Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Мэдээ мэдээлэл

Гашуунсухайт боомтын нэвтрэлт түр хугацаагаар зогслоо

Монголын нүүрсний экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал ачсан машинуудыг нэвтрүүлэхийг дөрөвдүгээр сарын 30-наас хориглосон байна. Энэ нь Хятадын талаас авдаг түргэвчилсэн шинжилгээгээр нүүрс тээврийн нэг жолоочид халдвар илэрч, эерэг гарсантай холбоотой ажээ.

Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулдаг компаниудын уурхайгаас нүүрсний уртын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. 

Эерэг тохиолдол илэрсэн жолооч нь түргэвчилсэн шинжилгээнд орохоос өмнө Монгол талдаа өгсөн PCR шинжилгээгээр сөрөг гэсэн дүнтэй гарсан байна. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан жолоочийг Ханбогд сумын Эрүүл мэндийн төвд тусгаарлажээ.

Түргэвчилсэн шинжилгээгээр халдваргүй хүн ч эерэг гарах тохиолдол байдаг ажээ. Тиймээс Өмнөговь аймагт, тэр дундаа нүүрс тээврийн жолооч халдвар авсан эсэх нь хараахан батлагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр, Хятад улсад тавдугаар сарын 1-3-ны хооронд Хөдөлмөрчдийн баяр тохиож буйтай холбоотойгоор Монголтой хиллэдэг Ганцмод боомт ажиллахгүй юм.

Хил нэвтрэлт зогсохоос өмнө Гашуунсухайт боомтоор өдөрт 150 орчим нүүрс болон зэсийн баяжмал ачсан машин нэвтэрч байсан юм.

Гашуунсухайт боомтын нэвтрэлт тавдугаар сарын 6-наас сэргэх төлөвтэй байна.   

Б.Төгс