Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

УИХ: Таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллана 

Шинээр байгуулагдсан УИХ ойрын хугацаанд дараах таван чиглэлд ажлын хэсэг байгуулж, хугацаа алдалгүй ажилдаа орох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

1. Хуулийн реформоо хугацаа алдалгүй үргэлжлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө баталгаажуулж томоохон хуулиудыг өөрчилнө. Эхний ээлжид 37 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулна.

2. Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах өсөлтийн суурийг бүрдүүлнэ. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтаа хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан орно. Коронавируст цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах. Ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх. Өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үр дүнд хүргэх нь чухал байна. Тухайлбал, банк санхүүгийн реформоо үргэлжлүүлж, зээлийн хүүг бууруулж, нэг оронтой тоонд оруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах шийдвэрийг УИХ нэн яаралтай гаргахыг ард түмэн хүлээж байгаа.

3. Эдийн засгаа солонгоруулахын төлөө ажиллана. Эхний ээлжид хос морьтой болно. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг өнөө маргаашгүй бодит ажил хэрэг болгох шаардлагатай байна. Үүний тулд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжинэ. Мал аж ахуйн гаралтай түүхийн эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрийг гаргах нь чухал.

4. Төрөө төвшитгөх сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг ард түмнээсээ авсан. Энэ хүрээнд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэрүүнд анхаарах хэрэгтэй байна. Иймд УИХ-ын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нэн яаралтай журамлаж, хуульчлах хэрэгтэй байна. Энэ бүтцээр дамжуулан зөвхөн УИХ биш нийт төрийн албан хаагчдын, цаашлаад нийгмийн хариуцлага, ёс зүйг хэрэгжүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.

5. Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогыг цаашдаа туушдаа үргэлжлүүлнэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, тэтгэврийн шинэчлэл, бага өртөгтэй орон сууц, тогтвортой амар амгалан гэр бүл хөтөлбөрийг ойрын үед баталж, хэрэгжүүлнэ.