Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Алс Дорнодын хуурай  боомтууд  хаагджээ 

Э.Оджаргал

Коронавирусын дэгдэлтийн улмаас ОХУ-ын Ерөнхий сайд Сергей Мишустин Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтын 16 цэгийг нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сар хүртэл хаах шийдвэрийг гаргасан юм.

Тэр дунд төмөр болон авто замын Забайкальск-Манжур, Благовещенск -Хэйхэ, Нижнеленинское-Тунзян, Пограничный–Суйфэнхэ, Гродеково–Суйфэньхэ болон Махалино–Хуньчунь   багтаж байна. Оросын хувьд Хятад, цаашлаад Азийн нутгийн орнуудын зах зээлд Монголын нүүрсний томоохон өрсөлдөгч орон юм. Хуурай боомтын тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хорьсноор Оросын нүүрсний экспортод   нөлөөлж эхэлжээ. Тухайлбал, коксжих нүүрсний “Колмар” компанийн экспорт зогссон байна. Тус компанийн гол нийлүүлэгчид нь Хятадын төрийн “Baowu” корпораци, “Baosteel” компани юм. “Колмар” нь 2021 онд коксжих нүүрсний экспортын хэмжээгээ 22 сая тоннд хүргэж, Алс Дорнодын хуурай болон далайн боомтоор Ази-Номхон далайн бүс, Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Вьетнамын зах зээлд экспортлох зорилттой.  Тэгвэл сүүлийн нэг сарын хугацаанд Якутын бүс нутгийн экспортын нүүрсний төмөр замын тээвэр 40%-иар огцом буурчээ. Энэ нь Гродеково–Суйфэнхэ боомтын  нэвтрэлт удааширсантай холбоотой аж. 
 

Мөн Якутын нутагт Тавантолгойтой адил чанарын коксжих нүүрсний 2.2 тэрбум тонн нөөцтэй Элгагийн ордоос “Мечел” компани Хятадын “Baosteel Resources”, “Jiangsu Sha Steel” компаниудад нийлүүлдэг. Далайн боомтоор нүүрсээ экспортолдог тул худалдаанд төдийлөн нөлөөлөөгүй байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, “Мечел” компани Элга ордын 51%-ийг худалдахаар болжээ. Энэхүү хэлэлцээрийн өртөг 2 тэрбум ам.долларт хүрч мэдэх аж. Түүнчлэн, тус хоёр компаниас гадна “Эльгауголь” Энэтхэг рүү коксжих нүүрс экспортлох хэлэлцээрийг энэ өдрүүдэд Шинэ Дели хотноо хийж байна. Өнөөгийн байдлаар Энэтхэгийн нүүрсний импортын 1%-ийг Орос  хангаж байгаа юм. 
 

Коронавирусын нөхцөл байдлаас Хятадын зах зээлд Оросын нүүрсний эрэлт буурахгүй, харин ч нэмэгдэх боломж үүсч байна гэж ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд Анатолий Яновский мэдэгджээ. Оросын зах зээлийн шинжээчид, Хятадын нүүрсний зах зээлийн нийлүүлэгчид Австралийн дайлан тээвэр, Монголын нүүрсний тээвэр зогссон нөхцөл байдал Оросын нүүрсний экспортод боломж гарч буй гэж үзэж байна.


 

2019 онд Орос улс нийт 193.6 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс 27 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд гол зах зээл Хятад, Япон, Өмнөд Солонгос улс руу Алс Дорнодын нутгаар нийлүүлдэг.
Хятадын эдийн засгийн өсөлт саарч буйгаас газрын тосны хэрэглээ буурч, зах зээл дэх үнэд нөлөөлж буй нь ОХУ-ын төсөвт шууд тусч байна. Нэгдүгээр сарын 15-наас хойш Хятадын газрын тосны нийт хэрэглээ 20%-иар буурчээ. Өнгөрсөн онд нийт 506 сая тонн баррель газрын тос импортолсон гэж үзвэл тус улсын хэрэглээ огцом танагдаж байгаа юм. Хятад газрын тосны нийт импортынхоо 12%-ийг Оросоос хангадаг. ОХУ-ын төсвийн орлогын 35-40%-ийг газрын тосны салбар дангаараа бүрдүүлж байна. Энэ онд Орос газрын тос, байгалийн хийн худалдаанаас 7.4 их наяд рублийн орлого бүрдүүлэхээр улсын төсөвтөө тооцжээ. Он гарснаас хойш тус улсын экспортын Urals маркийн газрын тосны үнэ 20 орчим хувиар буурч 52 ам.долларт хүрчээ. Энэ нь ОХУ-ын төсөвт тооцсон үнээс 9%-иар бага бөгөөд сүүлийн хоёр жилийн хамгийн доод ханшид хүрч буй үзүүлэлт болж байна. Тэгвэл Brent маркийн газрын тосны үнэ 55-57 ам.долларт хэлбэлзэж байгаа юм. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ цаашид буурахаас зайлсхийхийн үүднээс ОПЕК-ийн гишүүн орнууд нефтийн өдрийн олборлолтоо 500-600 мянган баррелиар танах нь зүйтэй гэж Саудын Араб үзэж байна. Харин Оросын хувьд газрын тосны олборлолтоо танах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа юм. 

Comment (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Reply