Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Дорнын говьд ураны туршилтын олборлолт хийж байна 

The Mongolian Mining Journal /Nov.2021/

Д.Нарантуяа

Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна.

“Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.

Зөөвч-Овоо ордод хийгдэж буй үйлдвэрлэлийн туршилт нь ураны олборлолтын дэвшилтэт технологи болох газрын доор уусган олборлох аргаар хийгдэж байна. “Энэ арга нь байгаль, экологид үзүүлэх нөлөө багатай. Одоо дэлхийн олборлож байгаа ураны 60%-ийг энэ аргаар гарган авч байна” хэмээн Марк Мелеард хэллээ.
“Бадрах энержи” компанийн хувьцааны дийлэнхийг “Орано” компани эзэмшиж байгаа бол 34 хувийг нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж” “Мон-Атом” компани эзэмшиж байна.

“Орано” группын хайгуулын салбар 1997 онд “Кожеговь” компаниар дамжуулан Монголд ураны хайгуулыг эхлүүлж байсан бөгөөд одоо туршилтын олборлолт явуулж байгаа Зөөвч-Овоо талбайд 2003 оноос хайгуулын өрөмдлөг хийж, улмаар 2009 онд ордыг нээн илрүүлсэн. Энэхүү ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөл 2013 онд 54,640 тонн хэмээн баталсан. Харин үүний дараа 2018 он хүртэл хийсэн нэмэлт нарийвчилсан хайгуулын үр дүнгээр нөөцийг 2020 онд Эрдэс баялгийн зөвлөл 93,291 тонн болгон нэмэгдүүлэн баталсан. 

“Кожеговь”-ийн илрүүлсэн Зөөвч-Овоо болон Дулаан-Уул ордын нийт нөөц нь Монголын нийт ураны нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд ингэснээр Монгол улсын батлагдсан ураны нөөц хоёр дахин нэмэгдэж дэлхийд 12 дугаар байрт орох болсон.
Зөөвч-Овоо ордод өмнө хэлсэнчлэн газар доор уусган олборлох аргыг ашиглаж байна. /In situ хэмээх латин үг нь “байран дээр нь”, “байгаль дээрх анхны байдалд нь” гэсэн утгатай/ Металл агуулагч чулуулгийг уурхайлан ухалгүйгээр доторх металлыг олборлох арга юм. Уусгагч шингэнийг хүдрийн биет рүү цооногоор шахна. Хүчилжүүлсэн ус нь хамгийн түгээмэл ашиглагддаг уусгагч шингэн юм. Уг уусмал хүдрийн биетээр нэвтрэхдээ ураныг өөртөө уусгаад, цаашлаад соруулах цооногт хүрч газрын гадаргуу руу сорогдон гарч ирснээр боловсруулах хэсэгт хүргэгдэнэ. Ураныг шингэнээс нь салган, худалдаалах боломжтой ураны хүдрийн бүтээгдэхүүн буюу шар нунтгийг гарган авна. Газар доор уусган олборлох аргыг ураны бүх ордод ашиглах боломжгүй, харин элсэн чулуун давхаргад орших ураны ордод ашиглах боломжтой. Уран агуулах тус давхарга нь байгалиасаа үл нэвчих чулуулаг бүхий шавран үеэр дээд, доод хэсэгтээ бусад давхаргаас тусгаарлагдсан байх учиртай.  

Зөөвч-Овоо ордын хувьд энэхүү технологид нийцэж байгаа юм. Тус орд нь хөрсний усны түвшингээс доош 150-200 метрийн гүнд, нэвчимтгий, сэвсгэр буюу нягтрал багатай элсэнд оршдог. Зөөвч-Овоо ордын ураны агууламж бага буюу нэг тонн чулуулагт 200 грамм байгаа нь техник, технологи, эдийн засгийн талаасаа газар доор уусган олборлох аргыг ашиглахад нэн тохиромжтой болгож байгаа юм. Уламжлалт ил болон гүний уурхайн арга Зөөвч-Овоо ордын хувьд тохиромжгүй.

Газар доор уусган олборлох аргын үед гүний усыг хамгаалах нь хамгийн чухал асуудал. Юун түрүүн олборлолт явуулахын өмнө тухайн бүс нутгийн гүний усны тогтцыг нарийвчлан судалсан байх шаардлагатай байдаг. 

Гаж төлийн дуулиан намдаагүй 

“Бадрах энержи” компани ийнхүү үйлдвэрлэлийн туршилтаа амжилттай хийж байгаа ч олон нийтэд үйл ажиллагаагаа зөвөөр таниулах, нутгийн иргэдийн гол амьжиргаа болсон малд сөрөг нөлөөгүй гэдгээ батлах гэсэн сорилтыг даван туулж байна. Улаанбадрах сумын зарим малчны төл гажигтай төрсөн, энэ тус суманд хийсэн ураны хайгуул, олборлолттой холбоотой гэсэн мэдээлэл одоогоос 7-8 жилийн өмнөөс цацагдсан. Гажиг төл төрсөн нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн үйл ажиллагаатай холбоотой гэдэг нь нотлогдоогүй атал өнөөг хүртэл байн байн сөхөгдөж гарч ирсээр байгаа юм. 

“Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн” ТББ-ын тэргүүн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдын хэлснээр Улаанбадрах суманд гаж хөгжилтэй төл гарсан асуудлыг Ерөнхий сайдын 2013 оны 47 тоот захирамжаар 42 байгууллагын төлөөлсөн 104 хүний бүрэлдэхүүнтэй баг 459 өдөр судлаад нотлоогүй ажээ. Химийн бодисын ашиглалт, хадгалалттай холбоотойгоор тугал үхсэн гэж дүгнэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Нөгөө талаар 2019 онд хийгдсэн төл малын гаж хөгжлийн судалгааг харахад дурдагдаж буй бүс нутагт гаж төл төрсөн тохиолдол улсын дунджаас даваагүй болохыг Я.Ганболд хэлж байна. Энэхүү судалгааг Улаанбаатар хот болон 20 аймгийг хамруулан хийсэн бөгөөд улс даяарх мал эмнэлгийн нэгжүүдийн 81,4% нь хамрагджээ. Энэхүү судалгаагаар гаж хөгжилтэй төлийн улсын дундаж нэг аймагт 14-16 тохиолдол байгаа бөгөөд говийн аймгуудад дунджаас доогуур байжээ. Тухайлбал, Говьсүмбэрт 4, Говь-Алтайд 12, Дорноговьд 11, Дундговьд 7 байжээ. Малын ургийн гаж хөгжлийн 69 буюу 22.6%-ийг олон толгойтой байх, 68 буюу 22.6 %-ийг олон хөлтэй байх, 51 буюу 16.9 %-ийг хөл, үе мөчний буруу хөгжилтэй, 38 буюу 12.6%-ийг битүү бөгстэй байх гаж хөгжлийн тохиолдол эзэлж байна гэсэн дүн гарчээ.
Хэдийгээр гажигтай төрсөн төлийн асуудал шинжлэх ухаанаар нотлогдохгүй байгаа ч энэ сэдэв нь байгаль орчны сэдвээр дагнан ажилладаг, уран олборлолты эсэргүүцдэг зарим нэг ТББ, хөдөлгөөний дуртай сэдвийн нэг хэвээр байгаа юм. 

Монгол улс 30-аад жилийн дараа дахин уран олборлож эхэллээ 

“Бадрах энержи” компанийн үйлдвэрлэлийн туршилт амжилттай болбол олборлосон уранаа экспортлох зорилготой. Ингэснээр экспортод гаргах эрдсийн бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх юм. Монгол улс өмнө нь уран экспортолж байсан түүхтэй. БНМАУ байх үед буюу 1990 оноос өмнө Дорнод аймгийн Мардайн ордыг оросууд олборлож байсан. Мардайн ордыг ашиглахын тулд оросууд Эрдэс нэртэй хотхон босгож, экспортын төмөр зам хүртэл татсан байсан. Нууцын зэрэглэлтэй, хамгаалалт өндөртэй, монголчуудыг оруулдаггүй, уурхайд Оросын шоронгийн хоригдлуудыг авчирч ажилуулдаг байсан зэрэг Мардайг тойрсон яриа их байдаг. Мардайн ордоос оросууд уламжлалт ил аргаар 550 орчим тонн уран олборлосон хэмээн Монгол Улсын зөвлөх инженер, шинжлэх ухааны доктор Г.Жамсрандорж хэлсэн. Оросуудын орхиод явсан хүдрийн 6 овоолго одоо ч Мардайд бий.  

Монгол Улс 2009 онд Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, мөн Цөмийн энергийн тухай хуулийг баталснаар цацраг идэвхт ашигт малтмалын салбарын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. 
Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын зорилтыг цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч тэргүүлэгч орны нэг болох, улмаар цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэндэд аюулгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд оршино хэмээн заасан.
2009 оноос хойш төрийн энэхүү бодлого болон хуулийн хэрэгжилт хангалттай сайн биш, удаан байгааг салбарын мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. 2011 онд Японы Фукушимагийн цөмийн цахилгаан станцын осол дэлхийн нийтийн цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмалын салбарт сөрөг нөлөө үзүүлсэн. Монгол Улсын хувьд цөмийн энергийн салбар гэж ярих хөрс суурь бүрдэж эхлээгүй. Харин цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтыг хийж ирсэн туршлагатай. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын түүхийг 1990 оноос өмнө ба хойно хэмээн ангилж үзэж болно. 

Хуучнаар ЗХУ-ын Геологийн яамны Дорнодын экспедицийн геологичид 1948 онд төлөвлөгөөт ажлын явцдаа олон тооны ураны илрэл олсоныг цацраг идэвхт ашигт малтмалын анхны судалгаа хэмээн үздэг байна. 1970-аад оноос ЗХУ болон БНМАУ-ын хамтын ажиллагааны дагуу ураны дагнасан геологийн экспедиц хайгуул судалгааны ажил хийжээ. Энэ судалгааны үр дүнд уран-молибдений формацын хэтийн төлөв сайтай Дорнод, Гурванбулаг, Нэмэр, Мардай гэсэн 4 ордыг илрүүлжээ. 1992 оноос Монголын ураны судалгааны олон улсын чанартай үе шат эхэлсэн гэж үздэг. 

1992 онд АНУ-ын “Энержи Фьюлз”, ОХУ-ын “Геологоразведка” нэгдэл хамтран Монголын ураны салбарт хамтран ажиллах хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн бөгөөд 1994 онд “Энержи Фьюлз” компани, “Геологоразведка” нэгдэл, Монгол Улсын Засгийн газар хамтран “Гурвансайхан” компанийг байгуулжээ. Энэ компани нь Монголын говийн бүсэд орших экзоген гаралтай ураны илрэлүүдэд хайгуул хийж олборлох зорилготой байсан. 1996 онд АНУ-ын “Энержи Фьюлз” компани, ОХУ-ын төрийн өмчит “Приаргунийн үйлдвэрийн нэгдэл”, Монголын төрийн өмчит “Монгол-Эрдэнэ” компани хамтран ижил хувийн оролцоотойгоор “Төв Азийн уран” компанийг байгуулсан. Энэхүү хамтарсан компани нь Дорнодын ордын ядуу хүдрийн овоолгыг нуруулдан уусгах ажлыг эхлүүлэхээр болжээ. Мөн энэ үед буюу 1997 онд Францын “Кожема” компани Монголын “Говьгео” компанитай хамтран “Кожеговь” компанийг байгуулж, Дорнод Монгол, говийн бүсэд тунамал гаралтай ураны ордуудын эрлийн ажлыг эхэлж байжээ. 2000 оны эхэн үеэс Монголын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчид ихээхнэ сонирхох болсоны дотор ураны салбарт эрэл хайгуул хийх зөвшөөрөл авсан байна. Тухайлбал, Канадын “Вестерн проспектор”, “Хан ресорсиз, ОХУ-ын “Рос-Атом” зэрэг компаниуд орж иржээ. “Вестерн проспектор” нь “Эмээлт майнз”, Хар ресорсиз” нь “Хан ресорсиз Монголиа”, “Рос-Атом” нь “Дорнод уран” гэсэн хамтарсан компаниудыг байгуулсан юм. Эдгээр компанийн хайгуулийн үр дүнд шинээр Дулаан-Уул, Зөөвч Овоо, Өлзийт, Гурвансайхан зэрэг ураны шинэ ордуудыг нээн илрүүлсэн юм.

Эдгээр компанийн цаашдын үйл ажиллагаанд 2009 онд гарсан хууль эрх зүйн шинэ орчин нөлөөлсөн. 2009 онд төрийн өмчит “Мон-Атом” компанийг байгуулж, энэ компани нь ураны салбарт ажиллах гадаад, дотоодын компаниудтай Монгол Улсын төрийг төлөөлөн ажиллах үүргийг хуулиар хүлээсэн юм. Эрх зүйн шинэ орчин үүссэнээр “Вестерн проспектор” компани хувьцаагаа БНХАУ-ын төрийн өмчит “Си Эн Эн”, “Гурвансайхан” компани хувьцаагаа Чехийн компанид мөн зарж, харин “Хан ресорсиз” компани хувьцааны маргаанаас үүдэн Монголоос гарсан. 
 

Comment (1)