Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байна


Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бусад улсын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалтуудыг хийв.

Тухайлбал, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтонтой уулзах үеэр 2023 онд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцож, холбогдох бэлтгэлийг ойрын хугацаанд эхлүүлэхээр ярилцав.

Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар тус улсын Гадаад хэргийн сайд, ханхүү Файсал бин Фархан Аль Саудтай санал солилцов.

Финланд Улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой олон улсын нөхцөл байдлын асуудлаар үзэл бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх цаашдын алхмуудыг хэлэлцэв.

Сайд Б.Батцэцэг түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзах үеэр олон талт худалдааны тогтолцоог өөрчлөн шинэчлэхийг дэмжиж буйг нотолж, ирэх зургадугаар сарын 12-15-ны өдрүүдэд болох тус байгууллагын Сайд нарын 12 дугаар Бага хурлыг зохион байгуулахад амжилт хүсэв.

Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн Ерөнхийлөгч Акихико Танака-тай тус улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн JICA-ийн төслүүд, тэр дундаа Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт дээр үргэлжлүүлэн хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Цар тахлын улмаас 2021, 2022 онд удаа дараа хойшлогдсон Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт тавдугаар сарын 22–26-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж байна.

 

Эх сурвалж: ГХЯ