Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулган эхэллээ

“Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь”  уриатай “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулганыг “Эрдэс баялаг эмэгтэйчүүд” НҮТББ өнөөдөр цахимаар зохион байгуулж байна.  Энэ удаагийн чуулган  нь цар тахлын нөхцөл байдалд байгаа хэдий ч цахим боломжийг ашиглан ажлын байрандаа ажиллаж буй салбарын эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, тэдэнд жендэрийн болон хариуцлагатай уул уурхайн ойлголт, мэдлэгийг өгөх, идэвхжүүлэх, урам зориг өгөх, чиглүүлэхийг зорьж байгаа хэмээн чуулганыг зохион байгуулагчид онцоллоо. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Канадын МЕРИТ төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК  энэхүү чуулганыг хамтран зохион байгуулж байгаа юм.

Чуулганыг  УУХҮ-ийн сайд Г.Ёндон, МЕРИТ төслийн захирал Женнифер Адамс нар нээж  үг хэлсний дараа үндсэн гурван хэсэгт хэлэлцүүлэг өрнөж байна.   “Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан А.Ундраа “УИХ дахь Хариуцлагатай уул уурхайн лобби бүлгийн туршлага, ололт, сургамж”, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь “Байгалийн баялгийн засаглалын олон улсын туршлага”, УУХҮ-ийн дэд сайд  О.Батнайрамдал “Хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэх талаарх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2020-2024” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Мөн салбарын жендэрийн талаар баримтлах бодлого, эрдэс баялгийн салбарт эмэгтэй эрдэмтдийн оролцоо зэрэг олон талт мэдээллийг илтгэгчид тавьж, хэлэлцүүлж байна.  Эрдэс баялгийн салбарт монгол эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж хэн нэгнээс хамааралгүйгээр өөрийн ур чадвараараа амжилтад хүрэх боломжийг бүрдүүлэх нь чухлаар тавигдаж байна хэмээн “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” НҮТББ-ын ТУЗ-ын дарга О.Туяа онцлов.  Эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг хэд хэдэн төрийн бус байгууллага бий. Тухайлбал, Монголын Геологийн эмэгтэйчүүдийн холбоо ТББ нь  Монголын геологийн салбарын эмэгтэйчүүдэд тулгарч буй  асуудлыг  шийдэхийн төлөө ажилладаг бол Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо ТББ уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийг чадавхижуулах, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжин ажиллаж байна. Харин “Монголын уул уурхай дахь эмэгтэйчүүд” ТББ-ын хувьд эмэгтэйчүүдийн оролцоог хангасан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжин, цар хүрээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа юм.

Өмнөх чуулган нь зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” уриан дор зохион байгуулагдаж, эмэгтэйчүүд анх удаа дуу хоолойгоо нэгтгэж байсан юм. Үүний дараа хоёрдугаар чуулган  нь 2019 онд УУХҮЯ-ны санаачлагаар “Хамтын хүч хөгжлийн гарц”  уриан дор Улаанбаатар хотноо болж байв. Тэгвэл энэ удаагийн чуулганаар салбарын эмэгтэйчүүд жендэрийн тэгш байдлын талаар ойлголтоо нэгтгэх, хариуцлагатай уул уурхайн сайн туршлагыг бий болгох эрмэлзэл, зорилгын талаар  ойлголт өгөх, жендэрийн ойлголтыг анхлан манлайлсан хүмүүс  болон суралцахуйн сайн туршлагыг түгээх, өөрийн зорилго тэмүүлэлтэй бусдын сайн туршлагаас суралцах зэрэг үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна.

                                                                                                                                              Г.Идэр