Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

ОХУ-д тавьсан хориг металын зах зээлд “халалт” үүсгэж эхлэв

ОХУ-аас Украины зүүн бус нутагт өөрийгөө зарлан тунхаглагч Донецк, Луганск хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа АНУ болон Европын холбооноос эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авч байгааг зарлалаа. Путин, Байден нарын яригдаж байсан уулзалт болохгүйг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мөн мэдэгдлээ. Гэхдээ одоогоор зарлаад буй ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ нь эрчим хүч буюу газрын тосны экспортод ямар нэг байдлаар нөлөөлөхөөргүй байна. Нөгөөтэйгүүр ОХУ-ыг олон улсын төлбөр тооцооны  SWIFT сүлжээнд нэвтрэх эрхгүй болгох асуудал яригдсангүй.

Харин Германы Канцлер 11 тэрбум гаруй ам.долларын өртгөөр бүтсэн Хойд урсгал-2 байгалийн хий дамжуулах хоолойн төслийг зогсоох болсноо өчигдөр зарлалаа. Уг төслийн хувьд одоо бүтээн байгуулалт дууссан бөгөөд зөвхөн ашиглалтад хүлээж авах шатны ажил үлдээд байсан юм. Хийн хоолойн төслийн хүрээнд ОХУ-аас Герман руу нийлүүлэх хийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой байсан. Уг төслийг зогсоосноор Германы эдийн засагт томоохон хохирол учирна гэж зарим шинжээч тайлбарлаж байна. Хамгийн тодорхой зүйл нь Европын эрчим хүчний хямралыг зөөллөх байсан боломж хаагдаж байна.

Европын улс орнуудын метал үйлдвэрлэгч нар эрчим хүчний хямралыг шийдвэрлэхгүй бол гарцаа цаашид бууруулахаас өөр аргагүй болсныг мэдэгдсээр байгаа юм. ОХУ, Украины хооронд үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн металын ханш аль хэдийнэ огцом өсч эхэллээ. Хөнгөн цагааны хомсдол нүүрлэх болгоомжлол нэмэгдэж ханш өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр тонн тутамдаа 3420 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээг шинэчлэн тогтоосон явдал болж байна. Мөн никелийн ханш тонн тутамдаа ганцхан өдрийн дотор 780 ам.доллар буюу 3.1%-иар өсч 25650 ам.долларт буюу сүүлийн арван жилийн дээд цэгт хүрчээ. Чухамдаа хоёр улсын хурцадмал байдлын улмаас металын нийлүүлэлтэд асуудал үүсч болзошгүй гэсэн санаа зовнил зах зээлд газар авах боллоо. Зэсийн хувьд ч ялгаагүй өчигдөр Лондоны металын бирж дээр 10020 ам.доллар/тонн-д хүрч, цаашид өсөх хандлагатай байна. Брэнт газрын тосны ханш 97 ам.доллар/баррельд хүрээд байгаа юм.

ОХУ-ын хувьд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн зах зээлд 10%-ийг бүрдүүлдэг томоохон тоглогч бөгөөд үүнийг орлох өөр нийлүүлэгч байхгүй болохыг Фитч агентлаг тайлбарлажээ.

Хэрэв ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ одоогийн түвшнээс хэтрэхгүй, мөн Украиныг Оросын тал эзлэхгүй аваас газрын тосны зах зээлд ханш төдийлөн нэмж өсөхгүй болов уу гэж тус агентлаг үзэж байна. Хэрэв нөхцөл байдал улам хурцдах аваас Брэнт газрын тосны ханш 100 ам.доллар/баррель давж, энэ нь эрчим хүчний ноцтой хямрал дагуулахыг сануулж байна.

 

Б. Төгс