Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Мэдээ мэдээлэл

Өмнөговь аймгийн Ханбогд сумыг орчин үеийн хот болгон хөгжүүлнэ

-Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ-


Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус суманд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв. 

Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар, “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр боловсруулсан энэхүү төлөвлөгөөний дагуу тус сумыг 2040 он гэхэд “Ухаалаг загвар сум” болгон хөгжүүлэхээр зорьж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон.
 
Ханбогд сумыг говийн бүсийн тогтвортой, хүртээмжтэй, цогц, ухаалаг загвар сум болгон хөгжүүлж, технологи, дэд бүтэцтэй, амьдрах орчин сайтай, нөөц талбайн шийдэлтэй, ажилтай, орлоготой иргэдтэй, аялал жуулчлал хөгжсөн, ухаалаг засаглалтай болгох төлөвлөлтийн үндсэн шийдлүүдийг төлөвлөжээ.

Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд эхний ээлжид “Оюу Толгой” компаниас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, "Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Өмнөговь аймгийн төсвийн орлогын тал хувийг бүрдүүлдэг Ханбогд сум одоо хоёр мянга гаруй өрхийн 8660 суурин хүн амтай. Галбын говийн улаан 33 мянган тэмээтэй. Уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хөдөлгөөнт хүн амтай томоохон суурин юм. Харин 2040 он гэхэд 6312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцооллыг гаргажээ.

Иймд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь, дунд хугацаа буюу 2030 онд 25 хувь, 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай "Ухаалаг загвар сум" болгохоор төлөвлөөд байна.

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлэх аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд оролцож үг хэллээ.

Тэрбээр,
 
Эрхэм Монгол ахан дүүс ээ,
Эдүгээ цагт Монгол Улсын эдийн засгийн ачааны тэн хагасыг үүрч буй Өмнийн их говийн иргэд ээ, хүндэт ханбогдчууд аа,
Энд хуран цуглаж түүхэн мөчийн гэрч болж буй хүндэт зочид, төлөөлөгчид өө
 
Миний бие 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр буюу одоогоос яг гурван сарын өмнө Оюу Толгой төслийн Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, Оюу Толгойн гүний уурхайн эхний тэсэлгээг хийх түүхэн мөчид хөрөнгө оруулагчдын хамт Ханбогд суманд ирж байсан.
 
Өнөөдөр ч мөн  “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг ханган хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ханбогд сумыг орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр дахин ирж байгаадаа баяртай байна.
 
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг Улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ.  
 
Энэ ажлыг эхлүүлж Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрт гарын үсэг зураг зуран баталгаажуулах түүхэн мөчийн гэрч болохоор Та бид өнөөдөр хуран цуглаад байна.
 
Цаашид Монгол Улсын Засгийн газраас Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд өөрийн эдийн засгийг бие даан бүрдүүлж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй аймаг орон нутгийг бодлогоор онцгойлон дэмжиж ажиллах болно.
 
Ханбогд сумыг жишиг хот болгон хөгжүүлэх өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Өмнийн их говьд шинэ хот сүндэрлүүлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын зөвхөн эхлэл юм аа.  
 
Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Тиймээс бид улсын нийслэлтэйгээ дүйцэхүйц шинэ хотуудыг эдийн засгийн бүс нутгууддаа, шинээр байгуулагдах боомтуудыг түшиглэн байгуулах болно.
 
Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймагт дэд бүтцийн болон хот байгуулалтын хөрөнгө оруулалтуудыг үргэлжүүлэн хийхээс гадна эрхзүйн хувьд бие даан хөгжих, санхүүгийн хувьд бие даасан шийдвэр гаргах бодит боломжийг бүрдүүлэх болно.
 
Ханбогд сумыг зөвхөн уул уурхайгаас гадна галбын говийг түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж, бурхны шашны өвөрмөц дурсгалууд, үлэг гүрвэлийн хосгүй олдворууд, Улаан номонд орсон нэн ховор ан амьтад, мөн 33 мянга гаруй тэмээн сүргээрээ ялгарч экологийн тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтын цөм хэсэгт багтсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
 
“Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого Монгол Улсын өнцөг булан бүрт эрчимжин хэрэгжиж байна.
 
Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр Ханбогдын иргэд төдийгүй Оюу толгой болон Тавантолгой төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэх юм.
 
Та бид хамтдаа цар тахлын мөн дайны үеийн амаргүй цаг хугацааг туулж байна. Дэлхий даяар сорилттой энэ цаг үед Эрдэнэт, Оюу Толгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон ордуудаа түшиглэсэн аж ахуйн нэгжүүд тэр дундаа уурхайчин та бүхэн эх орондоо түүхэн хувь оруулсаар байгаад Монгол улсын нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
 
Хүнд цаг үе хүчирхэг хүмүүсийг төрүүлж, хүнд сорилт шинэ боломжийг авчирдаг гэдэг.
 
“Шинэ сэргэлтийн бодлого”-оо бүх нийтээрээ хэрэгжүүлж, дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх Оюу Толгойн төслийн Гүний уурхай  ашиглалтад оруулах өдөр буюу нэг жилийн дараа дахин уулзахын ерөөл дэвшүүлье.
 
Монгол Улс Мандан бадрах болтугай гэлээ.

Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХГазар

Comment (1)

  • DR ADITYA (197.211.63.68)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 20 | Reply