Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Т.Мөнхбаяр: Улсын төсвийн шинэ, тогтвортой эх үүсвэрүүдийн нэг нь “Эрдэнэс Силвер Ресурс” 

The Mongolian Mining Journal /Oct.2020/

Салхитын мөнгөний уурхайн  үйл ажиллагааны талаар “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяртай  The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.    

 

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  үйл ажиллагаа явуулж  эхэлснээс хойш хэрэгжүүлж байгаа гол ажил, төслүүдийнхээ  талаар танилцуулна уу?
 “Эрдэнэс Силвер Ресурс” нь 2019 оны зургадугаар сард 100%  төрийн өмчит, “Эрдэнэс Монгол” группын охин компани хэлбэрээр байгуулагдсан. Өнөөдөр Монгол Улсын төсвийн орлогын 34%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Энэ утгаараа улсын төсвийн шинэ, тогтвортой эх үүсвэрүүдийн нэг нь манай компани байх болно. Уул уурхайн баялаг, нөөц боломжийг үр ашигтай, зохистой ашиглах зорилгоор Салхитын мөнгө, алтны ордод төр болон төсвөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг авахгүйгээр  үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөө өөрийгөө санхүүжүүлэх схем гаргаж, ашигт малтмалын олборлолтыг богино хугацаанд эхлүүлэх, орлого, үр ашиг олох зэргээр мэдлэг, ур чадвар шаардсан ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. 2019 оны аравдугаар сард Салхитын мөнгө, алтны ордын  ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй  2887 га талбайг манай компанид шилжүүлсэн. Улмаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд  Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны босгон дээр УИХ баталсан. Тиймээс бид хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах том үүрэг даалгавар хүлээн авч Салхитын мөнгө, алтны ордын ТЭЗҮ-ийг  боловсруулсан юм. Ордын нөөцийг барьцаалан 233 мянган ахмадын 1  их наяд орчим төгрөгийн тэтгэврийн зээлийг “Эрдэнэс бонд”-оор төлсөн нь  ахмадуудын бодит амьжиргаанд ихээхэн тустай зүйл болсон. Газрын доорх баялгийг иргэдэд үе шаттайгаар тэгш хүртээх сайн жишиг ч гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд  манай компани Салхитын мөнгө, алтны  ордын ТЭЗҮ-ийг боловсруулснаас гадна төслийн бүтээн байгуулалт, сэргээн засварлалт, тогтвортой үйлдвэрлэл, ажлын байр, үр ашгийг бий болгохын төлөө ажиллалаа. 
 
Компанийн зүгээс үйлдвэрийг шинэчлэх чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ?
Биднийг бэлтгэгдсэн уурхай шилжүүлж авсан гэх буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Гэвч бодит байдал дээр бид бүх ажлаа тэгээс эхлүүлсэн. Уурхайн өмнөх эздийн үед тоног төхөөрөмжүүд тоногдож, хэрэглэхийн аргагүй болсон байсан. Мөн өвлийн улиралд үйл ажиллагаагаа зогсоосноос үүдэлтэй үйлдвэрийн шугам хоолой, худаг, усны  бүх  дэд бүтцийг ашиглах ямар ч боломжгүй байлаа. Уулын ажлыг  технологийн бус аргаар, сорчилж явуулсан, уурхайн зам, талбай, хаягдлын сан зэрэг нь  стандартын шаардлага хангаагүй  олон дутагдал илэрсэн. Бид үйлдвэрийн 80-90%-ийг засварлаж, чанарын  шаардлагад нийцүүлсэн. Өнөөдөр Монголын анхны төрийн өмчит Мөнгөний баяжмал боловсруулах үйлдвэр өдөрт 25-30 тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай тогтвортой ажиллан, 150 хүнийг ажлын байраар хангаж байна. Ажилчдын амьдрах тав тухтай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байр сууц, оффисын барилгыг ашиглалтад оруулаад байна. Гэхдээ сэргээн засварласан үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажилласан ч “Эрдэнэс бонд”-ын төлбөрийг бүрэн төлөх боломжгүй тул цоо шинэ хоёр дахь Баяжуулах үйлдвэрийн зураг төслийг мэргэжлийн байгууллага боловсруулсан. 
 
Шинэ үйлдвэрийн хүчин чадал ямар байх вэ, хэзээ ашиглалтад орох вэ? 
Үйлдвэрийн барилгын ажил явагдаж байна. Шинэ үйлдвэр одоо ажиллаж байгаагаасаа хоёр дахин илүү буюу жилд 600 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Энэ бүхнийг  компани  өөрийн менежментээр 100%  санхүүжүүлж байна. 
 
“Эрдэнэс Силвер Ресурс”   нь  таван жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн бонд буюу тэтгэврийн зээлийн төлбөрийг төлөх даалгавартай. Энэ асуудлыг тойрсон хардлага, эргэлзээ иргэдийн дунд түгээмэл байдаг учраас ордын нөөц бололцоонд тулгуурлан хэрхэн төлөх боломжтойг тайлбарлана уу?
Бонд гаргах замаар арилжааны банкууд   нийт тэтгэврийн зээлийн төлбөрийг төлсөн. Ирэх 4.5 жилийн хугацаанд бондын төлбөрийг төлнө. Мөн зээлгүй ахмадуудад эзэмшүүлсэн 1 сая төгрөгийн ваучерыг  (210 орчим тэрбум төгрөг) 2021 оны тавдугаар сард мөнгөжүүлэх нь бидний ирэх жилийн хамгийн том зорилт. Энэ төлбөрийг барагдуулахаар хэд хэдэн хувилбар гарган ажиллаж байна. Салхитын мөнгө-алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан тэтгэврийн зээлийн төлбөрийг төлөхөөр төлөвлөж байх үед ордын нөөцтэй холбоотой маргаан, ташаа мэдээлэл их гарч байлаа. Ордын өмнөх эзэмшигчдийн бүртгэлжүүлсэн нөөц  бодит нөөцийн хэмжээнээсээ бага байсан. Өнгөрсөн зун нэмэлт хайгуул хийсний үр дүнд  ордын одоогийн нөөц 50 хүртэлх хувиар өсөх боломжтой. Урьдчилсан тооцооны хайгуулын ажлын үр дүн, холбогдох баримт бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах ажил ид явагдаж байна. Энэ ондоо багтан бид нөөцийн хөдөлгөөний тайлан, ТЭЗҮ-д  нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа. Нэмэлт хайгуулын ажил манай 2887 га талбайн тодорхой хэсэгт хийгдсэн. Хайгуул хийгээгүй талбай үлдсэн гэдгийг онцлох нь зөв болов уу.  Үлдсэн талбайд хайгуул хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай. Иймд хайгуул хийсэн талбайн хэмжээ нэмэгдэхийн хэрээр нөөц нэмэгдэх боломжтой.
 
Ирэх оны тавдугаар сар  гэхэд тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад олгох 1 сая төгрөгийн эрхийн бичиг  буюу 210 орчим тэрбум төгрөгийг мөнгөжүүлнэ гэж ярьлаа. Эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хэр ахицтай байна вэ? Энэ мөнгийг цаг хугацаанд нь бүрдүүлэх боломжтой юу?  
 Манай компанид 2020 оны дөрөвдүгээр улирал, 2021 оны нэгдүгээр улирал бол маш чухал үе. Анхаарлаа хамгийн ихээр хандуулж байгаа  ажил бол энэ. 2019 оны долдугаар сард байгуулсан компани, төрөөс ямар нэг санхүүгийн дэмжлэг авахгүйгээр, эвдрэл гэмтэл ихтэй үйлдвэр хүлээн авч, 1.5 жилийн дотор үйл ажиллагаагаа   жигдрүүлэн 210 тэрбум төгрөгийг бүрдүүлнэ гэдэг үнэхээр амаргүй даваа. Судалгаа хийх, гаднын компаниудтай холбоо тогтоох ажлуудыг тогтмол явуулж, Хятад болон Европын орны  хэд хэдэн компанитай хамтран ажиллаж, санал бодлоо солилцож байна. Тэдний ирүүлсэн саналыг компанийн удирдлага, ТУЗ-ийн гишүүд  зөвлөлдөн “Эрдэнэс Силвер Ресурс” компанид хамгийн ашигтай нөхцөлтэй гэрээ хийх ажил ид явагдаж байна.  

“Эрдэнэс Силвер Ресурс” компанийн баяжуулах үйлдвэр 

Санхүүжилт босгох ажлын явц 20%-тай   байна.  Ирэх оны тавдугаар сар гэхэд тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийн ваучер  нийт 210 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хугацаанд нь бүрдүүлэхээр  хэд хэдэн хувилбар гарган төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Энэ үүргээ биелүүлэх бүрэн боломжтой.

Салхитын мөнгө-алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна танай компани өөр ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
 Бид саяхан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Овоот Хярын алтны ордын тусгай зөвшөөрлийг хүлээн авсан. Энэ ордод хайгуулын ажлаа эхлүүлээд байна. Бидний төлөвлөснөөр  энэ оны эцэс юм уу,  2021 оны нэгдүгээр улиралд багтаан хайгуулын үр дүнд тогтоогдсон нөөцөө батлуулж, олборлолт болон үйлдвэрлэл явуулах бэлтгэл ажлыг эхлүүлнэ.

Ковид-19  цар тахал дэгдсэнээс хойш  дотоодын компаниудын үйл ажиллагаанд олон бэрхшээл тулгар­сан. Танай компанид байдал ямар байна вэ?
Гэрээ хэлэлцээр хийх, гаднаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж оруулж ирэх ажлууд    хөл хорио тогтоосон, хил хаасантай холбоотойгоор удааширсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд зарим эерэг үр дүн гарсныг ч тэмдэглэх  хэрэгтэй. Тухайлбал үүсээд буй нөхцөл байдлын улмаас дотоодын инженерүүд өөрсдийн санаачилга, хүчин чармайлтаар бүтээн байгуулалт хийж байна. Компани зардлаа хянаж, бүсээ чангалах зарчим баримтлан нөөц бололцоогоо зөв зохион байгуулж ажиллаж байна.

Төрийн өмчит компанийг өндөр ур чадвартай, туршлага хуримтлуулсан сайн менежерүүд авч явдаг. Танай компанийн хүнийн нөөц энэ шаардлагад хэр нийцдэг вэ?

Төрийн өмчит компаниуд чадавхтай боловсон хүчин бүрдүүлэн улсын төсөвт хувь нэмрээ оруулдаг, байгалийн баялгийг иргэн бүртээ хүртээдэг байгаасай гэж би хувьдаа хүсдэг. Манай компани хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох зорилготой   ажиллаж байна. Энэ бүхний гол цөм нь чадварлаг боловсон хүчин. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшиж,  салбартаа олон жил ажиллан туршлага хуримтлуулсан ажилтнуудаар компани  багаа бүрдүүлсэн. Тиймдээ ч ажил   урагштай, хурдан   байна.  “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн  үйл ажиллагаа цаашид улам өргөжин,  Монгол Улсын ирээдүйд бий болох Баялгийн шинэ сангийн орлогын багагүй хувийг бүрдүүлэх  томоохон төлөөлөл болно гэж боддог.
 
“Эрдэнэс Силвер Ресурс” компани байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч байна. Өмнөх компаниуд энэ талаар нэлээд алдаа дутагдал гаргаж хуулийн хариуцлага хүлээсэн. Танай компанийн  хувьд энэ чиглэлээр  хэрхэн ажилладаг вэ?
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу  “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  нь байгаль орчны болон уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлэн  эдгээрт тусгасан  үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, байгаль орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллөөс зайлсхийх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг нөлөөллийг илрүүлэх, тэдгээрийн үр дагаврыг тогтмол хянах, хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр ажиллаж байна. 
Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн технологийн процесст ашиглагдаж байгаа усны хэрэглээг дахин ашиглах хувилбарыг сонгон хэрэгжүүлж, үйл ажиллагаанаас үүсэх үйлдвэрлэлийн болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүй байхаар шийдвэрлэж байгаа. 

Танай компани  хөрөнгө оруулагчдад хэр нээлттэй ажиллаж байна вэ?
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК олон нийтэд ил тод үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас иргэд тодорхой мэдээллийг авсан  байх. Бид үйлдвэрийн үйл ажиллагаагаа тогтворжуулж, өмнө тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлэх,  гадаад харилцаагаа хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. 


 
 

 

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.161.67)
    super bn
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.104)
    Мундаг удирдлагатай хамт олонд амжилт хүсье
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.17.93)
    Мундаг шүү амжилт
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.85.99)
    Ahad ajliin amjilt husie mundag shuu
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.31.195)
    wow uneheer ene hetsuu tsag uyd tanaih sain ajillaj bnaa. chihend chimegte medeelel oruulsand bayrlalaa
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Irgen (203.91.115.53)
    Mundag , ajliin undur amjilt husey
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Irgen. (202.126.89.189)
    Mundag bn. Mongold gazriin doorhi baylagaa zov zahiran zartsuulbal ymar ih bolomj bgaa haruulj bn. Ene ord neeh tomdoo ch bas orohgui bh. Zugeer l china-guud huuli zorchij huraagdsan ord. Mergejiliin bh ni chuhal bish, gol ene met ajliin toloo chin setgeleesee zutgej hiij bga humuusee ajliig ni hariutsuulaad zutgevel Mongol Singapore ahig usrengui hogjih bolno. Amjilt husey.
    2020 оны 11 сарын 19 | Хариулах