Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Австрали төмрийн хүдрийн экспортоо 1.1 тэрбум тоннд хүргэнэ 

Гэрэл зураг: www.mining.com

Даваа гаригт (2021.03.29) Австралийн Засгийн газрын мэдэгдсэнээр, 2020-2021 оны санхүүгийн жилд тус улсын төмрийн хүдрийн экспорт дээд хэмжээнд хүрч 136 тэрбум австрали долларын (104 тэрбум ам.доллар) орлого бүрдэнэ гэж тооцжээ. Үүнд КОВИД-19 цар тахлын дараа эдийн засаг сэргэж буйн улмаас дэлхийн гангийн үйлдвэрлэлийн идэвхжил нөлөөлнө гэж үзэж байна.

BHP, “Rio Tinto” болон “Fortescue”  зэрэг олборлогчид Австралийн Пилбара бүс нутагт төмрийн хүдрийн томоохон төслүүд худалдан авч, хэрэгжүүлж байгаа юм. Ингэснээр ирэх 5 жилийн хугацаанд тус улсын гол экспорт төмрийн хүдрийн худалдааны жилийн орлого 100 тэрбум австрали доллар давахад ихээхэн түлхэц үзүүлэх төлөвтэй.

Түүнчлэн, эрчим хүчний нүүрсний экспортын орлого буурч байгаа хэдий ч дэлхийн зах зээлд эрэлт нэмэгдэж буй зэс, никель, лити гэх мэт түүхий эдийн экспортын орлогоор нөхөх боломжтойг Австралийн Худалдааны яам тайландаа онцолжээ.
Тус улсын 2020-2021 оны 900 сая тонн төмрийн хүдрийн экспортын хэмжээ 2025 он гэхэд 1.1 тэрбум тоннд хүрэх хүлээлттэй байна.

Э.Од