Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Чалко: Хятадад Монголоос коксжих нүүрс импортлох хэрэгцээ их байна

“Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм.

Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.

Өнгөрсөн даваа гаригаас (2020.03.23) Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт эхэлсэн нь нааштай алхам болсон. Ингэхдээ нүүрсний экспортыг чингэлэг тээврээр хийж,  нүүрсний машинууд хилээр гарсан тухайн өдөртөө буцаж орж ирэх шаардлага тавьж байгааг УУХҮЯ онцоллоо.

Гэхдээ Шивээхүрэн боомтоор нүүрсний экспортыг хараахан эхлүүлээгүй байгаа юм. Тус боомт нь Монголын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг. Монголын талаас Шивээхүрэн боомтод нүүрсний экспортод бэлтгэж ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүхий л ажил хангагдсан болохыг салбарын яам мэдээлэв. Харин Хятадын талын Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн горимыг төв Засгийн газраас батлаж, нүүрс импортлох зөвшөөрөл олгохыг тус улсын орон нутгийн захиргаа хүлээж байгаа ажээ.

Хятадын тал Монголоос коксжих нүүрс импортлох хэрэгцээ, сонирхол их. Гэвч авто замаар машинаар нүүрс тээвэрлэж байгаа нь борлуулалт зогсох шалтгаан болсон. Иймд цаашид нүүрсний төмөр зам, ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам байгуулах нь нэн чухал байгааг онцолсон юм.

Монголын нүүрсний гол зах зээл Бугат, Ухай орчимд коксжих нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байгааг Хятадын “Чалко” компанийн төлөөлөл тэмдэглэлээ. Гэхдээ ойрын саруудад коксжих нүүрсний үнэ буурах хандлагатай байна. Учир нь оны эхний хагаст Хятадын нүүрсний хэрэглээ ч сайнгүй байх төлөвтэйг хэлсэн юм. Нөгөөтэйгүүр тус улсын дотоодын нүүрсний нийлүүлэлт сэргэж, хангалттай хэмжээнд хүрсэн ажээ.

Монголоос коксжих нүүрс импортлох хэрэгцээ Хятадад их байгаа ч энэ оны импортын таамгийг хэлэхэд одоохондоо эрт байна. Учир нь коронавирусын тархалтаас ихээхэн зүйл хамаарах юм. Одоогоор Австрали болон ОХУ-ын нүүрсний экспорт Хятадын зах  зээл дэх Монголын байр суурьд нөлөөлөхгүй байгаа аж. Хэрэв Монголын экспортын зогсонги байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл Австралийн нүүрсний нийлүүлэлт Хятад руу нэмэгдэж болзошгүй байна.

Эндээс үзэхэд манай улс COVID-19 өвчнөөс сэргийлэх ажлаа эрчимтэй үргэлжлүүлэхийн зэрэгцээ нүүрсний экспортоо сэргээх чиглэлд ч ихээхэн анхаарах шаардлагатай байна. Хятадын хувьд шинэ коронавирусын тархалтыг хяналтандаа авч чадсанаар хоёрдугаар улирлаас тус улсын аж үйлдвэрлэл эрчимжиж, улмаар коксжих нүүрсний хэрэглээ дагаад өсөх төлөвтэйг Хятадын талын төлөөллүүд тайлбарлав.

Гэвч энэ онд манай улсын 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө биелэх боломж хомс болсон нь илэрхий байна. Боомтын нэвтрэлт сайжрахаас үл хамааран нүүрсний экспортын хэмжээ өмнөх оныхоос нэмэгдэхгүй байх дүр зураг тодорч байгаа юм. 2019 онд манай улс нүүрсний экспортын тэг зогсолт хийгээгүй ч Хятад руу 36.6 сая тонн нүүрс экспортолсон билээ.

Мөн чингэлэг тээврээр нүүрс зөөвөрлөх нь шинэ коронавирусын тархалтыг зогсооход ямар ч эерэг нөлөөгүй төдийгүй тээвэрлэлтийн зардлыг нэмэгдүүлэх сөрөг талтайг талууд хүлээн зөвшөөрч байв. Монголын талд ч чингэлэг тээврээр их хэмжээний нүүрс экспортлох нөөц боломж хязгаарлагдмал байгаа нь цаашид нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд гацаа үүсгэхээр байна.  

Б.Төгс