж байгаа ахмад багш нар бол Б.Лайхансүрэн, Ж.Цэвэгмид, А.Хайдав, А.Дамдинсүрэн нар” хэмээн ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн захирал асан, профессор Л.Пүрэв дурсчээ.
Уул уурхайн хүрээлэнгийн захирал асан, Монгол Улсын зөвлөх инженер Х.Жаргалсайхан “Бидэнд ил уурхайн мэргэжлийн бүх хичээлийг С.Цэдэндорж багш маань заадаг байсан. Зарим өдөр өдөржингөө хамт байдаг тул оюутнуудтай илэн далангүй байхаас гадна дандаа сургамжийн үг хайрлаж байсан нь одоо хэр бодогддог” хэмээн өгүүлжээ. Доктор Ч.Дүүжий “Бидний мэргэжлийн хичээл бүр 2-р курсээс эхлэн бүгд орос хэл дээр ордог байсан бөгөөд Цэдээ багш орос хэлийг эзэмшсэн хүн тул эх хэлээрээ ярьж, бичиж байгаа мэт байдаг байв. Энэ чадал эрдэм нь бидэнд их нөлөөлсөн билээ” хэмээн дурссан байна.
“Уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, гадаадад бэлтгэж байсан мэргэжлүүдээр дотооддоо сургалт шинээр нээн явуулах ажлыг санаачлагчдын нэг бол С.Цэдэндорж багш юм. “Монголын уул уурхайн инженерийн боловсролыг үндэслэгчдийн нэг бол С.Цэдэндорж” хэмээн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат тодорхойлсоныг дурдахад таатай байна.
1975 оноос С.Цэдэндорж багш уул уурхайн инженер бэлтгэх хөтөлбөрт “Ил уурхайн процесс”, “Ил уурхайн ашиглалтын технологи”, “Ил уурхайн төсөл”, “Уулын ажлын оновчлол” зэрэг хичээлийн агуулга, арга зүйг боловсруулж, оюутнуудад заах ажлыг Монгол Улсад анхлан эхлүүлжээ. Монголын үндэсний уул уурхайн инженерүүдийн мэргэжлийн анхны багш хэмээн түүнийг шавь нар нь хүндэтгэдэг билээ. “Анхны шавь нарынхаа сургуулиа төгсөөд дипломаа гардаж авч байсан 1976 оны зургаадугаар сарын 1-ний өдрийг тодхон санадаг. Намар намрын ажилд оюутнууд маань оролцож, цаг наргүй хөдөлмөрлөн уул овоо шиг ургац хурааж байсан үе. Хөвөнтэй куртиктэй, бакаал гуталтай хөвгүүд маань дотно дулаахан дурсамж болон үлджээ” хэмээн С.Цэдэндорж багш дурсчээ.
С.Цэдэндорж багшийн хувьд 1993 онд Уул уурхайн сургуульд “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”, 1998 онд “Уул уурхайн менежмент” мэргэжлээр сургалт эхлүүлж, 1996 онд Эрдэнэтийн технологийн сургуульд “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр шинээр сургалт явуулах ажлыг санаачлан зохион байгуулсан юм. “Уул уурхайн менежмент” мэргэжлийн сургалт өдгөө “Уул уурхайн менежмент, тогтвортой хөгжлийн профессорын баг” болж өргөжөөд буй. Эрдэнэтийн технологийн сургуулийг үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулж, сургалт арга зүйн болон сургалтын технологи, боловсруулахыг ажлыг мөн л С.Цэдэндорж багш зохион байгуулсан юм.
Уул уурхайн үндсэн мэргэжлүүдийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн стандартууд ч мөн түүний нэрээр хаяглагдана. Тэрээр уул уурхайн инженерийн сургуулийн сургалтын баазыг бэхжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн санаачлагч мөн. Хүмүүн капиталын үнэ цэнэ өндөржиж буй өнөөгийн нөхцөлд уул уурхайн тэргүүлэх “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур”, “Монголын алт” компанийн дэмжлэгтэйгээр Баяжуулалтын нэгдсэн лаборатори, уул уурхайн төсөл судалгааны лаборатори, хичээлийн танхим, кабинетуудыг шинээр байгуулжээ.
Профессор С.Цэдэндорж “Нүүрсний ил уурхайн уулын ажлын төлөвлөлт, горимын болон параметрийн оновчлол” сэдвээр Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд түүний эрдэм судлалын ажлыг “Ил уурхайн уулын ажлын горимын судалгаа”, “Ил уурхайн үйлдвэрлэлийн процессын загварчлал ба уулын ажлын оновчлол”, “Ил уурхайн ашиглалтын системийн судалгаа”, “Ашигт малтмалын кондиц, нөөц, ордын үнэлгээ” гэсэн дөрвөн үндсэн чиглэлд авч үзэж болно.
С.Цэдэндоржийн удирдсан баг хамт олон ШУТИС-ийн ТОП профессорын баг шалгаруулах рейтинг тогтоох шалгаруулалтаар ШУТИС-ийн эхний 10 ТОП профессорын багаар байнга тодорч байсан нь С.Цэдэндоржийн ажлын баялаг туршлага, хамт олны бүтээлч хөдөлмөрийн үр дүн юм. Тэрээр аж ахуйн гэрээт ажил, эрдэм шинжилгээний олон сэдэвт төсөл, судалгааны 50 шахам ажил хийж, тайлан бичиж хамгаалсан байна. Сургалтын арга зүйн материал, гарын авлага, сурах бичиг, ном, гарын авлага, товхимол зэрэг 62 бүтээл туурвиж, орчуулсан, редакторлосон 18, эрдэм шинжилгээ, судалгааны 129 өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Мөн эрдэм шинжилгээний 80 илтгэл (гадаадад 3, дотоодод 77), эрдэм шинжилгээ, судалгааны тайлан төсөл 100-г хэвлүүлсэн байна.
Профессор С.Цэдэндоржийн дорвитой том бүтээлүүдийн тоонд уул уурхайн инженерийн сургуулийн эрдэмтдийн хамтын бүтээл “Инженерийн лавлахын 5,6,7,8” дугаар ботиудыг боловсруулах, редакторлоход оруулсан түүний хувь нэмэр зүй ёсоор орно. Уул уурхайн Монгол-Орос-Англи-Герман толь бичгийг С.Цэдэндорж багш Д.Пүрэвсүрэн, Я.Дашдондог нарын хамт зохиосон бөгөөд салбарын эрдэмтэн судлаачид, оюутан залуусын ширээний гол номуудын нэг болжээ. Монгол цагаан толгойн үсгийн дарааллаар толгойлсон энэхүү толь бичигт ашигт малтмалын ордын хайгуул, олборлолт, боловсруулалт болон бусад мэргэжлийн салбарт хамаарах 3500 гаруй хэвшмэл үг хэллэгийн агуулгыг цагаан толгойн үсгийн дарааллаар хийж, уг толийг хэрэглэх зааврыг өгсөн нь ихээхэн ач холбогдолтой юм.
С.Цэдэндорж багшийн шавь нараас олон хүн Монгол Улсын гавьяат цолтон, УИХ-ын гишүүн, төрийн сайд, үйлдвэр, компанийн захирал, ерөнхий инженер, бизнесмэн төрөн гарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Шавь нараас нь 20 гаруй хүн Техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Түүний эрдмээс суралцсан 2000 гаруй шавь өдгөө салбартаа ажиллаж, амьдарч байна.
С.Цэдэндоржийн яруу найраг
Уул уурхайн салбарын томоохон эрдэмтэнээс гадна тэрээр шүлэг, найргийн ертөнцөд өөрийн бүтээлээ туурвиж яваа билээ. Шүлгийн “Онон минь” /2014 он/, “Гүйлгэн унших шүлэг” /2016 он/, “Бодлын цуваа” /2018 он/, “Эргэцүүлэл”/2019/, “Он цаг хөвөрсөөр” /2020 он/, “Өөрийнхөөрөө” /2022” зэрэг 8 эмхэтгэл, өгүүллэгийн “Онон хавийн хүүрнэл” /2018 он/ зэрэг 3 ном түүний оюуны ундаргаас гарчээ.
А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, С.А.Есенин, А.А.Ахматова гээд Оросын суут яруу найрагчдын олон бүтээлийг С.Цэдэндорж багш эх хэлнээ утга яруу хөрвүүлж, басхүү өөрөө орос хэл дээр бичсэн шүлгүүд нь багагүй орон зайг эзлэнэ. “Би бичсэн номоо сүүлийн үед голдуу найз нөхөд, шавь нартаа бэлэглэх байдлаар гаргаж байна” хэмээн тэрээр ярилаа.
2014 онд Хэнтий аймгийн Дадал суманд зохиогдсон “Алтаргана” найргийн уралдаанд тэрээр оролцон мөнгөн медаль хүртсэн удаатай. Энэ жилийн зургаадугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Биндэр суманд болсон “Тогорууны баяр”-т шүлгээ сойж, тэргүүн байрыг авчээ. 2022 оны хувьд ч түүнд уран бүтээлийн олз омог арвин байж “Өөрийнхөөрөө” номоо өлгийдөж авчээ.
Тэрээр Уул уурхайн их сургуулийн профессоруудад зориулан таталбарууд бичсэн нь бий. Тэдний нэг профессор Д.Дондовт зориулсан “Хэн бэ би?” шүлгээс сонирхуулъя.
Төө соруултай хаш гаанс зуудаг
Төгс хийцтэй чүнчигноров хөөрөг үнэрлэдэг
Алт шармал мөнгөн баавартай эмээл тохдог
Арвай хээрийн ажнай хүлэг унадаг
Ар халхын төв
Алдарт Сантын хүү билээ
Инженер цолтой, дарга хэргэмтэй
Идэр сэргэлэн цагаа өнгөрөөлөө
Ухаан жагсаж бодол төвлөрөх цагтаа
Учиг зангидсан эрдмийн багш боллоо
Их эрдмийн төв
Инженерийн сургуулийн профессор юмаа би
Төрөөс Гавьяатын алдар хүртлээ
Төрөлх сургуулийнхаа хүндэт профессор боллоо
Төрсөн биеэрээ докторын зэрэг хамгааллаа
Төгсгөсөн шавь нараасаа багшийн өргөмж хүртлээ
Хүний хүслийн төв
Хүндэтгэл хайрын хүлээсэнд явнаа би. n
С.Цэдэндорж