Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Оюутолгой төслийн Монголын 34%-д ногдох өрийг бүрэн тэглэнэ

Оюутолгойн төслийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.12.13/ мэдээлэл хийлээ.

“Рио Тинто” болон “Туркойз Хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр албан бичиг ирүүллээ. Уг албан бичигт таван саналыг тусгасан байна. Үүнд,

Нэгд, Оюутолгойн төслийн Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэнэ. Ингэснээр цаашид өр үүсэхгүй. Ингэснээр 34%-ийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай.

Хоёрт, Дубай хотноо зурагдсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, дуусгавар болгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Гурав, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд зарцуулагдсан дүнд Монгол Улсын Засгийн газар хөндлөнгийн аудит оруулж, зөрүү үүсвэл “Рио Тинто” хариуцаж төлөхөд бэлэн буйгаа илэрхийлсэн.

Дөрөвт, Гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож байгаа бөгөөд энэ хүртэлх хөрөнгийг хөрөнгө оруулагч тал 100% хариуцна.

Тавд, байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Мөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэж “Рио Тинто” үзэж байгааг Ерөнхий сайд хэллээ. Гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал ажлын хэсгийн түвшинд шийдэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгээ албан захидалдаа дурджээ.

АЖЛЫН ХЭСЭГ, ТҮР ХОРОО, ЗАСГИЙН ГАЗАР НЭГ ТАЛД БАЙСНААР ЭНЭ ҮР ДҮНД ХҮРЛЭЭ

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Олон жил энэ асуудлаар маргалдсан. Ажлын хэсэг, Түр хороо, Засгийн газар нэг талд байснаар ийм үр дүнд хүрлээ. Ямартай ч Монголын ард түмэн 34%-д ногдох өрөө тэглүүлж чадлаа. Дубайн төлөвлөгөөг цуцалж чадлаа. Гуравт, дахиад зээл авч байж далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр байсан бол хөрөнгө оруулагч тал уг хөрөнгийг гаргахаар боллоо. Мөн засаглалыг сайжруулахаар боллоо. Маш том алхам хийлээ. Цаашид хоёр тал харилцан бие биендээ хүндэтгэлтэй хандах нөхцөл бүрдлээ” гэлээ.   

ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “Хэлэлцээ үргэлжилж байна. Өнгөрөгч аравдугаар сарын 21-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын нэр дээр “Рио Тинто” компанийн зүгээс албан бичиг ирж байсан. Тухайн үед ирүүлсэн саналд 34%-д ногдох өрийн 70%-ийг буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал байсан. Манай зүгээс арваннэгдүгээр сард яриа хэлэлцээг үргэлжлүүлж өрийг 100% тэглэх шаардлага тавьсан. Манай саналыг хүлээн авлаа. Гэхдээ яриа хэлэлцээ үргэлжилнэ. Цаашид говийн бүсэд гүний ус ашиглах болон байгаль орчны нөлөөлөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн буюу Дубайн төлөвлөгөөг ямар нөхцөлөөр цуцлах, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар өөрчлөлт оруулснаар цаашид маргаан үүсэхгүй байх зэргийг хэлэлцэнэ” гэлээ.

Р.Ренчиндулам