Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Туркойз Хилл: Санхүүжилтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулав

Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд Туркойз Хилл хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.

Түүнчлэн Рио Тинто компани Туркойз Хилл Ресурс-т ойрын хугацаанд, тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд 400 сая ам.доллар хүртэлх дүн бүхий богино хугацааны зээл олгохоор болсон байна. Энэхүү зээлийг авснаар тус компанийн шаардлагатай бэлэн мөнгөний нөөц нэмэгдэх бөгөөд хувьцааны арилжааны товыг хойшлуулах боломж бүрдэх юм. Уг зээлийг хувьцааны арилжаагаар олсон санхүүжилтээр эргүүлэн төлөх ажээ.

"Рио Тинто" компани нь Туркойз Хилл Ресурс-ын бүхий л хувьцааг эзэмших саналыг гуравдугаар сард танилцуулсан. Уг саналыг "Туркойз Хилл Ресурс"-ын тусгай хороо үнэлэх ажил одоогоор явагдаж байна. “Рио Тинто”-ийн хувьцаа эзэмших саналд “Туркойз Хилл”-ийг нэмэлт хувьцааны арилжаа хийхгүй байх нөхцөл багтсан. Тиймээс санхүүжилтийн төлөвлөгөөнд ийн өөрчлөлт оруулж байгаа ажээ. Одоогийн байдлаар “Рио Тинто”-д “Оюутолгой”-н 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс”-ын 51 орчим хувь бий. “Рио Тинто” компани “Туркойз Хилл”-ийн 49%-ийг нэгж хувьцаа бүрийг 34 канад доллараар авах саналыг гуравдугаар сард дэвшүүлсэн ч жижиг хувьцаа эзэмшигчид үнийн дүнг хэтэрхий чамлалттай гэж тайлбарласан. Тиймээс “Рио Тинто”-ийн саналд тусгай хорооны үнэлгээний дараа нааштай хариу өгөх эсэх нь эргэлзээтэй байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд “Туркойз Хилл”-ийн хувьцааны үнэлгээ Торонтогийн хөрөнгийн бирж дээр нэлээд өсч 34-38 канад долларын ханштайгаар худалдаалагдаж байна.

Эх сурвалж: investing.com