Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Индонез нүүрсний экспортын хоригоо эргэн харж магадгүй


Дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонез улс энэ оны нэгдүгээр сарыг дуустал нүүрсний экспортод хориг тавих тухай (2021.12.31) зарласан билээ. Энэ нь дотоодын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийг баталгаажуулах зорилготой байв.

Уг шийдвэрийг дотоодын олборлогчид нэлээд шүүмжлэлтэй хүлээж авсан. Учир нь тус улсын хилийн чанад дахь худалдан авагчдын дунд найдвартай нийлүүлэгч гэсэн нэр хүндийг нь унагасан үйлдэл болно гэж анхааруулжээ. Тэгвэл уг шийдвэрийг эргэн хянах уулзалт өнөөдөр (2022.01.06) болох юм байна. Зах зээлийн тоглогчид уг уулзалтын үр дүнг анхааралтай ажиглаж сууна. Хориг заавал нэг сар үргэлжлэхгүй байж мэдэх тухай таамгийг хэд хэдэн шинжээч өгч байна.

Уг хоригийн шийдвэрийн хянан хэлэлцэх уулзалтыг нэгдүгээр сарын 5-нд зохион байгуулах тухай өмнө нь тус улсын салбарын яам мэдэгдэж байсан нь нэг өдрөөр хойшлоод байгаа юм.

Тус улсын Эрчим хүч, эрдэс баялгийн яамнаас гаргасан мэдэгдэлд цахилгааны өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг бүрдүүлж байна гэж өгүүлжээ. Нүүрсний экспортод түр хугацааны хориг тавьснаар нийтдээ 10.9 ГВт бүхий станцуудыг зогсохоос нь сэргийлсэн алхам болно гэж яам тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл цар тахлын дараах сэргэлтийн нөлөөгөөр тус улсын эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа ажээ. Нөгөөтэйгүүр экспортын хоригийг ийнхүү тавих болсон нь уурхайнууд станцуудад нийлүүлэх ёстой хэмжээгээ барихгүй байгаатай холбоотой. Тодруулбал уурхайнууд олборлосон нүүрснийхээ 25-аас доошгүй хувийг дотоодын зах зээлд борлуулах үүрэгтэй байдаг. Гэхдээ дотоодын уурхайнууд станцуудад нүүрсээ тонн тутмыг нь 70 ам.доллараар тооцож борлуулдаг нь зах зээлийн бодит ханшаас хэт доогуур байгаа ажээ.

Энэ шийдвэр нь Хятадын зах зээлд нийлүүлэлт талаасаа төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид тайлбарлаж байна. Учир нь Хятадын сүүлд тохиосон эрчим хүчний хямралын улмаас дотоодын уурхайнуудын олборлолтыг дээд цэгт хүргэж нэмэгдүүлсэнээр станцуудын агуулах дахь нөөц ч хангалттай хэмжээнд очжээ. Гэхдээ Хятад улсын дотоодын зах зээлд эрчим хүчний нүүрсний үнэ хоригийн тухай шийдвэр гарснаас хойш 7.8%-иар нэмэгджээ. Хятад нь Индонезийн нүүрсний хамгийн том худалдан авагч бол Индонез нь Хятадын импортын нүүрсний хамгийн том нийлүүлэгчээр нэрлэгддэг. Хамгийн сүүлд Хятадын эрчим хүчний олон тооны компаниуд (CHN Energy, Huadian болон Datang) Индонезээс нүүрс импортлох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулаад байгаа юм. Цаашид Хятадын Индонезээс импортлох нүүрсний хэмжээ улам бүр нэмэгдэх төлөвтэй. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр тус улс өнгөрсөн оны эхний 11 сард Индонезээс нийт 178 сая тонн нүүрс импортолсон дүн мэдээ гарчээ. Энэ нь хоёр улсын хувьд нүүрсний худалдаан дээр ямар том түншүүд болохыг харуулж байна.

Харин Япон улсын хувьд Индонезээс сар бүр дунджаар 2 сая тонн нүүрс импортолдог бөгөөд уг хоригийг цуцлах хүсэлт тавьжээ.

Эхний тооцооллоор Индонез улсын станцууд нэгдүгээр сард 5.1 сая тонн нүүрсний нийлүүлэлтийн хомсдолд орох төлөвтэй байсан бол одоо уг аюул арилсан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Нэгдүгээр сарын 5-ны байдлаар Индонезийн төрийн өмчийн эрчим хүчний компани PLN нийтдээ 13.9 сая тонн нүүрсний худалдааны гэрээг байгуулсан тухай CNBC мэдээлсэн байна. Гэхдээ шаардлагатай хэмжээ нь 20 өдрийн хэрэгцээг хангахуйц хэмжээ буюу дор хаяж 20 сая тонны нийлүүлэлтийг баталгаажуулах ёстой ажээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Индонез улсын нүүрсний нийт экспорт 30 сая тоннд хүрч байжээ. 2020 оны хэмжээнд тус улс нийтдээ 400 сая тонн нүүрс экспортолжээ.

 

Б. Төгс