Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

Оюутолгой: Татварын актын шинэ асуудлуудыг арбитраар шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна

“Оюутолгой” компани 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюутолгой” компанийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм.

Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд “Оюутолгой” компани нь 797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн (2016 онд 215 сая ам.доллар, 2017 онд 228 сая ам.доллар, 2018 онд 308 сая ам.доллар тус тус төлсөн). Мөн хугацаанд “Оюутолгой” нь 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна.

Татварын ерөнхий газар нь Нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэсэн.

Энэхүү Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлуудын нэлээд хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны нэгдүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл юм. Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг ХөОГ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” компани санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан. Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул тус компани Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байна.

“Оюутолгой” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Оюутолгой” компани нь татвар, төлбөрийг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлдөг гэдгээрээ бахархдаг. Оюутолгой шиг том хэмжээний төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн ил тод, урьдчилан таамаглах боломжтой татварын орчинд үндэслэн хийх боломжтой байдаг” гэв.

“Оюутолгой” компани нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлдөг болохоо онцлон тэмдэглэлээ. Ингэхдээ холбогдох хууль, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Татварын ерөнхий газраас өгсөн зөвлөмжүүдийг баримталдаг байна. Мөн тус компани нь Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Үнэ шилжилтийн зөвлөмж гэх мэт олон улсын холбогдох дүрэм, журмыг үйл ажиллагаандаа баримталж ажилладгаа тэмдэглэлээ.

“Оюутолгой” компани нь 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг (ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар)-ийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлжээ.

Үүнээс гадна “Оюутолгой” 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан байна. Одоогоор тус төсөлд 12 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 94% нь дотоодын ажиллах хүчнээс бүрдэнэ.

Тус компани 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөн. Тэр дундаа ашигт малтмалын нөөц ашигласны зарим төлбөрийг хуулийн хугацаанаас өмнө шилжүүлжээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих үүднээс хийж алхам болохыг компани тайлбарлалаа.