Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

УИХ-ын гишүүд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ


 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 73.6% нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна. УИХ-ын 2021 оны намрын хаалтын чуулган энэ сарын 18-ны өдөр болж, олон асуудал хэлэлцсэнээс Уул уурхайн бүтээгдэхүүний хуулийн биржийн тухай хуулийн төсөл болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олонхийн анхаарлыг татсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны А/93 дугаар тушаалаар УУХҮЯ, Сангийн яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, ажлын хэсэг тус хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулсан ба анхдагч хуулийн төсөл 7 бүлэгтэй.

Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтохын зэрэгцээ, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдаж, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх олон талын ач холбогдолтой юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хурлаар уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Эрдэс түүхий эдийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тээвэр логистик, боловсруулах асуудлыг нь онцгой анхаарах, уул уурхайн  үйл ажиллагааг орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан байдлаар хуулинд тусгах, биржийг байгуулахад гарах эрсдэлээ судлах хэрэгтэй”-г тодотгосон.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үзэл санааг өөрчлөхгүй байх, чөлөөт өрсөлдөөнийг нэмж хувийн хэвшлийнхний оролцоог хангаж ажиллах” зэрэг саналыг хэлж, хуулийн төслийг санаачлагчаас асуулт асууж хариулт авсан.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтсон.

УИХ-ын 2021 оны намрын хаалтын чуулган энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль маш чухал. Үе үеийн Засгийн газрын шийдэж чадаагүй асуудлыг оруулж ирж байгаад талархаж байна. Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд ямар үнээр нүүрс, зэсээ борлуулж байсан гэдэг ойлголт, мэдээлэл байдаггүй. Дээр нь борлуулалтаа хийж чаддаггүй. Заавал төмөр зам тавьж, нүүрс, зэсээ ухаж байж зардаг үе өөрчлөгдсөн. Хөрсөн доорх баялгийг ухаж гаргаж ирээд зардаг ойлголт өөрчлөгдчихсөн. Үүнийг биржээр дамжуулж явуулна, хоёрдугаарт, авлига хээл хахуулийн асуудлыг өөрчилье гэх юм бол биржийн хуулийг батлах хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нэгдүгээрт, энэ хуулийг дэмжээд баталчихвал Монгол Улсад хэрэгтэй хууль. 2014 оноос хойш энэ хуулийг батлуулахгүй 8 жил саад тавьсан. Эрхэм гишүүд минь энэ хуулийн төсөлд анхаарал тавиад дэмжээд яваарай, нарийн асуудлыг хэлэлцүүлгийн явцад суулгаад явна биз дээ” гэж захисан.

УИХ-ын гишүүн С.Чинзориг “Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Олон жил уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хэн, хаана, яаж тохироод байгаа асуудал эргэлзээтэй байсаар ирсэн. Тийм учраас зарчмын хувьд дэмжиж байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: УУХҮЯ