Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Банкууд 3%-ийн хүүтэй зээлийн шаардлагыг сулруулах саналтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (2021.03.04) банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзав. Уулзалт “10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд болсон юм. 10 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2 их наяд нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг банкуудаар дамжуулж олгохдоо зөрүү хүүний татаасыг төр хариуцахаар тооцоолжээ. Хэдийгээр зээлийн хүү бага ч банкуудаас зээлдэгчдэд тавьж буй нөхцөл шаардлага өндөр гэж салбарынхан үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдын уулзалтын үеэр банкууд зээл олгох нөхцөл шаардлагыг бууруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. 

Монголын Банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлдэгчид тавьж буй шаардлагыг бууруулах хэрэгтэй. Татварын өргүй, тайлангаа тогтмол гаргасан байх зэрэг шаардлагад олон аж ахуй нэгж “бүдэрнэ”. Засгийн газраас хэрэгжүүлэх 3%-ийн хүүтэй зээлийн төлөвлөгөө бол арилжааны банкуудад ашиггүй ч харилцагчдын орлого нэмэгдэж байвал урт хугацаандаа бүгд хожно” гэв. 

Хаан банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Шинэ төлөвлөгөөний зээлийн нөхцөлд аж ахуйн нэгжүүд заавал ХХК байна гэж тодорхой хязгаар заах юм бол орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй. Тухайлбал, энэ шалгуурт манай банкны 28 мянган зээлдэгчдийн 3300 нь л тэнцэхээр байна. Тиймээс 500 хүртэл сая төгрөгийн зээлийг бичил бизнес эрхлэгчдэд, 3 тэрбум хүртэлх зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгох байдлаар зээлийн шаардлагын босгыг буулгах нь зохимжтой” гэсэн санал дэвшүүлжээ. 

Сангийн сайд Б.Жавхлан “Иргэдийн мөнгөөр иргэдийнхээ амьдралыг дэмжих гэж байна. “10 их наядын төлөвлөгөө”-ний 3%-ийн зээлийн санхүүжилт нь банкуудын баланс дээр шууд ашиг авчрахгүй ч банкуудад өөрсдөд нь ээлтэй. Банкинд хамгийн үнэ цэнэтэй зүйл харилцагч юм. Эдийн засгийн хямралыг давсны дараа банкинд сайн харилцагчид бий болно. 48 мянган аж ахуй нэгжээс 27 мянга нь энэ 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах нөхцөл шаардлагыг хангах тооцоо байна” гэсэн байр суурийг илэрхийлэв. 

Ийнхүү банкны салбарын төлөөллүүдийн дэвшүүлж буй 3%-ийн хүүтэй зээлийн нөхцөл шаардлагыг сулруулах саналыг хүлээн авч асуудлыг эргэн харна гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн байна. 

Б.Номин