Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс”-ын нэмэлт хувьцааны арилжааны захиалга 46.2%-иар давж биеллээ

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт 17.5 сая ширхэг (17,484,662 ширхэг буюу нийт хувьцааны 5.9%-тай тэнцэх) хувьцааг нэмж гаргах замаар 14.25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны аравдугаар сарын 4-8-нд хийсэн.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 1861 иргэн, аж ахуйн нэгж оролцож, захиалгын нийт дүн компанийн анх санал болгосон хэмжээнээс 46.2%-иар давж биелсэн. Ийнхүү аравдугаар сарын 13-наас эхлэн Монголын хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. 
 


Компани мөн Улаан алтны талбайн хайгуулын дөрвөн цооногийн үр дүнг танилцуулсан байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли “Улаан алтны талбай дахь хайгуулын үр дүнгүүд нь илүү өргөн хэсэгт алтны эрдэсжилтийг тэлэх боломжийг харуулж байна” гэж онцолжээ. 

Тус компани дөрөвдүгээр улиралд багтаан Хар морь талбайн нэмэлт хайгуулын үр дүнг танилцуулах юм байна.