Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Хөрөнгө оруулагчдад хүрэх эерэг мессеж

Г.Идэрхангай

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   

ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөллийг хүлээж авч уулзаад (2021.08.08) бизнесийнхэнд тулгардаг элдэв дарамт шахалт, төрөөс хамааралтай гацаа, саадыг арилгах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төрийн тэргүүн онцгой ач холбогдол өгч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Бизнесийнхэнд бага ч болов итгэл найдвар төрүүлэхээр л үг. Гэхдээ энэ бүхэн өргөс авчихсан юм шиг амар хялбар ажил биш гэдэг нь ойлгомжтой. Юутай ч хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд улс төрийн манлайлал үзүүлэх гэж байгаа оролдлого харагдаж байгаа нь сайн хэрэг. Засгийн газар манлайллаа хэр үзүүлэхээс л хөрөнгө оруулалтын орчин сайжрах эсэх нь хамаарах тийм цаг үе дээр иржээ. Торгон, эмзэг үе ч гэж хэлж болно. Гэтэл өнөөдөр Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтыг дангаараа бүрдүүлж байгаа Оюутолгой төслийн хэлэлцээрт Засгийн газар хүч түрэмгийлсэн байдлаар хандаж, хэвлэл мэдээллээр дамжуулан хөрөнгө оруулагчдынхаа эсрэг нэг талыг барьсан мэдэгдлийг давтамжтайгаар хийсээр л байна. “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээр нь Засгийн газрын хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтран ажиллаж буйн тод үзүүлэлт байх болно” хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Монгол дахь Америкийн Худалдааны танхимын хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Энэ хэлэлцүүлгийн гол агуулга нь “Хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ” гэдэгт зангидагдаж байв. 

“Оюутолгой бидэнд буулт хийлээ, биднээс уучлалт гуйлаа” гэх мэт улстөржсөн мэдэгдлүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын амнаас гарах бүрт энэ нь хөрөнгө оруулагчдад сөрөг мессеж болж очсоор байна. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ сайдын шаардаж байгаачлан Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх нь хэтийдсэн алхам ч гэлээ тодорхой хэмжээгээр бууруулах гарцыг хөрөнгө оруулагч тал хайж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг хоёр талын хичээл зүтгэлээр дуусгах нь хамгийн зөв шийдэл юм. 

Аравдугаар сард эхлэх УИХ-ын намрын чуулганд Уул уурхайн бүтээгдэхүүний  биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. “Критикал минерал” буюу нэн чухал эрдсийн тухай томоохон концепц Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж байгаа бөгөөд шинэчилсэн концепц Монголын уул уурхайн салбарын хэмжээг 20-иос дээш тэрбум ам.долларт хүргэх зорилготой. Үүнд гадаадын томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай  хэмээн судлаач М.Дагва сэтгүүлч  Б.Төгсбилэгтэд өгсөн ярилцлагадаа  өгүүлжээ. “Геологи-хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт” гэсэн дарааллаар уул уурхайн салбарыг зөв зохистой хөгжүүлэхээр  төр бодлогоо чиглүүлж байна. Аль нэг хэсгийг нь салгах боломжгүй энэ системд алдаа гарсаар байвал салбар хэзээ ч хөгжихгүй, нэг алхам урагшилсан ч хоёр алхам ухарсаар байх болно. Тиймдээ ч хамгийн түрүүнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-аар эхэлж хэлэлцүүлэн батлуулахаас дараагийн хуулиудын хувь заяа ихээхэн  хамаарна. Хувийн хэвшлээ өдөөхийн тулд эхлээд төрийн өмчит компаниудаа биржийн арилжаанд хүчээр оруулж нээлттэй болгож, аажмаар гадаадын менежменттэй компаниар биржийг удирдуулах  концепц уг төсөлд тусгагджээ.

Хуулийн төсөлд биржийн үйл ажиллагааг хэрхэн тусгасан талаар MMJ онцлон өгүүлж байна. “Критикал минерал” концепцийг өргөн агуулгаар тусгах Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ намрын, магадгүй өвлийн саруудын хамгийн халуун хэлэлцүүлэг дунд өрнөх нь дамжиггүй. Төрийн түвшинд ч, хувийн хэвшлийнхэнд ч гадаадын хөрөнгө оруулалтыг татах, итгэлийг нь сэргээх, идэвхжүүлэх оролдлогуудыг хийсээр байна. Оросын Владивосток хотноо зохион байгуулагдсан (2021.09.02-04) Дорнын эдийн засгийн форумаар Орос, Монголын хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хөндлөө. Хоёр улсын гаалийн тарифыг бууруулахын тулд Монгол Улс ЕвроАзийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү асуудлыг судлах зорилго бүхий Ажлын хэсэг энэ онд багтан дүгнэлтээ гаргахаар бэлтгэж байгаа зэрэг тус чуулганы талаарх мэдээллийг MMJ сэтгүүлээс уншина уу. Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ийнхүү сэргэж буй нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж хичээж буй энэ цаг үед нэгэн таатай мэдээлэл. Гэхдээ энэ ажил Орос, Монголын талын аль алинаас нь ихээхэн хичээл зүтгэл шаардах болно.

Тэгвэл КОВИД-19 цар тахлын улмаас нэг жил хойшилсон олон улсын хөрөнгө оруулагчдын “Mongolia Mining” үзэсгэлэнг УОК-ийн зөвшөөрлийн дагуу есдүгээр сарын 22-24-нд зохион байгуулахаар бэлтгэж байна. Хөрөнгө оруулагчдыг урин дуудаж, бизнесийн томоохон хэлцэл хийх зорилготой тус үзэсгэлэн нь уул уурхайн салбарт нэгэн содон өнгө болж, чимээ  өгч буй.  Монголын уул уурхайн шилдэг сэтгүүл The Mongolian Mining Journal  уламжлал ёсоор тус үзэсгэлэнгийн “Мэдээллийн ивээн тэтгэгч”-ээр ажиллаж байна.  2021 он гарсаар ийм нээлттэй үзэсгэлэн уул уурхайн салбарт болоогүй билээ. Тив дэлхийн хөрөнгө оруулагчдыг хуран цуглуулдаг “Дисковер Монголиа”, “Сoal Mongolia” зэрэг томоохон хурал, чуулган энэ жил сураг чимээгүй. Эдийн засагч Н.Энхбаяр Монголын ямар салбарууд гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой талаар сэтгүүлч Э.Оджаргалтай хийсэн ярилцлагадаа онцоллоо.   

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (ГШХО) 71%-ийг уул уурхайн салбар эзэлдэг. Тийм ч учраас тус салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт дан ганц уул уурхайн салбар гэлтгүй улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд шууд хамааралтай. Өнгөрсөн онд Монгол дахь ГШХО 2.5 тэрбум ам.доллар болж, (2011 онд 4 тэрбум ам.доллар байв), өмнөх оноос 20%-иар буурсан. Иймээс Үндэсний Хөгжлийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэхээр ид яригдаж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс хэд хэдэн зарчмыг хуулиараа баталгаажуулах хэрэгтэйг дурджээ. Хамгийн түрүүнд гадаадын хөрөнгө оруулагчийг дотоодын хөрөнгө оруулагчаас, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдыг өөр хооронд ялгаварлахгүй байхыг тэд хүсч байна.  Гэвч өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгж байгуулахын тулд хамгийн багадаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой ч Монголын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтын  хамгийн бага хэмжээг шаарддаггүй. Үл хөдлөх хөрөнгө, газартай холбоотой эрх гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад ялгаатай. Энэ нь урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодоггүй. Уг зохицуулалтыг хуулиар боловсронгүй болгох шаардлагатай.

Түүнчлэн хөрөнгө оруулагчийн өмчийн эрхэнд дураар халдахгүй байх, өмч хөрөнгийг нь нийтийн эрх ашгаас бусад зорилгоор, нөхөн олговоргүйгээр хураан авахгүй байх зэрэг зарчмуудыг ойлгомжтой, тодорхой суулгаж өгөх шаардлага бий. Ил тод байх зарчим юу юунаас чухал байна. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хөндсөн хууль тогтоомж шинээр батлахын өмнө тэдгээрийг урьдчилан мэдээлэх, санал авах ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуульд уг зохицуулалтыг суулгаж өгвөл тэдний итгэлийг нэмэгдүүлэх хөшүүрэг болох юм. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагч оруулсан хөрөнгөө буцаан татах боломжийг нээлттэй, хялбар байлгах зарчим гэж бий. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар  компани татан буугдах, дампуурахад захиргаа, шүүх дамжсан маш урт, хүнд суртал ихтэй шат дамжлагаар явдаг. Оруулсан хөрөнгөө буцаан татах механизм нь ойлгомжтой байх юм бол Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэнэ.  Хөрөнгө оруулагчдын бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлэх процесс маш удаан хугацаанд үргэлжилдэг хүндрэл бий. Тиймээс хөрөнгө оруулагчдад тулгардаг эдгээр  асуудлыг  Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа тусгаж өгч байж тэдний итгэлийг эргүүлэн татах юм.  
 

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (197.211.58.29)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 24 | Хариулах