Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ-ын коксжих нүүрсний экспорт есдүгээр сард 13.7%-иар буурлаа

ОХУ-ын коксжих нүүрсний экспорт өнгөрсөн есдүгээр сард 3.58 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16.6%-иар өссөн бол сарын өмнөхөөсөө 13.7%-иар буурсан байна. Үүний 1.28 сая тонныг Хятад руу экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 85.6%-иар өссөн тухай “Фэнвэй Энержи” мэдээллээ.

Оны эхний есөн сарын байдлаар Хятад улс ОХУ-аас нийт 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 77.4%-иар өссөн дүн болохыг Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.

Гэхдээ ОХУ-ын хувьд ганцхан коксжих нүүрс төдийгүй эрчим хүчний нүүрс Хятад руу экспортолдог. Есдүгээр сард ОХУ 3.7 сая тонн эрчим хүчний нүүрс Хятад руу экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 230%-иар өсчээ.

Дөрөвдүгээр улиралд Хятадын хувьд ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм. Гэвч ОХУ-ын төмөр замын хүчин чадал хязгаарлагдмал байгаа нь нүүрс гаргалтыг нэмэгдүүлэхэд хүндрэл учруулна гэж шинжээчид тэмдэглэлээ.

Хятадын хувьд өнгөрсөн оны сүүлээс эхлэн гол түнш Австралиас нүүрс импортлохгүй болсноор уг хоосон үлдсэн орон зайд ОХУ, АНУ, Канад голлон тоглолт хийж байгаа юм.

Б.Төгс