Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Сибирийн хүч 1” хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий Хятадад нийлүүлжээ

“Сибирийн хүч 1” байгалийн хий дамжуулах хоолойг одоогоос жилийн өмнө (2019.12.02) ашиглалтад оруулж Оросоос анхны бүтээгдэхүүнийг Хятад руу нийлүүлж байсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий экспортолсон тухай Оросын “Газпром” компани мэдээлэв. Гэрээний дагуу арванхоёрдугаар сард Хятадын тал Оросоос авах байгалийн хийн импортоо огцом нэмэгдүүлэх, эсвэл энэ оны үлдсэн нийлүүлэлтийн төлбөрийг төлөх үүрэгтэй. 

Орос, Хятадын тал 2014 онд байгуулсан гэрээгээр “Сибирийн хүч 1” хоолойгоор 2020 онд 5 тэрбум, 2021 онд 10 тэрбум, 2022 онд 15 тэрбум шоо метр хий нийлүүлэх хуваарьтай. Хий дамжуулах хоолойг бүрэн хүчин чадалд хүргэхэд Оросын талаас түүхий эдийн нөөц дутмаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. 

Энэ оны эхний 11 сард Хятад 115 тэрбум шоо метр байгалийн хий импортолжээ.  

Одоо “Газпром” компани нь Хятад руу байгалийн хий экспортлох хоёр дахь “Сибирийн хүч 2” хоолойг Монгол Улсын нутгаар дайруулан байгуулах төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм. Төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай компанийг байгуулах баримт бичгийг (2020.08.25) талууд үзэглэсэн.  

Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компанийн мэдээллээр, Монголын нутгаар дамжуулах “Сибирийн хүч 2” хоолой байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсаас “Эрдэнэс Монгол” ХХК, ОХУ-аас "Газпром” НХН, БНХАУ-аас “CNPC” корпораци тус тус хариуцан ажиллаж байна.  

Э.Од