Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” шинэ захирлаа сонголоо

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” нь Австралийн уугуул иргэдийн соёлын өв болсон Жуукан Горж-ийн агуйг сүйтгэснийхээ хариуд Гүйцэтгэх захирал болох Жан Себастьян Жакыг огцруулахаар есдүгээр сард шийдвэрлэсэн. Тэгвэл Гүйцэтгэх захирлын албан тушаалд тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Якоб Стаусхолмыг томилохоор болжээ.

Бодлогын болоод худалдааны өргөн туршлага, хүчирхэг чанарууд, хамтын ажиллагааны манлайлах чадвар, төлөв байдал нь Стаусхолмыг Гүйцэтгэх захирлаар томилоход яг тохирсон хэв шинж болохыг “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон тайлбарласан байна. Тус компанийн шинэ гүйцэтгэх захирлаар компанийн бус хүн сонгогдоно гэсэн таамаг шинжээчдийн дунд түгээмэл байсан юм.

Якоб Стаусхолм нь 2018 оны есдүгээр сард “Рио Тинто” компанийн Санхүү эрхэлсэн захирлаар томилогдсон бөгөөд өмнө нь Maersk Group, ISS, Shell, Statoil, Woodside Petroleum зэрэг компанид ажилласан туршлагатай. Тэрээр Гүйцэтгэх захирлын албан тушаалдаа ирэх оноос эхлэн орох төлөвтэй байна. Түүний хамгийн гол хэрэгжүүлэх зорилтуудад уугуул иргэдийн дунд “Рио Тинто” компанийн нэр хүндийг сэргээх ажил зайлшгүй багтана.

Б.Төгс