Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

Якутын бүс нутагт АЦС барина

ОХУ-ын Дорнын эдийн засгийн форумын үеэр тус улсын БНСаха улсын Дорнын хөгжлийн яам, “Росатом” корпораци хооронд атомын эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг үзэглэжээ. Хэлэлцээрт ОХУ-ын Саха улсын тэргүүн А.Николаев, “Алс Дорнодын Арктикийг хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.Чекунков, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал А.Лихачев нар гарын үсэг зуржээ.

Энэхүү төслийн хүрээнд, Якутын бүс нутагт бага хүчин чадалтай атомын цахилгаан станц (АЦС) барихаар төлөвлөжээ. Хүчин чадал 55МВт-аас хэтрэхгүй, 60 жил ашиглах цахилгаан станцыг 2028 онд ашигалтад оруулахаар тооцсон аж. Төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх боломжийг судлахаар талууд тохиролцсон байна. Мөн талууд хамтран Саха, Арктикийн нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн цогц хөгжлийн төлөвлөгөөг хамтран боловсруулахаар хэлэлцээрийн баримт бичигт тусгажээ.

ОХУ-ын Засгийн газраас Якутын бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэл, экспортын чиг баримжаатай болоод дэд бүтэц, тэр дундаа төмөр замын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа билээ. Тиймээс ирэх жилүүдэд эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтэд дэлхийн “ногоон” зорилтод нийцсэн, найдвартай эх үүсвэрт тооцогддог АЦС барьж байгуулах өндөр ач холбогдолтойг “Росатом” корпорацийн удирдлага онцолсон байна.

Ташрамд дурдахад, мөн Дорнын эдийн засгийн форумын үеэр Якутын нутагт 67.2 МВт хүчин чадалтай салхин станц барих төслийг хамтран хэрэгжүүлэх хэлэлцээрийг БНСаха улсын Дорнын хөгжлийн яамтай “Дорнын уул уурхайн компани” байгуулжээ.

Орос улсын эдийн засаг, экспортод түлхэц болохуйц томоохон төслүүд хэрэгжих Якутын бүс нутгийн эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхэд анхаарч байна.          

Э.Од