Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэв 

Он гарсаар тавдугаар сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдааны нийт эргэлт 3.3 тэрбум ам.долларт хүрсний дотор экспорт 1.56 тэрбум ам.доллар, импорт 1.78 тэрбум ам.долларт хүрээд байна. Тодруулбал гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 31.8%, экспорт 46.6%, импорт 9.7%-иар тус тус буурсан байна. Ингэснээр тайлант хугацаанд гадаад худалдааны тэнцэл 221 сая ам.долларын алдагдалтай (өмнөх оны мөн үед гадаад худалдаа 950 сая ам.долларын ашигтай байсан) гарсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.7%-иар буурсан дүнтэй гарчээ.  

ДНБ-ийн хэмжээ энэ оны эхний улиралд 10.7%-иар буурсны -7.6% нь уул уурхай, олборлолтын салбарт, -2.1% нь тээвэр, мэдээлэл холбооны салбарт, -1.3% нь бөөний, жижиглэн худалдааны салбарт, -1% нь бүтээгдэхүүний цэвэр татварт тус тус ногдож байна. 
Энэ оны тавдугаар сарын дунд үеийн байдлаар зэсийн баяжмалын экспорт эрдсийн экспортыг орлогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол нүүрсний салбарын экспорт харьцангуй сэргэх хандлага ажиглагдаж байна. 

Тодруулбал өнгөрсөн дөрөв­дүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар нийтдээ 400 мянган тонн нүүрс экспортолж байсан бол тавдугаар сарын эхний хагаст 881.6 мянган тонн нүүрс экспортолсон нь 120%-иар өссөн дүн боллоо. Гэсэн хэдий ч 2019 оны тавдугаар сарын эхний 15 хоногт 1.6 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 45%-иар бага дүн болж байна. Өөрөөр хэлбэл нүүрсний экспорт хэвийн хэмжээнд очлоо гэж үзэхэд хавьгүй эрт байна. 

Экспортын алдагдал маш өндөр хэвээр байна. Тухайлбал зөвхөн нүүрс, зэсийн экспортын хэмжээг нэгтгээд   үзэхэд өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг тэрбум ам.доллараар бага дүнтэй гараад байгаа юм. 
Экспорт нь өсөлттэй  түүхий эдийн тоонд гагцхүү төмрийн хүдэр, тунгаасан зэс нэрлэгдэж байна.