Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Үнэнд гүйцэгдэх мөрийн хөтөлбөрүүд

Г.Идэрхангай

УИХ-ын 2020 оны парламентын сонгууль зургадугаар сарын 24-нд товлогдсон. Үндсэн хуулийн  өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс (тавдугаар сарын 25) хойш анхны, дэлхийг  цочоосон коронавирусын тахлын хүнд цаг үеийн сонгууль ойртож байна. Сонгуулийг хойшлуулах шаардлагатай, цаг хугацаанд нь явуулах ёстой гэсэн эсрэг тэсрэг байр суурь хүчтэй байна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй. Сонгууль мэдээж хойшлогдсон, хойшлогдоогүй болдгоороо  болно. Улс төрийн аль нэгэн хүчин засгаа удирдана. Хэнд ч ойлгомжтой. Харин сонгуульд өрсөлдөж байгаа намуудын мөрийн хөтөлбөрүүд хөгжлийн хурдыг нэмж, амьдралын чанарыг сайжруулахад  чиглэх бус, популизмыг хөөрөгдөж буйгаараа  “Соvid-19”-өөс дутуугүй хөнөөлтэй юм. 

Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 35 намын 27-гийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг аудитаар шалгахад  МАН, АН, МАХН гэсэн гурван том нам болон тэдгээртэй эвссэн нь  хамтдаа  бүдэрч, “жижгүүд” нь тэнцчихэв. Дээрх намуудын 12 нь 4 эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа бие даан орж байна. Хачирхалтай нь төрийн эрхийг олон жилээр удирдаж ирсэн улс төрийн гурван том хүчин Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж  өмнөх алдаагаа давтан, биелэх нь тодорхой бус  амлалтаар ард түмний “тархийг угаах” гэж оролдлоо.

Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн бүр байртай болох боломжтой (МАН), цалинг 3 саяд хүргэнэ (Ардчилсан нам), 5 сая төгрөгийн цалинтай болгоно (МАХН буюу “Та бидний эвсэл”) гэсэн амлалтууд эдийн засгийн хямралд орсон ард нийтэд тийм ч үнэмшилтэй  сонсогдоогүй. “Намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй, ямар ч аргаар хамаагүй татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо. Хямрал хаалга тогшиж байхад Монголын улс төрийн намууд, улстөрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, том том мөнгөн дүнтэй амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн”.... УИХ-ын хаврын отгон чуулганыг Ерөнхийлөгч нээж энэ үгийг хэлэв. Ердөө маргааш нь том намуудын мөрийн хөтөлбөр  аудитын босгонд  бүдэрч, тав хоногийн хугацаатай засварт орцгоов. Дөрөвдүгээр сарын 25-нд тэдгээр засварлагдсан хөтөлбөрүүд Сонгуулийн ерөнхий хороонд хүргэгдэх учиртай. Үүний дараа л олон нийтэд танилцуулах боломж нээгдэнэ. Улс төрийн намуудын сонгуульдаа сойсон тэдгээр хөтөлбөр дийлэнхдээ уул уурхайд суурилжээ. Уул уурхайг том орлого гэж хардаг, түүнийг хэрхэн  хуваарилснаар намын бодлого хэрэгждэг хуучны  арга барил давтагдаж байна.  Гэхдээ сонгогчдын чихэнд гоё сонсогддог бэлэн мөнгөний амлалтууд энэ удаад  цалин хөлс зэрэг амьдралынх нь анхдагч хэрэгцээг нь онилжээ.


Сонгуулийн тухай хуулийн 38.3-т буюу  Сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох”, “Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээхийг хориглоно” гэсэн заалт бий. Намууд энэ заалтыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч зориуд  зөрчиж  байгаа нь тун хачирхалтай.    

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр: 
Банкны зээлийн хүүг бууруулж, нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орно...

 

Нэг жилийн хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаач  оролцож боловсруулсан гэгдэх  “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг МАН-ын мөрийн хөтөлбөрийн суурь нь болж өгч байна. Гэтэл  2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 6.2-ын ”Урт хугацааны буюу 15-20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал байна”, 6.3-ын “Дунд хугацааны буюу 8-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын дараах баримт бичиг байна” гэсэн заалтуудыг “Алсын хараа 2050” зөрчиж. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа  Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг хангалтгүй, засч сайжруулах ёстой хэмээн МАН-ынхан үзжээ. Ардчилсан намынхны боловсруулсан эл хууль эрх баригч намд гологдож, өөрчлөх тухай ярьж байна. 
МАН-ын мөрийн хөтөлбөр үндсэндээ “Алсын хараа 2050”-ийн эхний дөрвөн жил хэмээн  Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлалаа. Гэсэн хэдий ч судлаачдын шүүмжлэлд өртсөн энэхүү урт хугацааны бодлогын баримт бичигт суурилсан эрх баригч намын мөрийн хөтөлбөр аудитаар унаж буй нь бүр гайхмаар. Сонирхолтой нь, оны өмнөхөн У.Хүрэлсүхийн Засгийн газар өргөтгөсөн хуралдаанаараа 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн  хөтөлбөр  хэлэлцсэн гэх мэдээлэл бий. Энэ нь тэрээр дараагийн Засгийн газрын ажлаа бэлдэж явааг нь харуулна.  Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжих өдрөөс буюу тавдугаар сарын 25-наас хойш байгуулагдах Засгийн газрыг Ерөнхий сайд зөвхөн өөрийн эрх мэдлийн хүрээнд бүрдүүлнэ. УИХ-ын амыг харалгүйгээр бие даан байгуулах эрх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  олгож байгаа. Урьд өмнө байгаагүй хүчтэй, эрх мэдэлтэй, “давхар” дээлгүй (УИХ-ын 4 гишүүнээс илүүгүй) сайд нартай Засгийн тэргүүн ажиллана гэсэн үг. 
МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр өнөөдөр бүрэн дүүрэн хэрэгжив үү?  Энэ асуултад  Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Манай намын мөрийн хөтөлбөр 85.3%-тай биелэсэн” хэмээн ам бардам хариулав. Гэсэн хэдий ч тууз хайчлаад үүдээ нээсэн үйлдвэрлэл уул уурхайн салбарт өнөө хэр  лав алга.  

 

Захын жишээ, “ДЦС-5, Таван­толгой, Багануур, Бөөрөл­жүүт, Тэвшийн говийн дулааны цахилгаан станцуудыг барина, Ухаа худаг-Гашуунсухайт, Нарийнсу­хайт-Шивээхүрэн  чиглэлийн тө­мөр замыг барьж ашиглалтад оруул­на” хэмээн МАН мөрийн хөтөлбөртөө тусгажээ.  ДЦС-5-ын сураг алдарч, Багануурын цахилгаан станцын төслийн ажил хэзээ хэрэгжих нь тодорхойгүй.  Тавантолгойн цахилгаан станцын ажил жил жилээр хойшилсоор хамгийн сүүлд  Засгийн газрын шийдвэрээр   2024 онд ашиглалтад орохоор  болов. Эдүгээ шүүхийн хаалга татах “хэрэг”-т буруутгагдаад байгаа Ерөнхий сайд асан  М.Энхсайханы боловсруулсан төслөөр бол Тавантолгой цахилгаан станц  2016 онд ашиглалтад орох байлаа. Сайнаар бодоод  2024 онд ашиглалтад орлоо гэхэд МАН-ын тууз хайчлах сонгуулийн нэг үзүүлбэр болох вий. 

Арван жил хэрүүлийн бай болсон Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр зам ашиглалтад ороогүйг Та харж байна. Харин МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт огтхон ч дурдагдаагүй Таван­толгой-Сайншанд-Зүүнбаян чиглэ­лийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор өрнөж байна.  Гэтэл У.Хүрэлсүх зоримог шийдвэр гаргаж энэхүү бүтээн байгуулалтыг  эхлүүллээ хэмээн Төрийн тэргүүн түүнийг магтан сайшаав. Олон жил яригдсан  Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг. Ажил хэрэг нь урагштай ч 2023 онд ашиглалтад орох үйлдвэр. Хэрэв МАН энэ ажилдаа эзэн болохгүй бол  тууз хайчлах эрх Ардчилсан намд ногдоно. Учир нь Ардчилсан нам төрийн эрх барьж байхдаа энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх санаатай нэлээд хөөцөлдсөн юм. Тавантолгойн IPO-г олон улсын бирж дээр гаргах оролдлогуудыг МАН-ын засаглалын үед түлхүү хийсэн байдаг. Сү.Батболд Ерөнхий сайд IPO гаргах анхны хувилбаруудыг дэвшүүлсэн түүхтэй. 
 

Ардчилсан намынхан яагаад ч юм энэ тал дээр хичээдэггүй, хичээсэн ч дотоод фракцууд нь санал нэгддэггүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлсэн, ярьснаараа Эрдэнэс Тавантолгойн IPO-ийг бирж дээр гаргаж чадсан бол МАН-ын рейтинг өсөх байлаа. IPO У.Хүрэлсүхийн дараагийн Засгийн нөөц ажил болж үлдэж байх шиг байна. “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг татан буулгалаа гэсэн шуугиан ойрд хүчээ авч байна. 
МАН-ын эрх барьсан сүүлийн хоёр  жилд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ашигт малтмалын ордуудыг төрийн мэдэлд “булаан” авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг жилээр  зогсоов. Үр дүнд нь хайгуулын хөрөнгө оруулалт татрав. МАН-ын мөрийн хөтөлбөрт геологи хайгуулыг эрчимжүүлэх томоос том зорилт тавьсан ч бодит амьдрал дээр хэрэгжсэнгүй. Үндэсний Геологийн албыг  арайхийн байгууллаа. Энэ албыг төрийн эрх мэдэлтэн биш жинхэнэ мэргэжлийн хүн удирдвал амжилтад хүргэх байх.  

 

МАН-ын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт туссан стратегийн ордын том төслүүдийг үргэлжлүүлэх гэдэгт хамаарсан бэлэн төсөл нь Гацуурт байсан. Гацууртын ордыг ашиглах нь “стратеги”-ийн чухал алхам төдийгүй эдийн засгийн хүнд байдлаас гарахад дорвитой хувь нэмэр оруулна гэж тэд сурталчилж байсан. Монгол Улсын валютын нөөцийг жилд 200 орчим сая ам.доллараар нэмэгдүүлэх төслийн хувь заяаг шийднэ гэсэн ч  улс төрийн тогтворгүй байдал, нийгмийн эсэргүүцэл, шүүхийн маргаан зэргээс залхсан хөрөнгө оруулагчид Монголыг орхисон билээ. У.Хүрэлсүх сайд ч  Гацууртын алтны ордыг ашиглуулахгүй гэдгээ ил тод мэдэгдэв. Ийнхүү Гацууртыг ашиглах МАН-ын төлөвлөгөө нурах нь тэр.  Уурхайн хаалтын хуультай болно гэж  баахан  шуугиж байгаад чимээ тасарлаа. Салбарт цоо шинэ хандлага авчирна хэмээж байсан ч  тодорхой бус шалтгаанаар энэ хуулийн хэлэлцүүлэг дарагдаж байна.    
 

Олзуурхууштай нь өнөөгийн Засгийн газрын үед Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай  тогтоолын төслийг баталж, гэрээнүүдийг сайжруулах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ бол  мега төслийг гацааж, зогсоосноос хавьгүй дээр үйлдэл. Харин Оюутолгой ордыг түшиглэн Ханбогд суманд Зэс хайлуулах үйлдвэрийн төслийн судалгаа, ТЭЗҮ боловсруулсан ч одоогоор энэ төсөл усны нөөц, хангамжийн асуудлаас болоод зогсонги байдалд орсон. Төслийн хувь заяа дараагийн Засагт бас л шилжих нь. 
 

“Уул уурхайн салбараас орох орлогыг одоо болон ирээдүй хойч үедээ тэгш  хүртээх, оновчтой хуваарилах эрх зүйн орчин бүрдүүлж Баялгийн сангийн тухай хуулийг батална” гэсэн амлалт МАН-ын мөрийн хөтөлбөрт бий. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн барихаар бэлтгэжээ. Хачирхалтай нь энэ хуулийн төсөл олон нийтэд ил биш байсаар батлагдах нь бололтой. 
 

АН, МАН хоёуланд нь Тавантолгойн 1072 хувьцааг үнэ цэнтэй болгох, ногдол ашиг хүртээх амлалтууд явж ирсэн. 2017, 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажилласны дүнд МАН-ынхны 1072 хувьцааны ногдол ашгийг иргэддээ өгөх мөрөөдөл нь биелэхэд ойрхон байна. Хамгийн сонирхолтой нь, МАН гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх орчинг бүрдүүлж, уул уурхай дахь төрийн оролцоог багасгах бодлого баримтлахаа  зарласан. Харин энэ амлалт өнөөдөр ямар нөхцөл байдалтай  байгаа билээ?

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр:

Чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох... 

Хэдийгээр төрийн эрх бариагүй ч  АН-ын уул уурхайд хандсан мөрийн хөтөлбөр (2016 он) олны анхаарлын дунд явж ирлээ. АН-ын хувьд уул уурхайн салбарыг аж үйлдвэрлэлтэй холбож хөгжүүлэх зорилт тавьж, төрийн хяналтыг хүчтэй болгох бодлого зорилт дэвшүүлсэн. АН-ын гол ялагдал нь Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг Монголд эргүүлэн авчрахдаа УИХ-аар хэлэлцүүлэлгүй  хууль бус, нууц наймаа хийсэн хэмээн дотоод фракцын төлөөллүүд нь мэдэгддэг. Үр дүнд нь тус нам сонгуульд ялагдаж, УИХ-д дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний л суудалтай үлдсэн. Энэ удаад тэд бас хаширсангүй,  мөнгөн амлалтууд өгч эхлэв.  
 

Тус нам Монгол Улсын  хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан гэж тайлбарлаж байна.  Иргэдийн дундаж цалингийн доод хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ гэсэн амлалт нь багагүй хэл ам татаж байгаа. Ардчилсан нам “Эрдэнийн хувь” буюу 1 сая төгрөг, Ардын нам “Эх орны хишиг” буюу 1.5 сая төгрөгийг бэлнээр өгөх амлалт өгч өрсөлдөж байсан үе бий. Хоёулаа л байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээх сурталчилгаа. Сонгуулийн тухай хуулийг илт зөрчсөн 3 сая төгрөгийн амлалт бол цалин   нэртэй болохоос бэлэн мөнгө тараахаас ялгаагүй үйлдэл. Цалин үүсгэх гол эх сурвалж нь өнөө л Тавантолгой орд. “Зөвхөн Тавантолгойн коксжих нүүрсийг ашиглаад  жилдээ 7.5 тэрбум ам.долларын экспортыг хийж болж байна. Монголчууд ядаж 1000 ам.долларын цалинтай болох ёстой. 1000 ам.долларын цалинтай 150 мянган ажлын байрыг 2030 он гэхэд бид бэлдэж чадна” хэмээн З.Энхболд дарга самбар дээр бичиж байгаад тайлбарлалаа. 
 

Монгол Улс жилд 5 тэрбум ам.долларын түүхий эд (коксжих нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гэх мэт) зарж байгаа бөгөөд эдгээрийн боловсруулах  үнийг 6 дахин өсгөхөд 30 тэрбум ам.доллар болно  гэсэн тооцоог Ардчилсан намынхан хийжээ. Тэдний тооцоолсноор үүнд хүрэхэд намын  4 биш бүр 10 жилийн хөтөлбөр хэрэгтэй юм байна. Сонгуулийн тухай хуулийн 34.4 болон 34.5-д “Нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ тусгагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байна”, “Нам, эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна” хэмээн тусгасан. Ардчилсан намын дэвшүүлсэн цалингийн доод хэмжээ 3 сая биш юу болж гарч ирэхийг харах л үлдлээ.
     

МАХН буюу “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр:

МАХН-ын хувьд 2016 оны мөрийн хөтөлбөртөө уул уурхайн салбарын хөгжил, бодлогын талаар тусгаагүй. Харин мөрийн хөтөлбөрийн эхлэл болох зорилго хэсэгт Монгол орны байгалийн баялаг нь ард олны аз жаргалтай амьдралын үндэс болох талаар тунхгийн шинжтэй ганц заалт  орсон байдаг. Тэд Үндсэн хуульд байгалийн баялаг бол дундын өмч гэсэн заалт шигтгэж оруулах гээд чадаагүй. Харин 2020 онд тус нам  Иргэний зориг-Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намууд хамтарсан Эвсэл байгуулж сонгуульд оролцож байна. Эвслийн мөрийн хөтөлбөрт сүүлийн 30 жилд төр, засгийн алдаатай бодлогыг арилгах, баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ерөнхий агуулгууд багтсан. Монгол хүн бүрийг өрийн дарамтаас гаргах ”Өргүй Монгол”, өрх гэр бүрийг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр, монгол төрийг хариуцлагатай болгох Шинэ Дээд хуулийн төсөл зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулна” гэжээ. Бүтэн гурван жил бодож боловсруулсан хөтөлбөр аж. Сонгуулийн хуулийг зөрчсөн хамгийн гайхалтай гэмээр зорилт нь монгол хүн бүрийн цалингийн дундаж хэмжээг ирэх дөрвөн жилд 5 сая төгрөгт хүргэх. Саяхан аудитын шалгалтад цалингийн хэмжээ нь бүдэрсэн болохоор одоо хэдэн төгрөг дээр буух бол гэдэг сонин. Том том үйлдвэрүүдээ  босгоод, мөнгөний бодлогыг өөрчлөн, хувийн хэвшилд хүү багатай зээл олгох замаар 5 сая төгрөгийн цалин өгнө гэсэн амлалт мэдээж гоё сонсогдож байна. Харин биелэлтийг одоо хэлэхэд хэцүү.
  

“Шинэ эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр:

Уул уурхайн салбараас баяжсан “30 гэр бүл”-тэй тооцоо бодох, тэдний хөрөнгийг ард иргэддээ хуваарилах балмад гэмээр амлалтыг “Шинэ эвсэл” өгч байна. Үүнийгээ баялгийн хувьсгал гэж нэрийдэв.  “30 гэр бүл”-д ямар ч хамааралгүй хүмүүс хавчуулагдан гүтгүүлж байсныг Авлигатай тэмцэх газрынхан нотолж, “цагаатгал”-ын хуудас өгч байсан нь саяхан. Яаж тоолоод, ямар хэмжүүрээр гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй эдгээр  гэр бүл  дахиад л улс төрийн намуудын хараанд өртөж, сонгуулийн сурталчилгааны нэг хэрэгсэл болох нь тодорхой болж байна. “Шинэ эвсэл”-д Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Бүгд  Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам, бусад дэмжигчид нэгдэж  байгаа.  Тэд Монгол Улсад сүүлийн 30 жил хуримтлагдсан 30 тэрбум ам.долларын өрийг “30 гэр бүл”-ээр төлүүлээд, стратегийн орд газруудаа иргэддээ өмчлүүлэх уриатай. Түүнчлэн  банк, санхүүгийн салбарт бий болсон монополь тогтолцоог задлан, санхүү зээлийн хүүгийн мөлжлөгөөс ард иргэдээ  чөлөөлөхөө амлажээ. Сонирхолтой нь популист өнгө аястай тэдний мөрийн хөтөлбөр аудитад шалгарч, Сонгуулийн Ерөнхий хороонд хүргэгдэж байна. 

ХЯМРАЛТАЙ УУЛ УУРХАЙ
                                
Уул уурхайн салбар өсөлттэй цаг үед намууд хөтөлбөрөө дэвшүүлбэл үнэмшилтэй сонсогдох зүйлс олон байж мэднэ. Харин өнөөдөр COVID-19 цар тахлын улмаас экспортын 90%-ийг бүрдүүлдэг салбар уруудан доройтож байна. Улсын төсөвт нүүрсний экспортыг өнгөрсөн оныхтой адил 42 сая тонныг төлөвлөсөн нь бодит амьдралд нийцэхгүйгээр үл барам 25 сая тоннд хүрвэл дээдийн заяа болох нь. Экспортын дэд бүтцээ байгуулаагүй, хил гаалийн хөл хорио бүрэн тавигдаагүй нөхцөлд уул уурхайн ашигт малтмалын экспорт зорьсон хэмжээндээ  хийгдэхгүй. 

 

Монголын эдийн засаг дөрвөн жилийн мөчлөгтэй. Сүүлийн 30 жилийн дүр зургийг харахад эдийн засаг ганцхан удаа тасралтгүй өсч ирсэн нь 2000-2004 он. Эдийн засаг нэлээд тогтвортой, түүхий эдийн үнэ ханш савлаагүй тэр үеийн ганц бэрхшээл нь зуд байсан. Бусад үедээ байнгын савлагаатай. Энэ жил зөв, сайн төлөвлөсөн бол эдийн засгийн өсөлт 6-7%-тай байх  байсан.  Монголчууд хэчнээн мөрөөдсөн ч  эдийн засгийн 60-70%  гадны  зах зээлээс хамаардаг. Дэлхийн зах зээл дээр үнэ хүрдэг зэс, коксжих нүүрс, ноолуур гэсэн экспортын гуравхан бүтээгдэхүүнтэй. Нөхцөл байдал ийм байхад дэлхийн зах зээлд нөлөөлөгч улс мэтээр өөрсдийгөө төсөөлөн “сонгуульдах” их дуртай. “Алсын хараа 2050”-ийн төлөвлөлт бүү хэл 2020 оны улсын төсөв ч  бүхэлдээ асуултын тэмдэг болж байна. 2020 оны улсын төсвийг барилга, байгууламжууд барих тооцоогоор  2 их наядын алдагдалтай баталсан. Энэ нь барилга байгууламж барихад зарцуулах мөнгө. Тэгвэл өнөөдөр  зөвхөн зэс, нүүрсний экспортын улмаас төсөв  одоогоор  2 их наядын орлогоор тасрахаар  байна. Өөрөөр хэлбэл, 4 их наядын орлого байхгүй болно. Тун өөдрөгөөр төсөөлсөн 12.9 их наядын төсвийн орлого 7-8 их наяд руу орж ирэх нь. Хөгжлийн урт хугацааны бодлого уул уурхайн салбартайгаа хэр зөв уялдаж чаддаг вэ гэдэг асуулт эндээс гарч ирнэ.   
 

Монгол Улс Мянганы хөгжлийн бодлогод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг 2007 онд баталсан. Гол автор нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Гэвч түүнийг төрийн сэнтийгээс бууснаас хойш Үндэсний хөгжлийн цогц бодлого урагшлахаа больсон. “Алсын хараа 2050” ч мөн Ардын намыг Засгийн эрхийг өгсний дараа хэрэгжих үү?  Хамгийн том сөрөг хүчин Ардчилсан нам одоохондоо дэмжиж байгаа ч хачир дээрээ дагаад явах уу гэдэг ч бас л эргэлзээтэй. “Монгол Улсын тогтвортой хөгжил-2030” зорилт ч дор хаяж хоёроос гурван жилээр зөрөх нь, энэ янзаараа. 2008 оноос хойш Монголын эдийн засгийн бүтцэд уул уурхай давамгайлдаг болсон. Энэ бүтэц засагдахгүй. Шинээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд үндсэндээ уул уурхай руу чиглэдэг. 
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт ихээр татдаг салбар нь уналттай байна. Тэгэхээр улс төрийн намууд ирэх жилүүдэд эдийн засаг өснө гэж хэчнээн гоёор яриад ч бүгд уул уурхайгаас хамааралтай хэвээр л байх болно. Учир нь уул уурхайгаас орж ирсэн орлогоороо эдийн засгаа төрөлжүүлэх бодлого Монголд хэрэгжээгүй. Оюутолгойн далд уурхай, Газрын тос боловсруулах үйлдвэрүүд 2023-2024 оноос ашиглалтад орох ба түүнээс наана эдийн засагт дорвитой өсөлт гарахгүй гэдгийг эдийн засагчид сануулж байна.  Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2020 оны эдийн засгийн өсөлтийг 2.1%, 2021 онд 4.6% байхаар төсөөлсөн. Энэ бол харьцангуй өөдрөг тоо. Ийм нөхцөлд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн “Дэлхийн эдийн засгийн тойм” танилцуулга энэ талаар нэлээд ханатай юм хэлэх байх. Энэ утгаараа 2021 онд Монголын эдийн засаг сэргэх үү гэдэг шинэ улс төрийн хүчний мэдлийн асуудал болно. 

 

Ядаж  3%-ийн өсөлттэй болоход  банкны тогтолцоо эрүүл байх нь их чухал. 2022 онд өсөлтийг 4-5%-д хүргээд тогтворжуулж чадвал маш том амжилт.  Монголбанкийг бодлогын хүүгээ олигтойхон буулгаад өгөөч гэж зарим эдийн засагчид, улстөрчид шахаж шаардаж байгаа. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг Монголбанк бодлогын хүүгээ байсхийгээд л 1 нэгж хувиар буулгаж байна. Бодлогын хүүг 5% хүртэл буулгаж болох уу?  Эдийн засагчдын санал хуваагдаж байгаа гол асуудлуудын нэг нь энэ. Монгол банк бодлогын хүүгээ огцом бууруулаад арилжааны банкуудад ихээхэн хэмжээний зээл гаргаад эхэлбэл 2013-2014 онд болж байсан бэрхшээл үүсэх магадлалтай. Нэгэнт үр ашигтай төслүүд байхгүй нөхцөлд арилжааны банкууд зээл гаргалаа гэхэд тэр нь ихэнхдээ чанаргүй зээл болж хувирна. 2019 онд Монголбанкны гаргасан үзүүлэлтээр уул уурхайн салбар чанаргүй зээлийн ангиллыг тэргүүлж байсан. Одоо ч  хэвээр.  Бизнесийн идэвхжил сэргээгүй байхад зах зээл рүү мөнгө нийлүүлбэл ямар ч үр дүн авчрахгүй. Эсрэгээрээ банкны системд зээлийн чанар мууддаг. Тиймээс  Монголбанк  хэдэн сар хүлээж байж бодлогын хүүгээ бууруулах хэрэгтэй гэдэгт зарим эдийн засагч байр сууриа нэгтгэж байгаа юм. Монгол банк 8 юм уу, 9 сард бодлогын хүүгээ хөдөлгөвөл зургаан сарын дараа нөлөөлөл нь гарч эхэлнэ. Тэр үеэс жижиг, дунд бизнес дараагийн төслүүдээ хөдөлгөх тухай ярьж эхлэх болов уу. Ингэж чадвал 2021 оны эдийн засгийн сэргэлт арай хурдан болно. 
 

Дампуурч байгаа аж ахуйн нэгжүүдийг арилжааны банкууд авардаггүй. Банкны зээл хүүтэй мөнгө болохоос  гамшгаас  авардаг хэрэгсэл биш.  Онцгой нөхцөлд төр бизнесээ аврах ухаалаг бодлого хэрэгжүүлэх ёстой.  Энэ бүхнээс харахад шинэ засгийг удирдах намуудын мөрийн хөтөлбөр маш бодитой, зөв тооцоо, судалгаатай, хүрэх үр дүнтэй байх нь юу  юунаас чухлаар тавигдаж байна. Мөдхөн Хятадын своп хэлцлийн зээлийг долдугаар сараас төлж эхэлнэ.   2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд ”Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийнэ. 2021-2024 онд нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлбөр төлөгдөхөөр хүлээгдэж байгааг Сангийн яам мэдээлсэн. 2020 онд ямар нэг гадаад өр төлбөрийн асуудалгүй  байх гэтэл хэний ч төсөөлөөгүй коронавирусын аюулт цар тахал дэгдэж байдал огт өөрөөр эргэв. Тэгэхээр төсвийн алдагдлыг нэмээд л байх юм бол өр үүсээд   байх нь тодорхой. Улс төрийн намуудын бодлого бол төсвийн алдагдлыг нэмэх үү, төсвийн зарлагыг цомхон байлгах уу гэдэгт л анхаарах ёстой. Шинээр өр тавилгүй хуримтлал үүсгэж байж түүнийгээ өр төлбөр төлөх эх үүсвэр болгох учиртай. Өр төлнө гэж хэлчихээд нөгөө талдаа алдагдлаа нэмээд, зарлагаа өсгөөд байх нь ямар ч логикгүй үйлдэл. Сонгуульд өрсөлдөж байгаа намуудын мөрийн хөтөлбөрөөс энэ мэт эдийн засгаа аврах тодорхой гарц шийдэл харагдахгүй байгаа нь хачирхалтай. Өнөө л уурхайн орлогын хуваарлилтаа бодсон хэвээр. Шинээр бүрэлдэх УИХ-ын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Төрийн, нийтийн хамаарал­тай өмчийн харилцааны хуулиу­дыг батлах. Энэ хууль зөв гарч байж байгалийн баялгийг  төрийн, нийтийн зарчмаар зохи­цуулах Үндсэн хуулийн заалт бодитой, агуулга хэлбэр сайтай  хэрэгжинэ. Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр Үндсэн хуу­лийн өөрчлөлтийг  бодож боловс­руулсан заалтууд ховор байна.