Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрсний экспортыг 2020 оны түвшинд барина

The Mongolian Mining Journal /June 2021/

Б.Төгс

Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох  зорилт нь 28 сая тонн болж буурахаар байгааг Сангийн сайд Б. Жавхлан учирлав. Нүүрсний экспортын биет хэмжээ буурснаар   төсөвт нүүрсний салбарын   орлого 368 тэрбум төгрөгөөр тасалдах тооцоог   ч Сангийн яам   гаргажээ. 2021 оны төсөвт нүүрсний салбараас нийтдээ 1.34 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь ийнхүү буурч болзошгүй боллоо. 

Цар тахлын   тархалт манай улсад  нэмэгдэж байгаа тул Хятадын талаас хилийн хяналтаа чангатгах, цаашлаад хаах хүртэл арга хэмжээг хэд хэдэн удаа авч хэрэгжүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор   (06.24-07.04) нүүрсний машины нэвтрэлтийг бүрэн зогсоолоо. Учир нь нүүрс тээврийн жолооч нарт хийх Хятадын талын шинжилгээгээр халдвартай тохиолдлууд гарч байна. Дээрх хугацаанд Цагаанхад суурьшлын бүсэд “тэг зогсолт” хийх тухай Ханбогд сумын Засаг даргын  захирамж гарсан. “Тэг зогсолт”-ын үеэр халдварын тохиолдлуудыг хумих ажлыг хэрэгжүүлэх юм. Гэхдээ Оюутолгойн баяжмал тээвэрлэлт тусдаа замаар хийгддэг тул хэвийн үргэлжлэх талаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат тайлбарлалаа. Гагцхүү хилээр тээвэрлэлт хийж буй жолооч нараас Хятадын талын авсан шинжилгээгээр халдвар илрэхгүй байх нь чухал. Эс бөгөөс тухайн өдрийн баяжмалын экспорт, бараа материалын импорт хийх тээвэрлэлтийг бүрэн зогсоож байгаа юм. Тэгэхээр халдварыг бүрэн хумихад гол асуудал  оршиж байна. Гашуунсухайт боомт Үндэсний их баяр наадмын үеэр долдугаар сарын 10-15-ны хооронд амрах тул тухайн сард нүүрсний  экспорт төдийлөн сайн биш байх төлөвтэй байна. Харин халдвар хумигдсан нөхцөлд гол өсөлтийн үе наймдугаар сараас тохиох найдвар бий.  

Одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл, оны эхнээс зургадугаар сарын дунд үеийн байдлаар нүүрсний экспорт 9.01 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 20.8%-иар өндөр дүн юм. Тиймээс манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны түвшнээс ахиу байх боломж бий. 2020 оны цар тахлын жил манай улс 28.6 сая тонн нүүрс экспортолсон нь 2019 оныхоос 21.6%-иар бага үзүүлэлттэй гарсан.  Өнгөрсөн  жилийн эхний хагаст нүүрсний экспорт маш сул өрнөлтэй байсан ч  наймдугаар сараас “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлснээр нүүрсний худалдаа огцом өссөн. Ингэснээр тухайн оны 8-10 дугаар сард нүүрсний экспорт сардаа 4-4.6 сая тонн болж  оргилдоо хүрсэн юм. Энэ онд ч тийм байх бүрэн боломжтой. Зургадугаар сарын 24-ний байдлаар Цагаанхадны Гаалийн хяналтын бүсэд 9.18 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Нүүрсний нөөц Гаалийн хяналтын бүсэд хангалттай их байгаагийн сацуу нэвтрэлт удааширсан  тул уурхайнууд үйл ажиллагаагаа хумих горимд шилжжээ.  


 
Гадаад харилцааны сайд болон Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын үеэр хил нэвтрэлтийг хэвийн түвшинд оруулах, экспорт нэмэгдүүлэх асуудал яригдах хүлээлттэй байна. 

Хэрэвзээ нүүрсний экспорт өнгөрсөн оны жишгээр сард 4 сая тонн, эсвэл түүнээс дээш давах нөхцөлд оны хоёрдугаар хагаст  “шархаа нөхөх” боломж бүрдэнэ. Энэ оны гуравдугаар сарын дундаас эхлэн нүүрсний машинуудын хил нэвтрэлт үлэмж удааширсан юм. Ингэснээр   сүүлийн гурван сарын хугацаанд манай улс дор хаяж 5.2 сая тонн нүүрс экспорт буюу 660 сая ам.долларын боломжийг алдаад байна. Өөрөөр хэлбэл  хоёрдугаар улирлын  нүүрсний орлогын алдагдсан боломж өдөрт 7.4 сая ам.доллараар хэмжигджээ. Үүн дээр мөн хугацааны   зэсийн баяжмалын экспортын алдагдсан боломжийг (300 сая ам.доллар) нэмж  тооцвол манай улс өдөрт 11 сая ам.долларын орлого алджээ.   Оюутолгойн баяжмал тээвэрлэлт гуравдугаар сарын дундаас бүрэн зогссон ч   сарын  дараа   хэсэгчлэн сэргэсэн. Улмаар тавдугаар сарын дундаас эхлэн хэвийн хэмжээнд очсон гэж хэлж болно. 

Эх сурвалж: ҮСХ, ГЕГ

Иймд манай улс хоёрдугаар улиралд үндсэндээ нэг тэрбум ам.долларын экспортын боломж  алдсан ч гадаад худалдаа өмнөх онтой харьцуулахад өсөлттэй байгаа юм. Эрдсийн ханшийн өсөлт, Оюутолгойн хүдэр дэх алтны агуулга өссөн зэрэг нь нийт экспорт 70 гаруй хувиар нэмэгдэх нь тэр хэрээрээ цар тахлын нөлөөллийг бууруулахад ашиг тусаа өгч байна. Гэхдээ цаашид нүүрсний худалдаа  нэмэгдэхгүй  бол  экспортын өсөлт удааширч, төсвийн орлогод үүсэх алдагдал улам бүр тэлэх эрсдэлтэй. Иймд энэ чиглэлд төр засаг илүү үр дүнтэй ажиллах шаардлагатай байна.

Одоогоор Гашуунсухайт боомтын  нүүрсний тээвэр  зогссон ч, Шивээхүрэн боомтоор өдөрт 90 гаруй машин, Ховд аймагт орших Хөшөөтийн коксжих нүүрсний уурхайгаас өдөрт дунджаар 100 машинаар нүүрс экспортолж байна. Энэ нь нүүрсний худалдаа  тодорхой хэмжээгээр үргэлжилж буйг илтгэнэ. Цаашид дотоод  дахь халдварын түвшинг хурдацтай бууруулж, Өмнөговь аймгийг эргээд “ногоон бүс” болгож чадвал экспорт   сэргэх боломжтой. Зургадугаар сарын 12-ноос Өмнөговь аймгийн хөдөлгөөнийг хязгаарлаж, улмаар 19-ний өдрөөс  зөөвөрлөгдөн орж ирсэн батлагдсан тохиолдлуудыг зарлах болсон. Хятад улс нь халдваргүй ногоон бүс учир аливаа болзошгүй эрсдлээс хамгаалах, хилийн хяналт дээр хатуу чанга бодлого баримталж байна. Иймд аймгийн хэмжээнд үйлдвэр, уурхай, төв суурин газруудыг халдваргүй бүс болгох, гаднаас уурхайчин, жолооч нарыг солих ажлыг зөв зохион байгуулах нь хамгийн их хариуцлага шаардсан амаргүй ажил болоод байна.