Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

0.9 хувийг бүхэл тоонд хүргэх монголчуудын хүсэл

Заяагдсан хоёр хөрштэйгээ Монгол улс худалдаа, эдийн засгийн тэнцвэргүй харилцаатай болоод удаж байна. 1992 онд Монгол улсын экспортын бүтцэд ОХУ 58.5 хувийг, БНХАУ 17.8 хувийг эзэлж байсан бол 2019 оны байдлаар ОХУ-ын эзлэх хувь 0.9, БНХАУ-ынх 88.9 хувь болон эрс өөрчлөгджээ. Энэ мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 29-ний өдөр болсон “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” уулзалтын үеэр өгчээ. 

0.9 хувь гэдэг бол бараг харилцаагүй шахам гэсэн үг. Дипломат харилцаа тогтоосныхоо 100 жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа Монгол, Орос хоёр 100 жилийнхээ 70 жилд худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай байсан. Социализмын үеийн Монгол-Оросын эдийн засгийн харилцаа эрх тэгш бус, нэг нь нөгөөгөө шимэгчилсэн байдалтай байсан гэсэн байр суурь олонтаа сонсогддог. Ямар ч гэсэн оросуудын тусламжтайгаар Монгол улс орчин цагийн эдийн засгийн суурьтай болсон нь маргашгүй үнэн. Нэг тогооноос хооллож байсан хоёр улс 1990 оноос хойш зах зээлийн эдийн засгийн замаар, өөр өөрийн зам мөрөөр явсаар өнөөг хүрлээ. Бүхий л салбарт байсан оросуудын оролцоо үгүй болж, Монголын эдийн засагт чухал нөлөөтэй “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” гэсэн хамтарсан хоёр том объект үлдсэн байсан. 2017 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувийг “Монголын зэс корпорац” худалдан авснаар “Улаанбаатар төмөр зам”-д хойд хөршийн биет оролцоо үлджээ. Гэсэн ч Монголын эдийн засаг шатахуун, эрчим хүчний хангамжийн хувьд ОХУ-аас хараат хэвээр байна. 

Ийнхүү бараг тасраад байсан Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд эргэн сэргэж байна. Хоорондох зай нь холдоод байсан хоёр орны хоорондох өндөр, дээд түвшний харилцан айлчлал ч тогтмолжиж байна. 2014 оноос Монгол улсын иргэд ОХУ руу визгүй зорчих болж, Улаан-Үд, Эрхүүгээс монголчуудын идэж дадсан чихэр, жигнэмэг голдуу амттан, ганц нэг хүнсний барааг үүргийн худалдаагаар хилээр оруулж ирж эхэлсэн. Гэвч чихэр, жимсхэнээс илүүтэй эрх тэгш, харилцан ашигтай түншийн харилцааг Монголын хувийн хэвшлийнхэн хүсч байна. Монголын аж ахуйн нэгжүүдийн олон жил мөрөөдөж байгаа Оросын зах зээл рүү түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэл гаалийн өндөр тарифын өмнө сөхөрсөөр байгаа. Хоёр улсын худалдаанд гол саад тотгор болж байгаа гаалийн тарифыг бууруулах нэг арга зам нь ЕвроАзийн Эдийн засгийн холбоотой Монгол улс Чөлөөт худалдааны хэлэлцээр хийх явдал гэдгийг Оросын талаас идэвхтэй тавьсаар 3-4 жил болж байна. Энэ асуудлыг судлах хамтарсан Ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан бөгөөд энэ ондоо багтан дүгнэлтээ гаргах юм. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулснаар Монгол улсын экспортын бараа, бүтээгдэхүүн харьцангуй бага татвартайгаар ЕвроАзийн Эдийн засгийн холбооны улсуудын зах зээлд гарах боломжтой болно. ЕвроАзийн Эдийн засгийн холбоо нь 2010 онд ОХУ, Беларусь, Казахстан улсын гишүүнчлэлтэйгээр анх байгуулагдсан, үүний дараа Армен, Киргиз улсыг гишүүнээр нэмэн элсүүлсэн. 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Кубарович Азизов энэхүү уулзалтын үеэр хоёр орны худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь тулгамдсан чухал асуудлын нэг гэдгийг онцлоод энэ зорилгын хүрээнд хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах хэрэгтэй гэжээ. “Жил бүр Монгол Улс ОХУ-аас нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор авдаг. Гэхдээ Монголоос гарч буй экспорт маш бага. Үүнд та бүхэн анхаарал хандуулаач. Нэн тэргүүнд хилийн бүс нутгийн худалдаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Энэ бүс нутагт Монгол Улсын худалдан авалтын 70 хувь бий. Тиймээс хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна" хэмээн Элчин сайд И.К.Азизов хэлжээ. ОХУ-ын Алс Дорнодод, тодруулбал, Владивосток хотноо Монгол улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх шийдвэрийг 2018 оны арваннэгдүгээр сард гаргасан бөгөөд энэ ондоо багтан уг газар нээгдэх сайхан мэдээ байна. 1990 оноос өмнө ч хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны дийлэнх нь хоёр орны хилийн бүс нутаг, цаашлаад Сибирийн районууд байсан.  

Энэ сарын 2-4-д Владивосток хотноо Дорнын Эдийн засгийн форум зургаа дахь удаагаа зохиоглох гэж байна. Энэхүү форумд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцох сураг дуулдаж байсан ч биеэр биш зайнаас оролцох болжээ. Дорнын Эдийн засгийн форум нь ОХУ Крымын асуудлаас шалтгаалан Европын холбоо, АНУ-ын зүгээс эдийн засгийн хоригт орсон үеэс эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа дорнод руу чиглүүлж эхэлсэн цагаас зохиогдож байгаа юм. Анхны форумуудад Монгол улс Засгийн газрын сайдын түвшинд оролцож байгаад 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон жилээ Владимир Путины урилгаар өндөр хэмжээнд оролцсон. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэрээ Монголын нүүрсийг ОХУ-ын нутгаар галт тэргээр  тээвэрлэн Алс Дорнодын боомтуудаар экспортлох яриа тохиролцоог Оросын талтай хийж байсан. Гэсэн энэ яриа ажил болоогүй байсаар Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хавар халаагаа өгсөн. Энэ жилийн Владивостокийн форумын үеэр Оросын дэвшүүлж буй “ЕвроАзийн том орон зай” санаачилгыг форумын яриа, хэлэлцээний гол чиг болгохыг зохион байгуулагчид зорьж байна. Оросын талын өгч байгаа гол мессеж нь Лиссабоноос Номхон далай хүртэлх орон зайд худалдааны саадыг үгүй хийнэ гэсэн том амбиц юм. 

Монгол-Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах өөр нэг зүйл бол ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хий дамжуулах хоолойн төсөл юм. Энэхүү хоолойг Монголын нутгаар дайруулан тавих юм. 2019 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, “Газпром” компанийн тэргүүн А.Миллер нар ОХУ-аас Монголын нутгаар дамнуулан БНХАУ руу тавих байгалийн хий дамжуулах хоолой татах ажлын хамтарсан үнэлгээг хийх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Монголын нутгаар өнгөрөх энэхүү магистраль хоолойг “Союз Восток” хэмээн нэрийдэж байгаа бөгөөд энэхүү магистраль нь “Сила Сибири-2” хийн хоолойн үргэлжлэл болох юм. “Союз-Восток” магистралийн техник, эдийн засгийн урьдчилсан дүгнэлт энэ оны дөрөвдүгээр сард гарсан. Одоо төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн хэмжээгээр хийх ажил хүлээгдэж байгаа бөгөөд энэ ажилд багагүй хугацаа зарцуулагдана. “Сила Сибири-2” хийн хоолойн хүчин чадал “Сила Сибири”-ийнхээс даруй 30% илүү байх юм. Урьдчилсан тооцоогоор жилдээ 50 тэрбум куб.метр хий дамжуулах хүчин чадалтай байх юм. 

Эдгээр яригдаж байгаа зүйлс ажил хэрэг болчихвол 0.9 хувь гэсэн ядмаг тоо ядахдаа бүхэл тоо руу орох найдвар байна.

Д.НАРАНТУЯА