Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн даргыг томиллоо

“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөнийг томилжээ. Тэрээр “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцтай танилцсан байна. Цаашид төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техник, технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.

Өнөөдөр түлш эрчим хүчний үнийн төрийн хатуу зохицуулалтын улмаас эрчим хүчний компаниуд өрийн дарамтад орж хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэл хийх боломжгүй байдалд орсон. Үүнийг цаг алдалгүй шийдэх шаардлагатайг  “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагууд ярьдаг. Тиймээс Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах, түлш эрчим хүчний үнийн хатуу зохицуулалт, хяналтыг сулруулах зэрэг чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.

Нүүрсний үнийн төрийн зохицуулалтаас гадна уурхайд төсвийн хөрөнгө оруулалт, татаас гэсэн 2 хэлбэрээр хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх ёстой гэж компанийн удирдлага үздэг.  Үүнээс гадна компанийн зүгээс эрх зүй, татварын орчинтой холбоотой хэд хэдэн зүйлийг санал болгон дэвшүүлдэг. Тухайлбал, Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарын болон уул уурхайн бодлого зэрэг нэгдмэл бодлогын хүрээнд компанийн үйл ажиллагаа, компанийн хөгжлийн бодлого зохицуулагдаж урт хугацаатай хэрэгжиж байх шаардлага бий. Ингэж байж “Шивээ Овоо” компанийн үйл ажиллагаа илүү сайжрах боломжтой аж.

“Шивээ Овоо” ХК-ийн эрчим хүчний нүүрсний уурхайг түшиглүүлэн хэд хэдэн цахилгаан станцын төслийн судалгаа, тооцоо хийгдсээр байна. Тухайлбал, 200 МВт (320 сая ам.доллар)270 МВт (350-400 сая ам.доллар), 450 МВт  (1.1 тэрбум ам.доллар), 5280 МВт (6.6 тэрбум ам.доллар)-ын  хүчин чадалтай Цахилгаан станцын төслүүд хэрэгжиж байгаа юм. 2018 оны сүүлээр 270 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийн нээлт болж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болсон. Өмнөд  бүсийг эрчим хүчээр хангах томоохон төслийг БНСУ, АНУ, БНХАУ-ын хамтарсан мэргэжлийн компаниуд эхлүүлэх болжээ.  Шивээ Овоогийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах талаар үе үеийн Засгийн газар, УИХ дамжин яригдсан ч ажил хэрэг болж чадахгүй өдийг хүргэсэн. Харин энэ удаагийн төслийг төр засаг өргөн цар хүрээтэй бодлогоор дэмжвэл Шивээ Овоогийн уурхайд цахилгаан станц босгоход ямар ч саадгүй болох юм.

Одоогоор тус компани нүүрснээс газ, дизель түлш гаргаж авах төслүүдийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлууд явагдаж байна. Хүрэн нүүрснээс түлш гаргаж авах төсөл туршилтын шатандаа явж байгаа бөгөөд өртөг, боловсруулалт дээр шийдлээ сайжруулах шаардлага бий. Хэрэв хүрэн нүүрснээс дизель түлш гаргаж авбал дотоодын уул уурхайн компаниудад борлуулах боломж байгаа юм. 

 

Г.Идэр