Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Нүүрсний экспорт аравдугаар сард 4 сая тоннд хүрэв

Оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1% буюу 1.17 тэрбум ам.доллараар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дотроо экспорт 5.99 тэрбум ам.долларт хүрсэн нь 8.3%, импорт 4.44 тэрбум ам.доллартай тэнцсэн нь 12.4%-иар тус тус буурсан байна. Ийнхүү гадаад худалдааны тэнцэл оны эхний арван сарын байдлаар 1.55 орчим тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

Нүүрсний экспорт оны эхний арван сарын байдлаар 23.9 сая тоннд хүрч, мөнгөн дүнгээр 1.8 тэрбум ам.доллартай тэнцлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет жингээр 26%, орлогын дүнгээр 35.5%-иар тус тус буурсан байна. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн аравдугаар сард манай улс 4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх есдүгээр сарын дүнгээс 600 мянган тонноор буурлаа. Салбарын сайдын мэдэгдсэнээр энэ онд манай улс 30 сая тонн нүүрс экспортлох шинэ төлөвлөгөөгөөр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Зэсийн баяжмалын экспортын тухайд мөн хугацаанд 1.14 сая тонн бүтээгдэхүүн гадагш нь гаргаж 1.35 тэрбум ам.долларын орлого олсон байна. Зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлогын дүнгээр 12.7%, биет хэмжээгээр 2.9%-иар тус тус буурчээ.

Алтны экспортын тухайд орлогын дүнгээр эрдсийн экспортын гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Оны эхний арван сарын байдлаар улсын алтны экспорт 22.8 тоннд хүрч, орлогын дүн нь 1.32 тэрбум ам.доллараар илэрхийлэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет жингээр 205%, мөнгөн дүнгээр 284%-иар тус тус өссөн үзүүлэлт юм. Манай улс өнгөрсөн аравдугаар сард 2.54 тонн алт экспортолж 156 сая ам.долларын орлого олсон байна.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт оны эхний арван сарын байдлаар 7 орчим сая тоннд хүрч, 527 сая ам.долларын орлогын дүнтэй гарлаа. Энэ нь экспортын дүнгээр биет жингээр 3.7%, мөнгөн дүнгээр 14.8%-иар тус тус өссөн байна.

Дээрх дөрвөн түүхий эдийн экспорт нь улсын нийт экспортын 83.1%-ийг бүрдүүллээ.

Эрдсийн экспортын тухайд алт, төмрийн хүдрээс бусад түүхий эдийн орлогын үзүүлэлт бүгд бууралттай гарлаа.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Б.Төгс