Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Д.Сумъяабазар: Нүүрсний экспортын тээвэрт квот тогтоох асуудлыг хэлэлцэнэ

- Хил гаалийн асуудлаар Хятадын талтай ярилцана -

БНХАУ-д дэгдсэн коронавирусын улмаас Монгол Улсын боомтуудын түүхий эдийн экспортын тээвэр гуравдугаар сарын 15-ныг хүртэл зогссон билээ. Шадар сайд Ө.Энхтүвшин, түүхий газрын тосны экспортын тээврийн асуудлаар Дорноговь аймагт ажиллах бол өнөөдөр (2020.03.04) Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Замын-Үүдэд ажиллаж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэв. Тэрээр ойрын өдрүүдэд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллахаар төлөвлөж байна. Нүүрсний экспортын тээврийг үргэлжлүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Экспортын тээвэр, боомтод шаардлагатай халдваргүйжүүлэлт, ариутгал, жолооч нарын эрүүл ахуйтай холбоотой асуудлаар Улсын онцгой комиссоос үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу миний бие энэ долоо хоногт Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцана. Мөн хил гаалийн асуудлаар Хятадын талтай ярилцах зэрэг ажлууд бий. “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн “Тавантолгой” компанийн удирдлагуудтай ярилцаж, нүүрсний тээвэр болон олборлолт хийж  байгаа аж ахуйн нэгжүүд, Цагаанхаднаас цааш тээвэр хийж байгаа хэчнээн компани байгааг давхар нягтлаад Хятадын талтай ярилцах юм.  Монгол Улс, БНХАУ аль аль талдаа боомтын тээвэр тэг зогсолт хийж байна. Худалдан авалт, нийлүүлэлт зогссон анхны тохиолдол гэж хэлж болно. Энэ механик зогсолтыг зөв урагшлуулах үүднээс нүүрсний тээврийн квотын хэмжээг өдөрт 200-400 юм уу, үүнээс илүү байхаар бэлтгэл ажил хангах, холбогдох зардал өртгийг тооцох талаар манай тал хоорондоо хэлэлцэж шийдэнэ. Ер нь улсын төсөв 1 их наяд төгрөгөөр тасраад буй тооцоо бий. Төсөвт тодотгол хийх нь хараахан тодорхойгүй байна.

Тавантолгойн ордоор битгий улс төржөөч ээ. Улсын эрх ашгийн асуудал нэгдүгээрт тавигдах ёстой. Аль нэг намын эрх ашгаас илүүтэйгээр Монголын ард иргэдийн эрх ашиг тэргүүнд тавигдана. Тавантолгойн ордой холбоотой Засгийн газрын 10 гаруй тогтоол, олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахыг дэмжсэн УИХ-ын 73 дугаар тогтоол болоод Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүд гарсан. Энэ дагуу улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой олон төсөл байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны ногдол ашгийн 750 тэрбум төгрөгийн хөрөнгийг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулж байна. Түүнчлэн, Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замын төслийг угтуулан тавих нөхцөлөөр урьдчилгаа төлбөрөөр хөрөнгө босгож хэрэгжүүлэхээр “Бодь” групп шалгарсан. Тус компани эрсдэлээ үүрч 2020 онд багтаан төмөр замыг барьж дуусгах төлөвлөгөөтэй. Энэ хоёр төмөр зам зэрэг ашиглалтад орсноор 50 сая тонн, авто замаар Гашуунсухайт болон Ханги боомтоор 20 сая тонн нийт 70 сая тонн нүүрс жилдээ экспортлох тооцоотой. Энэ эрчээр боловсруулах үйлдвэрийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, дотооддоо нэмүү өртөг шингээх, ажлын байр бий болгох  учиртай. Тус бүр 10 сая тонн нүүрс баяжуулах хоёр үйлдвэрийг эхний ээлжинд барих шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагуудын судалгаа, саналууд байгаа. Мөн 2-4 сая тонн хүчин чадалтай Коксын үйлдвэр зайлшгүй байгуулах хэрэгтэй. Үүнтэй уялдуулан УУХҮЯ-наас Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг гаргалаа. Залгуулаад Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тавантолгой, Эрдэнэт, Сайншанд гэсэн гурван цэгт Үйлдвэр технологийн паркийг байгуулахдаа Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан харах нь зүйтэй гэсэн концепц байгаа юм. ”

Э.Од