Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Сонгуулийн өмнөх “хасах” өсөлт

Б.Төгсбилэгт

2020 оны “агуу” сонгууль нэлээд хүндхэн үед болох гэж буйгаараа онцлогтой. МАН-ын үед эрдсийн ханш өсч, АН-ын үед буурдаг гэх онигоо энэ удаад ч  дахин биелэв үү гэтэл сонгууль болохын өмнөхөн буурч орхив. Доройтсон эдийн засгийг аварсан пайзтайгаар сонгуульд манлайлан оролцохоор завдаж байсан МАН-ынхны царай яг одоо барайж байж болох авч шинэ коронавирусийг дотооддоо алдаагүй гэсэн шалтгаанаар тус намын нэр хүнд олны дунд багагүй сэргэсэн нь тодорхой. Сул тал заримдаа давуу тал болдог жишээ энэ буюу. Үнэн гэвэл Монголын эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын газрын тахлаас сэргийлэх ажиллагаа, боловсон хүчний ур чадвар гойд сайн хөгжсөн  нь илэрхий байна. 


Чухам үүний хүчинд МАН-ын ганхсан нэр хүнд энэ удаад сонгуулийн өмнөхөн азтай гэмээр “аврагдаж” магадгүй байна. Хямралын үед эдийн засгийг аврах 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөрийг зарласан.   Хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг зургаан сарын хугацаатай олгохоор болсноо тавдугаар сарын эхээр Ерөнхий сайд зарласан. Бас болоогүй “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг иргэдийн гар дээр талбихаар бэлтгэл ажил бараг дуусч буй. Эдгээр арга хэмжээ нь мөн МАН-д сонгуулийн өмнөх сайхан сурталчилгаа болно. Гэвч эдгээр нь үнэхээр сонгуулийн хожоо болж чадах болов уу? 


Өнгөрсөн 2016 оны сонгуулийн өмнө  Ардчилсан намынхан ЭТТ-ийн 1072 ширхэг хувьцааны  гуравны нэгийг нь төрд худалдан борлуулахыг санал болгох замаар иргэдэд 300 мянган төгрөг тараасан. Урьд хожид байгаагүй их бүтээн байгуулалт хийсэн тухайгаа телевизүүдээр цацах Засгийн газрын цагаар Ардчилсан намын засаг тасралтгүй мэдээлж байсан. Удалгүй сонгуульд АН үнэмлэхүй ялагдал хүлээж, МАН-аас дэвшсэн хууччуул болон Э.Бат-Үүлийн тодорхойлсноор “бор халзан хонинууд” бүгд ялалт байгуулсан. 


Одоо Парламентын ээлжит сонгуулиар эрх баригчдын хувьд дахин сонгогдох болон Ардчилсан намын хувьд “шархаа нөхөх”-өөр “их тулаанд бэлтгэн” байна. Мөн Зөв ХҮН Электорат эвсэл, Шинэ нам болон бусад хүчин, бие даагч нар нийлсэн сонирхолтой шинэ хүчнүүд сонгуульд ялахын төлөө өрсөлдөж байна. Сонгуулийн өмнө  иргэдийн амьдрал санхүүгийн хувьд хүндхэн байдалд орж, улс орны эдийн засгийн макро үзүүлэлтүүд   сайнгүй. Гэсэн ч сонгуулийн дараа  эдийн засгийг аврах бодит ажил өрнөх нь тодорхой. Харин энэ хугацаанд Монголын жижиг эдийн засаг аль хэр их тэсвэрлэх чадвартайг харах үлдэж байна. Монголын эдийн засаг оны эхний улиралд 10.7%-иар буурсан дүнтэй гарлаа. Энэ бууралтын дийлэнх нь уул уурхайн салбарын экспортын хумигдалтаас үүджээ. Ардчилсан нийгмийн үед гарч буй хамгийн огцом уналт гэж энэхүү бууралтыг тайлбарлан харж болно. МАН үүнтэй холбогдуулж тийм ч   баргар мэдэгдэл хийсэнгүй. Эрх баригч хүчинг бид зүгээр л энэ удаад эелдгээр ойлгох хэрэгтэй. 

Гэхдээ муу мэдээ үүгээр дуусаагүй. Европын холбооны “хар жагсаалт”, Мүүдис-ийн сөрөг зэрэглэл   “дайран дээр давс үрэв”. Амьдрал үргэлжилсээр.


Европын холбооны хар жагсаалтын тухайд бидний шинээр амсаж буй соргог тохиол биш. Монгол Улс  анх 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд Европын холбооны “хар жагсаалт”-д (татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт) багтсан байдаг. Гэсэн ч дараа оны нэгдүгээр сард нь үтэр түргэн хугацаанд энэ жагсаалтаас Монгол Улс гарч дөнгөсөн. Тэгэхдээ цаашид идэвх санаачлагатай ажиллана гэсэн амлалт өгсөн хэрэг. Европын холбоо нь чухамдаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалах эрмэлзэл тухайн улсад хэр их байна   гэдгийг  энэхүү жагсаалтаар харуулдаг хэрэг. Монгол Улс тухайн үед “хар жагсаалт”-аас гарсан ч энэ хооронд Европын холбооны “саарал жагсаалт”-д “битүүмжлэгдсэн” байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэгвэл тавдугаар сарын эхээр Монгол Улсыг “хар жагсаалт”-д дахин оруулж болзошгүй тухай мэдээллээ.  Уг асуудлыг Европын комисс ирэх аравдугаар сард эцэслэн хэлэлцэх бөгөөд тэр үед манай улс үнэхээр “хар жагсаалт”-д орох эсэх нь шийдэгдэнэ. Энэхүү “хар жагсаалт”-д орсноор Европын холбооноос лав ямар ч санхүүжилт авах гэж оролдоод нэмэргүй болох эрсдэлтэй. Гэхдээ энэ тухай Европын холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа дахь төлөөлөгч “Тийм зүйл болохгүй, бид зүгээр л танайхтай холбоотой гүйлгээг арай илүү шалгана. Манай холбооноос өгөх санхүүжилтэд асуудал үүсэхгүй. Европын Комисс нь хар жагсаалтаар улс орныг ялгадаггүй зөвхөн өндөр эрсдэлтэй орон гэсэн ангилалд оруулдаг” гэж тайлбарлаж буй. 

 “Хар жагсаалт”-д орж болзошгүй   мэдээлэл нь  жирийн монгол иргэний хувьд   цаашид ам.долларын ханш   хэрхэх вэ гэдэг утгаар бууна. Америк долларын ханш анх 2017 онд Монгол Улс хар жагсаалтад орж байх үед төдийлөн өсөөгүй. Дээр хэлсэнчлэн манай улс “хар жагсаалт”-ын буурин дээр нэг их удаан зогсоогүй. Улмаар 2018 оны эхний хагаст төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах бус харин ч бүр чангарсан болох нь харагдана.

 
Тэгвэл ФАТФ-ийн “саарал жагсаалт”-ын тухайд мэдээлэл сонсогдмогц ханш шууд өсч эхэлсэн. Тус байгууллага өнгөрсөн оны аравдугаар сарын 18-нд Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан. Ингэснээр ам.долларын ханш төгрөгийн эсрэг одоог хэр нь тасралтгүй чангарсаар байгаа билээ. Ам.долларын ханш чангарахын хэрээр импортод түшсэн улсын бараг бүхий л барааны үнийг нэг түвшинд барихад амаргүй болно. Энэ нь инфляцийг өдөөж, иргэдийн амжиргаанд шууд нөлөөлөх энгийн дүр зураг бий. 

Ам.долларын ханш чангарах бас нэг хүчин зүйл нь он гарснаас хойш   яах аргагүй COVID-19-ийн тархалт мөн. Энэ өвчин гарсны улмаас дэлхий нийтээр хөл хорио  тогтоож улс орнуудын эдийн засаг   буурч байгаа нь ам.долларын ханш улам бүр өсөх нөхцөл болж байна. 
Түүхий эдийн экспортоос хэт хамааралтай эдийн засагтай улсын хувьд үнэхээр валютын ханшийн хэлбэлзэл зэс, нүүрсний үнийн мөчлөгөөс багагүй шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл зэсийн үнэ өсөх буурахаас хамааран манай экспортын орлого хумигдаж  тэр нь эдийн засагт ам.долларын ханшийн дарамт болно. Тавдугаар сарын 15-ны байдлаар улсын экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 46.6%-иар буурч 1.56 тэрбум ам.доллартай тэнцлээ. Хэдийгээр нүүрсний салбарын экспортод ахиц гарч байгаа ч  зэсийн баяжмал, газрын тосны борлуулалтын орлогын бууралт экспортын зөрүү улам томроход нөлөөлж байгааг санах хэрэгтэй.  
 
Гэхдээ нөгөө талдаа ам.долларын ханшийн өсөлт нь бусад голлох улс орны валютын эсрэг хэрхэн америк долларын ханш  өсч буурч байна вэ гэдгээс хамаарна.  
Энэ үзүүлэлтийг Долларын ханшийн индекс харуулдаг. Эндээс харахад долларын индекс сүүлийн жилүүдэд багагүй өсөлт бууралттай явж иржээ. 

 
DXY долларын индексийн шугам дээшлэх тусам   бусад голлох валюттай харьцах долларын ханш чангарч буйг илтгэнэ. Сүүлийн жилүүдэд ам.долларын ханш чангарсаар байгаа бөгөөд одоо 2017 оноос хойших хамгийн өндөр цэгтээ хүрээд байгаа юм. Шинэ коронавирусээс үүдэн хямрал нэмэгдэхийн хэрээр ам.доллар нь баталгаатай хөрөнгө оруулалтад тооцогдож ханш нь үргэлжлэн нэмэгдэх магадлал өндөр байна. Эдгээр гадаад хүчин зүйлээс гадна Монголын дотоодод өрнөх улс төржилт нийгэмд сөрөг уур амьсгал үүсгэж ам.долларын ханшийн хий хөөрөгдлийг бий болгодгийг бас тэмдэглэх нь зүйтэй.

 
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн 3 жилийн хөтөлбөр тавдугаар сард өндөрлөж байна. Сангийн сайд ер нь хөтөлбөрийн үр дүн 85%-тай, боломжийн сайн   дүнтэй гарсан гэж тайлбарласан. Гэхдээ  хөтөлбөр батлагдсан өдөр буюу 2017 оны тавдугаар сард нэг ам.доллар 2411 төгрөгтэй тэнцэж байсан бол хөтөлбөр дуусах үеэр буюу одоогоор 2800 төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл энэ гурван жилийн хугацаанд төгрөгийн америк доллартай харьцах ханш 14%-иар буурчээ. Энэ дундаа 2018 оны зургадугаар сарын дундаас эхлэн ханш тасралтгүй өссөөр ирснийг харж болно. Мэдээж төгрөгийн ханшийг тогтвортой хадгалахтай холбоотой зорилт хөтөлбөрт байгаагүй.


Энэ хөтөлбөрийн хүрээнд төсвийг “сахилгажуулж”, эдийн засгийн өсөлтийг 6-8%-д тогтворжуулах байсан ч COVID-19 энэхүү амжилтыг хормын зуур устгав. Харин 2020 оны сүүлээр манай эдийн засаг аль хэр хэмжээгээр сайжрахыг хэлэхэд эрт юм. Ямартай ч   нүүрсний экспортын хэмжээ тавдугаар сарын эхний 15 хоногийн байдлаар бараг 900 мянган тоннд хүрсэн нь дөрөвдүгээр сард нийтдээ 1 сая тонн нүүрс экспортолсонтой харьцуулахад   өсөлттэй дүн болж байна. 


Өмнө нь Олон улсын валютын сангийн Стэндбай хэмээх 18 сарын хугацаатай   хөтөлбөр батлагдах үед буюу 2009 оны дөрөвдүгээр сард  нэг ам.доллар 1499.65 төгрөгтэй тэнцэж байсан бол жил хагасын дараа хөтөлбөр хаагдах үед 1323.4 төгрөгтэй тэнцэж, манай мөнгөн тэмдэгтийн ханш долларын эсрэг 12%-иар чангарсан байх юм. Энэ үед монголчуудын хувьд Валютын сангийн хөтөлбөрийн үр ашиг төгрөгийн ханш дээр бодит утгаар харагдсан гэж хэлж болно. Харин Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тухайд бол төсвийн сахилга бат, банк санхүүгийн салбарыг илүү цэгцтэй болгосон ч төгрөгийн ханшийн  хувьд хүлээлтэд хүрсэнгүй. 

Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдис-ээс  манай улсын зээлжих зэрэглэлийг B3 тогтвортой байсныг B3 сөрөг болгож буулгалаа. Гэхдээ B3 ангилалд багтсан гэдэг нь манай Засгийн газрын төлбөрийн чадварт харьцангуй итгэлтэй байгаагийн илрэл юм. Чухамдаа тус байгууллага Монголын экспортын орлого буурч, COVID-19-ээс үүдэлтэй хямралыг   угтах 5.1 их наяд төгрөг бүхий санхүүжилтийн багц хөтөлбөр зарласан тухай тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл төсвийн орлого нь буур байхад зарлага нь өсч байгаа нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх нөхцөл болно гэж тэмдэглэжээ. Тухайлбал сүүлийн жилүүдэд төсвийн сахилга батыг сайн хангаж ажилласны үр дүнд Засгийн газрын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувьд хүрч бууран ч цаашид 70 гаруй хувьд хүрч мэдэхийг  онцолжээ. Энэ онд төсвийн алдагдал 4.8% байна гэж оны эхэнд Мүүдис таамаглаж байсан бол одоо уг үзүүлэлтийг 8.5% болгож өөрчиллөө. Төсвийн алдагдал тэлэх нь Засгийн газрын зээл авах шаардлагыг нэмэгдүүлэх нь тодорхой болохыг ч уламжилжээ. Тус байгууллага эдийн засгийн өсөлт энэ онд 1% руу дөхнө гэж таамаглалаа. Энэ нь Монголын эдийн засаг 1.2%-ийн өсөлттэй байсан 2016 оноос хойш хамгийн бага өсөлт  гэсэн үг. 


Мөн төв банкны валютын нөөц оны энэ оны хоёрдугаар сарын байдлаар 4.4 тэрбум ам.долларын хэмжээтэй байсан бол он дуусахад 3 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна. Хамгийн гол нь манай улсын гадаад зээлээ эргэн төлөх цаг ирэхэд хүндрэлтэй тулгарч болзошгүйг онцолсон байна. Ирэх онуудад дахин санхүүжүүлэх байдлаар өмнө тавьсан бондын үндсэн төлбөрийг хийх үед гол хүндрэл яригдана гэдгийг тэмдэглэжээ. Зэс, нүүрсний ханш огцом буурч буй бөгөөд цаашид үнэ буцаад хурдан өсөх магадлал тун бага байгааг тэмдэглэсэн байна. 


Эдийн засаг ихэнх улс орны хувьд тааварлашгүй хүнд даваа болж хувираад байна. Манай улсын хувьд жижиг эдийн засагтайн хувьд өндийж сэхэх нь хялбар төдийгүй дэлхийн санхүүгийн зах зээлтэй төдийлөн холбоотой бус байдаг нь энэ удаад давуу тал болж мэдэх юм. Ирэх сонгуулийн үр дүнгээс бүрдэх УИХ-ын гишүүд эдийн засгийг хүссэн хүсээгүй илүү ойлгож, илүү их ачаалал дор ажиллана.