Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Төв банк 22 тонн үнэт метал худалдан авав

Монголбанк 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 22 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгдсэн дүн юм. Монголбанк сүүлийн таван жилд 100 орчим тонн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүллээ.

Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгов. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч,  алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс тав дахин өсч, 1.7 тэрбум ам.долларт  хүрлээ. Энэхүү үр дүнд хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмрийг оруулав.

Мөн өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт метал худалдан  боломжийг бүрдүүлэх, үнэт металын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч төлбөр тооцоог хийсэн. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэдийн цаг хугацааг хэмнэж, улмаар Монголбанкинд худалдах үнэт металын хэмжээ өслөө.

Цаашид Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай  хамтран үнэт металын олборлолтыг нэмэгдүүлэх, хууль бусаар хил давуулан худалдаалах явдыг бууруулах, мөн дотоодын зах зээлд гарал үүсэл тодорхой үнэт металын худалдааг сайжруулах зэргээр үнэт металын салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: Монголбанк