Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

КОВИД-19: Нүүрсний экспорт татарч эхэллээ

Монгол Улс дотооддоо цар тахлын халдвар алдсаны дараа Хятадын Ганцмод боомтын хяналт шалгалт илүү чангарч эхэллээ. Өмнө нь Хятадын талаас нүүрсний машинуудын гаалийн бүрдүүлэлтийг оройны 5 цаг хүртэл хийдэг байсан нь одоо өдрийн 12 цаг хүртэл болж богиноссон тухай “Фэнвэй Энержи” мэдээлжээ. Үүнээс гадна хилээр нэвтэрсэн жолооч нарыг Хятадын талд хоноглохыг зөвшөөрдөг байсныг цуцалж тухайн өдөртөө буцаж гарах шаардлага тавих болсон байна.

Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.

Хилийн нэвтрэлт удаашрах болсонтой холбогдуулан Хятадын Ганцмод боомтын агуулах дахь нүүрсний нөөц 1 сая тонн болж, хэвийн хэмжээнээс огцом буурсан байна. Нөөц буурсантай холбоотойгоор Хятадын худалдан авагчдын дунд Монголын нүүрсний эрэлт нэмэгдэж, үүнийгээ дагаад үнэ нь ч өсч эхэлсэн тухай “Фэнвэй Энержи” мэдээллээ. Тухайлбал, түүхий коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногоос тонн тутамдаа 10 юаниар нэмэгдэж 860 юань, угаасан коксжих нүүрсний үнэ 20 юаниар өсч 1060 юань болжээ.

Харин Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь гол суваг болох Шивээхүрэн боомтын нэвтрэлт хэвийн явагдаж байна.

Б.Төгс