Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Тодорхойгүй 5.1 их наяд

The Mongolian Mining Journal /Apr 2020/

Б.Төгсбилэгт

Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна. 
 

Сангийн сайд үүнийг маш сайн ойлгож байгаа болохоор сөрөг сэтгэл зүй дээр өөдрөг төлөвийг ярихаас өөр сонголтгүй болсон хэрэг. Түүний өөдрөг үзэл айсуй сонгуулиар улам бүр хөглөгдөж буй. Шүүмжлэгч байр сууриас хандах талуудад тэрбээр тусламжийн арга хэмжээ үүгээр хязгаарлагдахгүй, юутай ч   зургаан сар нөхцөл байдлыг харъя гэсэн хариулт  өгөв. Энэ үгийн утга нь төсвийн тодотгол хийхгүй гэсэн түүний байр суурийг бататгахын сацуу албан тушаалаа хүлээлгэж өгөх хүртлээ дахин ямар нэг дорвитой амлалт өгөхгүйг хэлж байна. Харин нөгөө талд Ерөнхийлөгч экспорт хумигдаж, татварын орлого буурах замаар эдийн засгийн нөхцөл байдал эрс муудах нь тодорхой болсон энэ үед төсвөө тодотгож, хямралын сан бүрдүүлэхийг зөвлөв. Томоохон эдийн засагтай улс орнуудын Засгийн газар  их наядаар хэмжигдэх валютыг тэг зогсолт хийх дөхөөд буй эдийн засгаа сэргээхээр “цацаж” байна.  АНУ-ын эдийн засгийг аврах хөтөлбөрийн нийт төсөв дөрөвдүгээр сарын 23-нд жижиг дунд бизнес, эмнэлгийн салбарыг дэмжих 484 тэрбум ам.долларын санхүүжилт батлагдсанаар улам бүр нэмэгдэж 3 их наяд ам.доллар руу ойртож байна. Асар их мөнгөний хаялга АНУ-ын хөрөнгийн биржүүдийн голлох индексүүдийг өсгөхөд ашиг тусаа өгөөд эхэлжээ. 
 

Монголбанкны мэдээлснээр дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар ерөнхийдөө дэлхийн улс орнууд шинэ коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг арилгахын тулд нийтдээ 8 их наяд ам.долларын төсөв батлаад байгаа ажээ. Гэхдээ уг үзүүлэлт цаашид ч нэмэгдэхээр байна. Эдийн засгийг сэргээх  их мөнгөний санхүүжилт нь Засгийн газрын  асар их зээлийг бий болгож буй юм. Манай засгийн баталсан  5.1 их наяд төгрөгийн талаас илүү нь Засгийн газрын зээлээр босохоор байна. 
 

Дэлхийн зах зээлд хоол хүнс тэр дундаа, кофе, жүржийн шүүс, үхрийн мах, үр тариа үнэд орж байхад ашигт малтмалын үнэ буурч байна. Үүний хамгийн тод жишээ нь газрын тос.  Хэрэглээ улам бүр хумигдаж, зөвхөн суурь хэрэгцээтэй зүйл рүү худалдан авалт чиглэжээ. Доорх графикаас манай гол нэрийн экспорт болох ашигт малтмалын түүхий эдийн  зах зээлд ханшийн бууралт өрнөж буйг харж болно. 


COVID-19 түүхий эдийн ханшид хэрхэн нөлөөлөв?
 
Сангийн сайд ямар ч байсан нүүрсний экспортыг  оны сүүл гэхэд төлөвлөгөөндөө нөхөөд хүнэ гэсэн зүйл ярьсан.  Гэвч дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар манай улсын экспортын бууралт 920 сая ам.доллараар хэмжигдэж байна. Экспортын алдагдлыг бараг бүхэлд нь эрдсийн экспортын бууралт гэж ойлгож болно. Алдагдал  нэмэгдэхийн хэрээр нөхөж гүйцэх аргагүй болж  байна. Гэхдээ төв банкны алт худалдан авалт сайн байгаа ч алтны экспорт төдийлөн хийгдэхгүй байгаа нь алтны гадаад худалдаа өнгөрсөн оныхоос 115 сая ам.доллараар бага болоход нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр Оюутолгой уурхайн борлуулсан баяжмал дахь алтны хэмжээ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 78.3 мянган унцаар (2.4 тонноор) буурсан. Энэ бүгдийг харгалзан үзвэл манай экспорт шинэ коронавирусын тархалтаас үүдэн үндсэндээ 700 орчим сая ам.доллараар буурчээ. Энэ мөнгө нь төгрөгөөр авч үзвэл даруй 1.95 их наядаар илэрхийлэгдэнэ. МАН-ын засгийн амлаж буй 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр эдийн засгийг аврахад хүрэлцэх эсэх нь цаг өнгөрөх хэрээр эргэлзээ дагуулж байна. МАН засаг барьсан эхний хоёр жил “Ардчилсан нам санхүүгийн хүндрэл тарьсан” хэмээн гомдол тоочиж өнгөрөөсөн бол удаах хоёр жилд ямар нэг сөрөг зүйл ярихгүй байх горимыг нэвтрүүлсэн бололтой. Гэхдээ эрдсийн экспортод ханшийн бууралт нэмэлт асуудал дагуулж байна.  

Монголын эрдсийн экспорт оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 60%-иар буурч 886 сая ам.доллартай тэнцсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 
Дан ганц экспорт нь тасалдсан нүүрс, газрын тосны салбар төдийгүй зэс, цайрын салбар ханшийн бууралтаас томоохон алдагдал хүлээж  байгаа юм. Гагцхүү төмрийн хүдэр л одоогоор өнгөрсөн оныхоос ахиу дүнтэй харагдана. 

Гуравдугаар сарын сүүлээс эхлэн нүүрсний экспорт  гол боомтуудаар дахин эхэлсэн. Гэвч өдөрт боомтоор нэвтрэх нүүрсний машинуудын тоо нийтдээ 400 ч хүрэхгүй байгаа юм. Дор хаяж 1000 автомашин өдөрт гарч байж нүүрсний экспорт сэргэж эхэлсэн гэж ярьж болно. Эрдсийн экспортын бууралт нь уул уурхайн татварт шууд тусгалаа олох нь дамжиггүй.
Гуравдугаар сарын байдлаар уул уурхайн салбарын татварын орлого бүрдүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.8%-иар буюу 246.6 тэрбум төгрөгөөр буурч 483 тэрбум төгрөгт хүрсэн тухай УУХҮЯ мэдээллээ. Эдгээр бууралт нь нүүрс, зэс, цайрын салбарын татвар хураамжийн бууралтаар илэрхийлэгдэж байна. 

 

Монголбанкны мэдээлж буйгаар оны эхний улирлын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 5.1%-иар буюу 111 тэрбум төгрөгөөр тасарч 2 их наяд 74 тэрбум төгрөгтэй тэнцжээ. Төсвийг задалж харвал бизнесийн идэвхжил суларч байгааг төв банк тайлбарлалаа. Тодруулбал зөвхөн гуравдугаар сард аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өмнөх оны мөн үеийнхээс 60%-иар буурч 61.4 тэрбум төгрөгтэй тэнцсэн байна. Үүний зэрэгцээ Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс он гарсаар 13.5%-иар буураад байгаа нь эдийн засгийн идэвхжил суларсныг илтгэх бас нэг үзүүлэлт юм.

Экспорт буурснаар төгрөгийн ханш суларч байгаа бол олон улсад америк долларын ханш чангарсаар. Дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар төв банк 486.4 сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн байна.
Монголбанкнаас цаашид дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал энэ хэвээр үргэлжлэх аваас Засгийн газрын зээлийг дахин санхүүжүүлэх өртөг нэмэгдэхийг анхаарууллаа. Энэ бол манай дараагийн засгийн тулгарах хүндхэн даваа   гэдэг нь одооноос тодорхой болж байна. 

Монголбанк ийнхүү бизнес аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орсныг тодорхой санууллаа. Уул уурхайн салбараас хавьгүй илүү цохилтод өртсөн  салбар бол аялал жуулчлал юм. Монголын аялал жуулчлалын салбарын орлого шинэ коронавирусын тархалтаас үүдэн 100-208 сая ам.доллараар буурна гэсэн таамгийг Азийн хөгжлийн банк дэвшүүлсэн   юм. Энэ алдагдал нь Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8-1.6%-тай тэнцэхээр байна. 

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гаргасан “Бизнес итгэлийн индекс 2019” тайланд “2020 онд аялал жуулчлал, тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарын аж ахуйн нэгжүүдэд бизнесийн орчин маш ихээр муудна гэсэн хүлээлттэй байгаа”-г  тэмдэглэжээ. Танхимын зүгээс Засгийн газрын   хэрэгжүүлэх багц хөтөлбөр нь ажлын байрыг хадгалах, борлуулалтын орлого нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг болох зүйл тусгаагүйг мэдэгдсэн. 
Багц хөтөлбөрийн нийт зардал болох 5.1 их наяд төгрөгийн 200 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, 663 тэрбум төгрөгийг иргэдийн орлого хамгаалахад, 880 тэрбум төгрөгийг ажлын байрыг хадгалахад, 3.4 их наяд төгрөгийг эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөснийг Сангийн яам тайлбарласан.  

Сангийн сайд асуудлыг харж үзэхдээ зэргэлдээ эдийн засгуудын нөхцөл байдлыг маш сайн тооцсон гэж байгаа. Манай орны экспортын гол түнш болох Хятадын эдийн засгийн төлөв байдлыг голлох санхүүгийн байгууллагууд  энэ онд үндсэндээ 1%-иар өснө гэж тооцоолсон байна. 2019 онд Хятадын эдийн засаг  6.1% өссөн  нь сүүлийн 30 жилийн хамгийн доод хэмжээ  билээ. Энэ оны эхний улиралд тус улсын эдийн засаг 6.8%-иар агшсан. Хоёрдугаар улиралд өсөлт харагдахгүй ч бууралт арай багасч, 2-5%-д хүрэх хүлээлттэй байгаа юм. Тэгвэл Хятадын зарим томоохон хэвлэлээр энэ онд Хятадын эдийн засаг 5.5%-иар өсөх бололцоотой хэвээр байгааг өгүүлсэн байна. “China Daily” хэвлэлд өгүүлснээр өмнөд хөрш энэ оны эдийн засгийн өсөлтийг 5-5.5%-тай байхаар тодорхойлж магадгүй ажээ. Хятадын эдийн засаг гадаад эрэлт буурахтай холбоотой  энэ хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2%-иар буурах магадлалтай байна. Энэ тохиолдолд гурав, дөрөвдүгээр улиралд   8.63%-иар өсч гэмээнэ  жилийн өсөлтийг 5.5%-д хүргэх бололцоотой. Энэ өсөлтийг бий болгоход Хятадын төр засгаас нэмж 5.2 их наяд юань буюу 735 тэрбум ам.долларын дэмжлэгийг эдийн засагт оруулах  ёстой гэж тус хэвлэлд өгүүлсэн байна. 

Хятадын хувьд эдийн засаг сэргэх эсэх нь хэрэглэгчдийн худалдан авалт, итгэлээс    хамаарах юм. Тиймдээ ч гол төлөв эдийн засгийн эерэг мэдээ Хятадын хэвлэлүүдэд зогсоо зайгүй нийтлэгдэж байна. Тэгвэл хойд хөршийн тухайд шинэ коронавирусын халдвар асар хурдацтай тархаж байгаа юм. Энэ онд ОХУ-ын эдийн засаг өсөлтгүй, бүр 4-6%-иар буурахыг тус улсын төв банк анхааруулж бодлогын хүүгээ  5.5% болгов. Хөл хорионы дэглэм болон газрын тосны ханшийн огцом бууралт нь давхар цохилт хэлбэрээр ОХУ-ын эдийн засгийг ниргэх ажээ.

Дэлхий дахинд шинэ коронавирусын тархалт дөрөвдүгээр сарын сүүлийн байдлаар бага зэрэг буурах хандлагатай болж, удтал хөл хорионд байсан Итали, Испани зэрэг өвчний томоохон голомт үүсээд байсан улс орнууд  үе шаттайгаар хөл хориог сулруулахаа зарлаж байна. 
Гэхдээ шинэ коронавирусын тархалт   хэдийд зогсох нь тодорхойгүй байна. Хэдийгээр зургадугаар сард зуны улирал эхлэхтэй зэрэгцэн тархалт  багасч эхэлнэ гэсэн таамаг дэвшүүлж байгаа ч энэ нь зөвхөн өмнөх туршлага болох SARS өвчний үеэс жишээ авсан төдий юм. Гол найдвар болох вакцин ирэх оны дунд  гэхэд үйлдвэрлэж эхлэх таамаг нь хамгийн бодитой гэдгийг ихэнх шинжээчид сануулж байна.  

ОУВС энэ онд дэлхийн эдийн засаг 3%-иар хумигдана гэж үзсэн ч өвчний тархалт зогсохгүй удааширвал  бүр -6%-д хүрнэ гэдгийг мэдэгдсэн. Нөхцөл байдал сайнаар эргэж өвчний тархалтыг зогсоож чадвал ирэх онд дэлхийн эдийн засаг 5.8%-иар өсөх таамаг дэвшүүлжээ. Тэргүүлэх эдийн засгууд болох АНУ, Хятадын өсөлт өвчний тархалт зогсвол огцом сэргэх боломжтой гэсэн тайлбарыг зарим шинжээч өгч байгаа юм. Онолын хувьд цар тахлын дараа огцом сэргэлт үнэхээр бий болох бололцоотой байдаг бол 2008-2009 оных шиг ужгирсан санхүүгийн хямралын дараах сэргэлт харин илүү удаан хугацаа шаарддаг байна. 
Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан “Азийн хөгжлийн төлөв” тайланд дурдсанаар энэ онд Монголын өсөлт огцом буурахаар байгаа ч ирэх онд эргээд сэргэх төлөвтэйг танилцуулжээ. Тус банк өмнө нь манай улсын эдийн засаг энэ онд 6.1%-иар өснө  гэж танилцуулж байсан юм. Манай улс Азийн хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр авахаар болоод байна. 

 

Монголбанкны төсөөллөөр эдийн засгийн энэ оны өсөлт хамгийн муугаар тооцоход 2.3-2.5%, сайнаар тооцоход 4.2% байх ажээ. Жижиг эдийн засагтай  улсын хувьд   жил бүр 6-8%-ийн өсөлттэй байж тогтвортой байдлыг хадгалж чадна. Үнэхээр уг үзүүлэлт 2% -д хүрэх   тохиолдолд ирэх саруудад бууралт илүү хүчтэй мэдрэгдэнэ. Ийм үед айсуй эрсдлийг Засгийн газар 5.1 их наяд төгрөгөөр тосон угтах тухайгаа зарласан.

Асуудлын гол нь одоогийн байдлаар Монгол Улсын эдийн засагт шинэ коронавирусээс үүдэн ямар хэмжээний аюул  нүүрлэж болзошгүйг, гарах эрсдлийг хэрхэн хазаарлах тухай нарийн тооцсон судалгаанууд хангалттай бэлтгэгдэж гараагүй байна. Нөгөөтэйгүүр 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр үнэхээр ямар үр дүнд хүрч чадах эсэх тухай нарийн зураглал алга. Эдийн засгийн хэвийн төлөв гэдэг нь ирээдүйн эерэг төлөвөөс гадна хүмүүсийн өдөр тутмын хэвийн ажил амьдралаас хамаарах ойлголт билээ.