Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Д.Сумъяабазар: Шатахууны үнэ 200 хүртэлх төгрөгөөр буурах боломжтой

Засгийн газрын ээлжит бус хуралдааны газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нүүрсний экспорттой холбоотой шийдвэрийг (2020.03.19) УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой гэж сайд мэдээлэв.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 65 орчим ам.долларт хэлбэлзэж байсан бол одоогоор 28-22  ам. доллар болж буурсан нь  шатахууны хувьд хамгийн доод үнэд тооцогдож байна. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллар болжээ. COVID 19 вирусын улмаас, Монгол Улсад нэг болон хоёрдугаар сард шатахууны эрэлт бага байсан учраас нөөцөлж чадсан байна. Одоогоор дотоодын зах зээлд АИ-92 шатахууны 30, дизель түлшний 33 хоногийн нөөцтэй байгаа нь нийтдээ энгийн үетэй харьцуулахад 10 хоногийн илүү нөөц юм.Мөн салбарын сайд “У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед шатахууны үнэ өсөөгүй, үнийг тогтвортой байлгахад маш их анхаарч ажилласан”-ыг мэдээлэлдээ онцлон хэллээ. 

Харин нүүрсний экспортын тухайд, ирэх даваа гаригт (2020.03.23) Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар ахалсан баг боомтын ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлын стандарттай газар дээр нь танилцсаны дараа салбарын сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамт бэлтгэл ажлыг шалгах юм байна. УУХҮ-ийн сайд “Юуны өмнө аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих ёстой. Үүсээд байгаа эрүүл мэндийн нөхцөл байдлыг эдийн засагт хүндрэл үүсгэхгүйгээр ажиллана” гэв.

Б.Золоо