Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Мэдээ

Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм. Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо. “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ. 

Уг бүтээл геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, нээлт, хаалтын менежмент, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг харилцан уялдаатай өргөн хүрээтэй асуудлуудыг цогцоор нь судлан, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрлэл, эрдэм судлал, сургалтын олон талт үйл ажиллагаанд онол практикийн үнэтэй эх сурвалж болж чаджээ. Мөн орчин үеийн геологи, уул уурхайн салбарын хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэл, онол практикийн ач холбогдолтой бүтээл юм. 

Бүтээлийн Ерөнхий эрхлэгч Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбат, ерөнхий редактор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, тэргүүлэх профессор Лхамсүрэнгийн Пүрэв, хамтран зохиогч Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор Содномын Цэдэндорж, Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор, доктор Жамъянхорлоогийн Цэвэгмид нар Төрийн шагнал хүртлээ. 

Мөн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч асан Н.Алгаа, “Байдраг консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсанбалжирын Шар, “Монгеофизик” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, геофизикч Буджавын Дэндэвчулуун, “Өсөх зоос” ХХК-ийн ерөнхий захирал Чойжамцын Чинбат, Гавьяат уурхайчин цолыг “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл, Алтан гадас одонг “Тавантолгой түлш” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Зүүн бүсийн үйлдвэр хариуцсан захирал Батсайханы Жигжид нарт олгожээ.


Ж.Мөнхцэцэг