Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх улиран сонгогдов 

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Чуулганы (2020.07.02) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон 71 гишүүний 98.5%-ийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болж байна. 1990 оноос хойш улиран ажиллаж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байгаа юм. Өмнө нь С.Баяр улиран Ерөнхий сайд болж байсан бол Ц.Элбэгдорж нь дунд нь завсартайгаар Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. 

Шинээр  бүрдсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэн эрхийн хугацааны анхны хуралдаанаар (2020.07.02) хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн байна.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” заасан.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан байна. Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр УИХ-д хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал (2020.07.01)хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.
Тэрбээр 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон билээ. 

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм. 

Эх сурвалж: parliament.mn