Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар салбарын бодлого, хэрэгжилтийг хэлэлцжээ

УИХ-ын Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар (2021.03.24) хүнд үйлдвэрлэлийн салбарын бодлогын баримт бичиг болох Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулжээ.

Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, нефть-хими, кокс-хими, металлургийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, метан хийн үйлдвэрлэл, технологийн парк, ган төмөрлөгийн үйлдвэр, жонш баяжуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэрийг тус тус барьж байгуулахаар зорин ажиллаж буйг мэдээлсэн байна. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын исэлдсэн болон бага агуулгатай хүдрийг HL-SX-EW технологиор боловсруулж, жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмал үйлдвэрлэлд тулгуурлан жилд 124.1 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэх зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулан катодын зэс үйлдвэрлэж, экспортын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр баригдсанаар жилд 2 тэрбум ам.долларын катодын зэсийн экспортын орлого олох боломжтой болно. Бусад салбарын тухайд, олон улсын стандартад нийцсэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах; дотоодын гангийн хэрэглээний 30-50%-ийг хангах зорилгоор жилд 350 мянган ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэрийн цогцолборыг 2024 онд ашиглалтад оруулах, төмрийн хүдрээ дотооддоо боловсруулж, ган, төмөр бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, улмаар нэмүү өртөг шингээж экспортлох, мөн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зэрэг зорилт тавьжээ.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Г.ТэмүүлэнМонгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, үйлдвэржилтийн бодлогыг боловсронгуй болгох зорилгоор бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай. Иймд Үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ техник, технологи нэвтрүүлэх, судалгаа, туршилт хийх, шинэ зах зээлд нэвтрэхэд үйлдвэрлэгч нарт төрөөс дэмжлэг үзүүлэх, Хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд шаардлагатай газар олголтын асуудлыг төрөөс шуурхай шийдвэрлэх, төслийн талбайг тойрсон газрыг төсөл бүрэн хэрэгжих хугацаанд олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, Хүнд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд болон төсөлд төрөөс үйлдвэрлэлийн зориулалттай зээлийг бий болгох, дотоодын банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг уртасгах, ханшийн эрсдэлээс хамгаалах цогц бодлогыг хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Хэлэлцэх асуудлын дараалалд байсан Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг дараагийн дэд хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.