Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Лакшми: Аль ч талаас харсан хамгийн том хүндрэл   хараахан ирээгүй байна    

The Mongolian Mining Journal /Apr.2020/

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай эдийн засагт үүсч буй асуудлуудын талаар ярилцлаа.   

Төсвөөр хийгдэх ажлууд хөрөнгө оруулалтаа эргэж нөхдөг, орлого  олдог байх ёстой

Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал улам хүндэрсээр байна. Оны өмнөхөн  улсын төсвөө өөдрөгөөр төсөөлж баталсан. Өнөөдөр асуудал тооцоолсноос өөрөөр эргэж, хямралд тэвдэцгээж байна. Та  нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
Улсын төсвийг анх хэлэлцэж байхдаа л хэт өөдрөг төсөөлсөн зүйлүүд нэлээд харагдаж байсан. Наад зах нь аймгуудад хуваарилсан төсөв харилцан адилгүй. Говийн аймгуудад  нэлээд өндөр төсөв хуваарилсан. Татаас авдаг, орлогын түвшнээр доогуур эрэмбэлэгддэг аймгууд эсрэгээрээ бага төсөвтэй байх жишээтэй. Нөгөө талдаа, төсвийн орлогыг өөр өөрөөр төсөөлсөн. Тухайлбал нүүрсний экспортыг  энэ жил 42 сая тонноор тооцоолсон. 2019 оны төсөвт ингэж суулгаад хэмжээндээ хүргэж чадаагүй шүү дээ. Татвараар орж ирэх орлогуудыг  төсөвт мөн суулгасан. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн. Гэтэл улсын төсвийн орлогыг харахад нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 42%-иар буурч орсон үзүүлэлттэй байна. 2020 он бол парламентын сонгуультай онцгой жил. Гадны  хөрөнгө оруулагчид сонгуулийн үр дүнг харж байж хөрөнгө оруулалтаа хийх эсэхээ шийддэг нь анзаарагддаг. Сонгуультай жилийн эхний хагаст  дотоод, гадаадын хөрөнгө оруулалт бараг хийгддэггүй. Нөгөө талаасаа сүүлийн хоёр жил ашигт малтмалын түүхий эдийн үнэ өндөр байж ирлээ. Түүхий эдийн үнэ  энэ хэвээр хадгалагдана гэж төсөөлж төсвөө тооцоолсон нь өнөөдөр бодит байдалтай нийцсэнгүй. Хятад, Америкийн худалдааны дайн нааштай шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт ч  бас байсан. Монгол Улсад худалдааны дайн  шууд  нөлөөлөөд  байхгүй ч Хятадын зах зээлээс  хамааралтай амьдардаг улс шүү дээ, бид.
Төсөвт суусан зардлуудыг харахад бүтээн байгуулалтын чанартай, ялангуяа хөдөө орон нутагт маш олон байшин барилга баригдахаар байна. Соёлын төвүүдээс авахуулаад жижиг   объектууд  их байна. 

 

Төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлууд хөрөнгө оруулалтаа эргэж нөхдөг, орлого  олдог байх ёстой. Гэтэл сумдад баригдах соёлын төвүүдийг хэдэн тэрбум төгрөгөөр төсөвлөж байна. Гаргасан зардлаараа орлого олно гэвэл мэдээж урсгал зардлаа  нөхөж чадахгүй. Үр өгөөжөө  ч  өгөхгүй. Соёлын төвүүд барилаа гэхэд дарга, манаач гэх зэрэг хуруу дарам ажлын байр л бий болох байх. Дулаан, цахилгааны зардлаа тэр жижигхэн газар нөхөж чадах уу.

Тэгэхээр бусад эдийн засагчдын нэгэн адил улсын төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна уу?
Засгийн газар төсвөө тодотгохгүй гээд  байгаад нь би  гайхаж байна. Төсвийн орлого төсөөлж байгаагүй хэмжээгээр тасрах нь тодорхой боллоо шүү дээ. Оны өмнө төсөөлж байсан нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Коронавирусын халдварын тархалт бол мэдээж давагдашгүй хүчин зүйл. Ийм нөхцөлд бид асуудалд бодитой хандаж төсвөө нэн яаралтай тодотгох хэрэгтэй. Нүүрсний экспорт  эхэллээ ч  өмнөх шигээ өндөр дүнгээр гарахгүй байна. Нөгөөтэйгүүр, 2-3  сар үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдийн орлого буурч, тасалдсанаас төсөвт суулгасан нийгмийн даатгалын шимтгэл бүрдэхгүй нь. Нөхцөл байдал ийм байхад ийм тийм зүйл  барьж байгуулна гэж муйхарлаж  зүтгээд байж болохгүй. Аялал жуулчлалын цогцолбор Хэнтий аймагт барина л гэх юм. Гаднаас жуулчид энэ жилдээ ирэхгүй нь хэнд ч ойлгомжтой байхад  төсвөө урсгах хэнд хэрэгтэй юм бэ. Эдийн засгаа босгоё гэвэл эхлээд аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. 

Хямралын  үед төсвөө сонгодог загвараар тэлсэн цогц бодлого явуулах нь зүйтэй гэдэгтэй санал нийлэх үү?
Санал нийлж байна. Бид маш олон жил төсөв тэлсэн бодлого явуулж ирсэн. Эдийн засаг тааруу байх үед төсвөө тэлэх нь мэдээж зөв. Эсрэгээрээ сайн байхад нь хумих  хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтаа багасгаад хуримтлал бий болгоё  гэсэн санаа. Төсөв сөрсөн бодлогыг бид ер нь явуулж үзээгүй л дээ. Төсвөө тэлсэн бодлого явуулъя гэхээр тэр хэмжээний хуримтлал бий юу, үгүй юу гэдэгт л асуудал байна. Тиймээс хямралын эсрэг огт өөр цогц бодлого төлөвлөгөө явуулж, түүндээ хөрөнгө мөнгөө зарцуулах шаардлага үүсч байна. Цар тахлын тархалт хэр удаан үргэлжлэхээс шалтгаалж  дэлхийн эдийн засгийн хямрал, уналтыг тодорхойлох боллоо. 

 

Судалгаануудыг ажиглавал цар тахал он дуустал үргэлжлэх төлөвтэй  байна. Учир нь эмчлэх эм тариа, вакцин нь хараахан гараагүй. Эрдэмтэд судалгаа, шинжилгээ хийж байгаа. Вакцин  гаргаж авлаа гэхэд өргөн хэрэглээнд үйлдвэрлэхийн тулд чамгүй хугацаа орно. Ийм учраас эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах цогц төлөвлөгөө шаардлагатай.  

Гэтэл эрх баригчид гал унтраах  төдий арга хэмжээнүүд авч байна. Энэ нь эдийн засагт тодорхой үр дүнгээ өгөхгүй байх хандлага харагдаж байна.  
    
Хамгийн түрүүнд аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэйг Та хэллээ.  Гол нь яаж дэмжих юм бэ?
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байсан маш олон аж ахуйн нэгжийн  тусгай зөвшөөрлийг Засгийн газар өнгөрсөн жил цуцалсан. Татвар төлдөг гол аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, цөөнгүй нь хаалгаа барьсан  шүү дээ. Эдийн засаг хямрахад энэ бүхэн бас нөлөөлнө. Дээр нь дэлхий даяараа, түүхэндээ хэзээ ч учирч байгаагүй нөхцөл байдалтай монголчууд тулгарч байна.  Суурь нөхцөл байдал ийм хүндхэн байгаа ч  бид гаднаас авсан том зээлүүдээ төлөх нь гарцаагүй.  БНХАУ-тай байгуулсан своп гэрээний зээлээ ирэх зургадугаар сард төлнө. Томоохон бондуудын төлбөрийн хүүгээ өнөөдөр  ам.доллараар төлж байна. Дараа жилээс үндсэн зээлүүдээ төлж эхэлнэ. Суурь нөхцөл байдал тааруу дээр коронавирус, нэмээд сонгууль орж ирж байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Наймдугаар сард сургууль соёлын байгууллагуудын үйл ажиллагаа  эхлэхийн өмнө ам.долларын ханш  ном юм шиг өсдөг. Энэ жилийн коронавирусын халдварын оргил үе наймдугаар сард болно гэж судлаачид үзэж байгаа. Аль ч талаас харсан хамгийн том хүндрэл нь бидэнд хараахан ирээгүй байна.    

Аж ахуйн нэгжүүд хоёр гуравхан сар л тэсэх байх даа гэж хэлж байна

Монголбанк бодлогын хүүгээ дахин 1 нэгж хувиар бууруулсан. Үүнээс ч илүү хувиар буулгаж болох байсан гэж эдийн засагчид шүүмжилж байна. Тийм боломж харагдана уу?
Бодлогын хүү эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг тэлэх, зээлийн хүртээмжийг  нэмэгдүүлэх гол дохио болдог. Гэхдээ Монголбанк хүүгээ бууруулснаар асуудал шийдэгдэхгүй. Үе шаттай, хоорондоо уялдаатай  цогц төлөвлөгөөг цаг хугацаатай уралдан хурдан хийж байж л хямралын ард гарна. Аж ахуйн нэгжүүдтэй уулзаад санал бодлыг нь сонсоход  цаашид хоёр гуравхан сар л тэсэх байх даа гэж хэлж байна. Ихэнх эдийн засагчдын  санал болгосноор бодлогын хүүг 5%-иар буулгаж болох ч энэ эргээд арилжааны банкуудын зээлийн эргэн төлөлтөд нөлөөлөх нь гарцаагүй. Арилжааны банкууд өөрсдөө хүнд байдалд байна. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх тусмаа эдийн засагт сөрөг нөлөөтэй. Тиймээс “жоомоо алах гээд байшингаа шатаадагтай” адил үйлдэл хийж болохгүй. 

Арилжааны банкуудад реформ хийнэ гэдгээ Ерөнхий сайд ил шулуухан мэдэгдсэн. Шинэчлэл хийх цаг мөн үү?
Цаг нь биш. Эдийн засаг хүнд хэцүү байгаа ийм үед бүр ч биш. Арилжааны банкуудад реформ хийнэ гэж олон жил ярьцгаасан. Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн хүрээнд банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах гэж хичээж байгаа. Ирэх сард (2020 оны тавдугаар сар) энэ хөтөлбөрийн санхүүжилт дуусаж,  үйл ажиллагаагаа  дүгнэнэ.  Үүнтэй холбогдуулаад  нэг жишээ хэлье.

Ямар жишээ билээ?
Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Америкт банкуудын үйл ажиллагааг иргэдийн, арилжааны гэж хоёр хувааж байж. Иргэд нь зөвхөн банкинд мөнгөө хадгалуулна. Иргэдийн хадгалсан мөнгийг банкууд хөрөнгө оруулалтад ашиглах замаар эрсдэлд оруулах үзэгдэл байсан учраас  ингэж хуваахаас аргагүй байж л дээ. Харин 2000 оны үед  манайх банкны хуульдаа өөрчлөлт оруулж дээрх хоёр үйл ажиллагааг нэгтгэснээс болж санхүүгийн хямрал нүүрлэсэн байна. Ер нь бол иргэдийн хадгаламж, дээр улс нь давхар даатгал хийдэг тогтолцоо байдаг. Иргэдийн хадгаламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг банкууд тодорхой хөрөнгө оруулалт хийх эрхтэй. Гэхдээ энэ нь маш нарийн шалгуур, дүрэм журамтай. Өнөөдөр бид банкинд мөнгөө хадгалуулдаг. Өнөө банк нь бидний хадгаламжийг хөрөнгө оруулалтдаа эргэлдүүлж, сүүлдээ бид мөнгөө эргүүлж авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг. “Зоос” банкинд мөнгөө хадгалуулсан иргэд хохирлоо одоо ч барагдуулж чадаагүй яваа. Тэгэхээр  банкуудын үйл ажиллагааг иргэдийн, хөрөнгө оруулалтын гэж  хуваах нь зүйтэй санагддаг.

Төсвийн хөрөнгө оруулалтыг банкныхаас илүүтэй эмнэлгийн реформд түлхүү чиглүүлж хийх  хэрэгтэй гэдэг шүү дээ? 
Төсвийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй  хийх ажлуудын нэгд эмнэлгийн байгууллагууд байгаасай. Эрүүл мэндийн салбарт олон жил бодитой, томоохон хөрөнгө оруулалт хийгдсэнгүй. Эмнэлгийн үйлчилгээний нөөц, хүртээмж тааруу. Нэг жишээ хэлэхэд,  нисэхийн орчимд шинэ эмнэлэг байгуулна гээд 10 жил болж байна. Энэ бол маш эмгэнэлтэй жишээ. Эрүүл мэндийн дэд бүтэцдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүйгээр энэ мэт аюулт өвчнөөс мултарна гэвэл бүтэхгүй.  

Ерөнхий сайдын эдийн засгийн хүндрэлийг даван туулах 7 зүйлтэй шийдвэрийг  аж ахуйн нэгжүүд баяртай нь аргагүй хүлээж авч байсан. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон гэх зэргээр олон янзын босго тавьж байна. Шийдвэр нь нийтэд тийм ч хүртээмжтэй биш байгаад олон нийт дургүйцэх боллоо. Таны байр суурийг сонсъё?
Ер нь бол Ерөнхий сайд ийм хэмжээний шийдвэрийг дангаараа гаргах боломжгүй. Тийм эрх мэдэл ч байхгүй. Төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг зөвхөн УИХ эхлээд хэлэлцэж шийддэг. Урьд өмнө тохиолдож байгаагүй хямрал гэдэг утгаараа, хурдтай шуурхай ажиллах  шаардлага үүссэн нөхцөлд Ерөнхий сайдад тодорхой эрх хэмжээг нь өгөх ёстой гэж үздэг хүмүүсийн нэг нь би. Ерөнхий сайд  энэ удаад дутуу дулимаг  мэдэгдэл хийсэн. Эхлээд үйл ажиллагаа нь доголдож байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн атал  ердөө долоо  хоногийн дараа Сангийн сайд    Засгийн газрын шийдвэрээр зогсоосон гээд оруулаад ирэх жишээтэй. Засгийн газрын шийдвэрээр зогсоосон байгууллагууд дотор сургууль, цэцэрлэг,  фитнесс зэрэг газрууд л багтаж байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага хүнд байдалд байгаа. Албан бус эдийн засагт багтдаг хувиараа хөдөлмөр эрхлэгчид ч амаргүй нөхцөлд амьдарч байна. Тэднийгээ баярлуулан гомдоочихов уу даа.  

Шийдвэр гаргахаасаа өмнө судалгаа сайн хийгээгүй, энэ талын бэлтгэл нь муу байсан юм болов уу гэж харагдсан, тийм үү?
Судалгаа тааруу байжээ гэдэг нь явуулж байгаа шийдвэрээс нь харагдаж байна. 

Долоон шийдвэр дотор ноос ноолуурын компаниудад 3%-ийн хүүтэй зээл  багтаж байгаа. Үүнийг маш чухал алхам боллоо гэж нэг хэсэг нь ярьж байхад, нөгөө хэсэг нь бодит дэмжлэг биш гэх юм. Аль нь зөв бэ?
Ноолуур худалдаж авах өндөр үнийг зааж өгсөн нь буруу.  1 кг нь 60 мянган төгрөгийн үнэтэй байсаар атал ноос ноолуур эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг 100 мянгаар ав гэж шахах нь зохимжгүй. Энэ бол бодит дэмжлэг биш. Засгийн газар дотроо нэгдсэн байр суурьгүй байх шиг байна. 
Санхүүгийн дэмжлэг 
авахад  бодит үр дүнг  харсан маш сайн төлөвлөгөө шаардлагатай

Хямралыг даван туулахад шаардлагатай 5.1 их наяд төгрөгийн 3 орчим их наядыг гадны  зээлээр, үлдсэн мөнгийг төсвийн хүрээнд шийдэх боломжтой гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Гаднын зээлийн эх үүсвэр нь тодорхой байна уу?
Гаднын зээл гэдэг нь олон улсын донор орнуудын санхүүжилтыг хэлээд байна уу гэж би ойлгосон. Засгийн газар хоорондын гэрээгээр шийддэг асуудлууд бий. Түүнийгээ хэлээд байна уу, энэ бүхэн  ойлгомжгүй, тодорхой биш байна.

Ийм хүнд хэцүү цаг үед Монголд гараа сунгах орнууд хэр олон байгаа юм бол доо. Өөрсдөө яах вэ гэж байна шүү дээ?
Надад ч тийм бодол төрж байна. Том хэмжээний туслалцаа үзүүлэх орнууд ховор байх аа.

Коронавирусын хямралыг даван туулахад зориулж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хөгжиж байгаа орнуудад 2.5 их наяд ам.долларын нэн хөнгөлттэй зээл олгох санаачилга гаргасан байна. Үүнээс Монгол Улс авах хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы  нээлтэд мэдэгдсэн. Энэ зээлийг авах боломж манай улсад бий юу?
Коронавирусын хямралыг даван туулахад зориулж Дэлхийн банк, олон улсын донор байгууллагууд улс орнуудад тодорхой дэмжлэг, санхүүжилт үзүүлж байна. Харин манай улсын хувьд ийм дэмжлэг авахын тулд  бодит үр дүнг  харсан маш сайн төлөвлөгөө шаардлагатай. Ямар төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ   сайн  тооцож харах хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэл тулгарахад нийгмийн дундаж давхарга, орлого багатай иргэд хамгийн түрүүнд өртдөг. Тэдний нуруунд ачааны хүнд ирдэг. Тэгэхээр хямралд өртөх эмзэг бүлгээ сайн тодорхойлж, тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгтэй байна.   

Валютын гол нөөцийг бүрдүүлдэг алтны тушаалт  буурсаар байна. Монголбанк 2019 онд ердөө 15.2 тонныг л худалдаж авсан. Энэ жил  өмнөх шигээ 25 тонн алт худалдаж авна гэдэг ч үүндээ хүрэхгүй нь  тодорхой болоод байна. Алт тушаалтаа дэмжиж байж валют  бүрдүүлэн хямралыг туулах нь нэг гарц шүү дээ? 
Өнгөрсөн жил алтны компаниудын үйл ажиллагааг зогсоосон нь алт тушаалтад мэдээж сөргөөр нөлөөлсөн. Нөгөө талаас жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлснөөр эерэг нөлөө үзүүлж байсан тал бий. Үүнийгээ сунгаж ажиллах хэрэгтэй. Мөн өнөөдөр үйлчилж байгаа алтны татварын хувь хэмжээг бууруулж, өмнөх шигээ 2.5%-д  хүргэхэд ч болохгүй зүйлгүй. Алтны компаниудаа дэмжиж байж алт тушаалт нэмэгдэнэ. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг хангах “төрийн, нийтийн” зарчим бодит утгаараа үйлчлэх учиртай. “Эрдэнэс Монгол” компанийн бэлтгэсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын онцгой горимоор хэлэлцэнэ. Танай байгууллагын зүгээс  энэ хуулийн төсөлд хэр оролцоотой байв?
Миний хувьд энэ төслийг олж хараагүй л байна. Хуулийн төслийг боловсруулах ажилд бид оролцоогүй, нууц   байгаад бид шүүмжлэлтэй ханддаг. Уг нь ямарваа хуулийг батлахаас өмнө мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлж байх хууль тогтоомжтой. Хуулийг дагаж мөрддөг хүмүүс нь ард иргэд. Дашрамд хэлэхэд хуулийн хэрэгжилтийг  урт хугацаагаар тавьж өгдөг байх хэрэгтэй. Урт нэртэй хуулийн балгаар маш их хөрөнгө оруулалт татсан, тоног төхөөрөмжүүдээ зээлээр авсан аж ахуйн нэгжүүд хохирсон шүү дээ.    

УИХ-аар мөн хэлэлцэж байгаа “Алсын хараа 2050” үзэл баримтлалыг дэмжиж байгаа юу?
“Алсын хараа 2050” үзэл баримтлалын төслийг  боловсруулахад мөн л манай байгууллагаас оролцоогүй. 
Биднээс санал аваагүй. Харин хэлэлцүүлэхээс  сарын өмнө  манай байгууллагад УИХ-ын Тамгын газраас  уг үзэл баримтлалд санал хүсэлтээ илэрхийлнэ үү гэсэн  албан тоот  ирсэн. Бид албан тоотын дагуу саналаа өгснөөс хойш ямар нэгэн хариу ирээгүй байна. 

Та бүхэн ямар санал хүргүүлсэн бэ?
“Алсын хараа 2050” үзэл баримтлал нь “Монгол Улсын тогтвортой хөгжил 2030” бодлогын баримт бичигтэй хэр уялдаж байна вэ гэдэг асуудлыг тавьсан. Энэ хоёр баримт бичгийн уялдаа холбоо маш чухал. “Алсын хараа 2050” батлагдлаа гэхэд өмнөх баримт бичгийг хүчингүй болгох уу гэдэг одоогоор ойлгомжгүй. Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж байгаа. Үндэсний хөгжлийн газар эдгээр  зорилтын талаар судалгаанууд хийж байна. 
Үүнтэй  бас уялдаж байна уу гэдгийг харах шаардлагатай. Мөн НҮБ-ын ногоон хөгжлийн бүх конвенцын дагуу Монгол Улс үүрэг амлалт аваад ажиллаж байна. “Алсын хараа 2050” үзэл баримтлал үүнтэй мөн уялдаж чадав уу гэдэг асуулт бас гарч ирж байна. Хамгийн хачирхалтай нь энэ үзэл баримтлалд хүний хөгжлийг нэгд тавиагүй нь харагдаж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигт хүний хөгжил эн тэргүүнд тавигдах ёстой. 

Аймгуудын өрсөлдөх чадварын 2019 оны  тайланг танай байгууллагаас саяхан гаргажээ.  Энэ удаад Дорноговь аймаг өрсөлдөх чадвараа ахиулан гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна. Ямар үзүүлэлтээр байр суурьд ахиц гарсан бэ?
Дорноговь бол хурдацтай хөгжиж байгаа аймаг. Барилга, бүтээн байгуулалтын ажлууд тус аймагт нэлээд хийгдэж байна. Газрын тосны үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт, орон сууц, барилгажилт гээд хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь дээрх үзүүлэлтэд нөлөөлж байгаа. Ер нь бол орон нутаг хөгжихгүйгээр улс хөгжихгүй. Орон нутагт ажлын байр олноор бий болохгүй байгаагаас нийслэл хот рүү шилжиж ирэх явдал ихэссэн. Нийт хүн амын 46%  нь Улаанбаатар хотод амьдардаг. 2025 он гэхэд энэ тоо 53%-д хүрнэ гэсэн тооцоо судалгаа бий. Бид өрсөлдөх чадварын тайлан гаргахдаа бизнес эрхлэгчдийн дунд санал асуулга явуулдаг. Бизнес эрхлэгчид сүүлийн жилүүдэд нийтлэг гурван асуудлыг ярьж байна. Нэгдүгээрт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх дэмжлэг үзүүлэх талаар ихэвчлэн ярьдаг. Тэгэхдээ зээлийн хүү өндөр байгаа тул хөнгөлттэй зээл олгох асуудлыг тавьж байна. Хоёрдугаарт орон нутагт зарладаг тендерийн шалгаруулалт шударга бус байна гэдэг. Гуравдугаарт төсвийн худалдан авалтыг орон нутгаас хийх ёстой гэсэн санал тавьдаг. Эдгээр асуудлыг шийдэж байж орон нутагт ажлын байр олноор бий болно. Иргэдийн амьдралын чанар дээшилнэ. 

Ярилцсан Танд баярлалаа.