Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээх тогтоол баталжээ

Засгийн газрын ээлжит (2021.07.28) хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээж байнгын үйл ажиллагаанд оруулах тухай тогтоолыг баталсан байна. Шийдвэртэй холбогдуулан чөлөөт бүсийг дэд бүтцээр бүрэн хангах ажлыг эрчимжүүлэхээр холбогдох яамдын сайд нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан газар дээр нь очиж ажиллан, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.  

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүсийг наймдугаар сарын 14-нөөс байнгын үйл ажиллагаанд оруулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг холбогдох мэргэжлийн албадын үйл ажиллагааг явуулах, зорчигч, ачаа  тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. 

Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, автозам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж байгуулсан бөгөөд эдгээр станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг бүхэлд нь хангах боломж бүрдэнэ. 

“Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаагаа байнгын болгосноор  2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргах  боломж нээгдэнэ.  Ингэснээр ажлын байр бий болж, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэж, бүс нутгийн хөгжилд эерэг олон үзүүлэлт гарахаас гадна  гадаадын жуулчдыг хүлээн авах таатай нөхцөл бүрдэх юм.

Боомтоор өдөрт 110 машин Хятад улсын хилээр нэвтэрч байгаагаас 10 машин нь нүүрс тээврийнх аж. 

Сангийн яамны мэдээллээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наяд” цогц төлөвлөгөөний хэрэгжилт 32%-тай бөгөөд 10 мянган ажлын байрыг хадгалжээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.