Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад гангийн үйлдвэрлэлийн хязгаарлалтыг сулруулжээ

Хятадын Хэбэй мужид гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлын хязгаарлалтыг сулруулж байна. Тодруулбал, гангийн үйлдвэрүүдийн хайлуулах зуухны ашиглалтыг 70% болгож нэмэгдүүлжээ. Уг зохицуулалт энэ оныг дуустал үргэлжлэх аж.

Өмнө нь ган хайлуулах зуухны ашиглалтыг 50%-иар хязгаарласан юм. Үүний улмаас Хэбэй мужийн төв Таншан орчмын гангийн үйлдвэрлэл 34 сая тонноор буурч болзошгүй байв. Хэбэй мужийн Таншан орчмын бүс нутаг Хятад улсын гангийн нийт үйлдвэрлэлийн 14%-ийг бүрдүүлдэг.

Үйлдвэрлэлийн хязгаарлалтыг сулруулах шийдвэр нь Хятадын гангийн бүтээгдэхүүний өнөөгийн эрэлтийг хангах, зах зээл дээр өсч буй энэ төрлийн бүтээгдэхүүний үнийг бууруулах зорилттой холбоотой гэж “Mysteel” агентлагийн шинжээчид үзэж байна.

Гэсэн ч Хятадын Засгийн газраас 2021 онд гангийн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны хэмжээнд барих талаар мэдэгдээд байгаа билээ. Эхний таван сарын байдлаар, тус улсын гангийн үйлдвэрлэл 473 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 13.9%-иар өсчээ. Одоогийн өсөлтийг хязгаарлахын тулд оны хоёрдугаар хагаст гангийн үйлдвэрлэлийг 60 сая тонноор бууруулах шаардлагатай ч энэ нь магадлал багатайг Бээжингийн “Lange Steel Information Research Center” төвийн захирал Ванг Гуоцин онцолсон байна.

Э.Од