Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал анхдугаар ээлжит бус чуулган өнөөдөр (2020.08.17) гишүүдийн 57.3%-ийн ирцтэйгээр 09.00 цагт эхэллээ.

Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцоллоо.

Мөн тэрбээр, коронавирус (КОВИД-19)-ийн цар тахлын үед Монголын ард түмэнтэй илүү ойр дотно харилцаатай байж, дэмжин тусалж буй ОХУ, БНХАУ болон АНУ, Япон Улс, Европын холбоо, ХБНГУ, БНСУ, БНЭУ, БНТУ, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын тэргүүн, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Улсын эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийн даван туулах, хямралаас эдийн засаг, баялаг бүтээгчид, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ дурдсан.  

 

 Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар

-Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл,

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл,

-Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан,

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг,

-“Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,

-“Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр тогтсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.