Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

PDAC 2020: Коронавирус уул уурхайн төлөвийг хүндрүүлж байна

Жил бүрийн гуравдугаар сард Торонто хотод болдог PDAC чуулганы үеэр суудал олох нь ихэвчлэн хэцүү байдаг. Гэсэн ч энэ жилийн чуулганаар өмнөх жилүүдээс харьцангуй цөөн зочид цугларчээ. “CRU” группийн захирал Пол Робинсон, метал олборлолтын төлөв байдлын талаарх илтгэлээ чуулганы сийрэг ирцийн талаар эхлүүлсэн байна. Тэрээр “Бид коронавирусын талаар ярихгүй байж болохгүй. Одоогоор дэлхий дахинд эрдэс, түүхий эдийн эрэлтэд төдийлөн өөрчлөлт гараагүй. Гэвч аялал жуулчлалын салбар,  гадаадад зорчиход бэрхшээлтэй байгааг чуулганы энгийн үе болон одоогийн ирцийг хараад та бүхэн ойлгох байх. Гэхдээ бидэнд БНХАУ, БНСУ-д тохиолдсон шиг цохилт хараахан тохиолдоогүй байгаа” гэлээ. 

Лондон хотод төвтэй, зах зээлийн судалгааны чиглэлийн компанийн удирдлагын хувьд Пол Робинсон уул уурхай, металын салбарт үүсээд байгаа өөрчлөлт, эргэлзээний талаар илтгэлдээ хуваалцсан байна. Коронавирусын дэгдэлтийн улмаас Бээжин хот дахь “CRU” группийн ажилчид өнгөрсөн сарын турш гэрээсээ ажиллаж, захиалгын хоол  идэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийгээгүйг өгүүлжээ. 

“Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж, цаашлаад дэлхийн эдийн засагт ч тусна. Нөлөөллийг тодорхойлох хэд хэдэн чухал хүчин зүйлүүд бий. Үүнд, ирэх 3-4 долоо хоногийн хугацаанд вирусыг дарах ажилд хэр ахиц гарах, хэрэглэгчдийн хариу үйлдэл, мөн Хятадын Засгийн газар эдийн засаг дахь коронавирусын сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ зэрэг багтах юм. Мэдээж хэрэг, Хятадын эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрөөс оны хоёрдугаар хагасын маш олон зүйлс хамаарна. Ийм хөтөлбөр Хятад хэрэгжүүлэх нь гарцаагүй. Хэрэв тус улсын Засгийн газрын арга хэмжээ нь хэрэглээг дэмжих, ногоон эдийн засагт татаас олгох байдлаар хэрэгжвэл зэс, кобальт, никелийн эрэлт өсч, жилийн хоёрдугаар хагаст нөхцөл байдал сайжрах магадлалтай. Гэхдээ өөр хувилбар буюу Хятадын Засгийн газар хуучны аргаар дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж мэдэх юм. Энэ тохиолдолд төмрийн хүдэр, ган, зэсийн зах зээлд сайнаар нөлөөлөх ч төдийлөн тогтвортой биш байх болно” гэж Робинсон тайлбарлав.

CRU группийн дэвшүүлж буй таамаглалаар, 2020 онд 38 төрлийн түүхий эдийн үнэ үндсэндээ 5%-иар буурахаар байна. Тэр дунд палладий хамгийн өсөлттэй байх төлөвтэй. Энэ онд палладийн үнэ дор хаяж 15%-иар өсөх хандлагатай бол хамгийн муу төлөвтэй литийн үнэ багадаа 15%-иар буурч мэдэх аж. Гэхдээ энэхүү төсөөлөл улам бүр дордох эрсдэл бас бий. Хятад улс коронавирусын тархалтыг зогсоож, эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ авна гэсэн таамагт үндэслэсэн ханшийн тооцооллыг хийсэн гэдгийг Робинсон онцлов.  2019 оны арванхоёрдугаар сард CRU-ийн мэдээлэлд түүхий эдийн үнэ “ёроол”-ын түвшинд хүрсэн гэж үзэж байсан. Гэвч одоо металын эрэлтийн тухайд тодорхойгүй байдал үүсээд байгааг тэрээр тэмдэглэж байна. “Энэ жил вирусын халдвар дэлхий даяар нэмэгдэхгүй бол эдийн засаг эргээд өсөлттэй байх болно. 2013-2018 онд олборлолтын зардлаа танаж чадсанаар уул уурхайн томоохон компаниудын мөнгөн хөрөнгийн хэмжээ тун сайн байгаа тул өөрсдийн үйл ажиллагаагаа хянах, хөрөнгө оруулалтын олон хувилбарыг (хувьцаа эргүүлэн авах, нэгдэх/худалдан авах хэлцэл болон бусад хөрөнгө оруулалт) авч үзэх боломжтой байгаа. Гэсэн хэдий ч урт хугацааны туршид "илүү цэвэр" хүлэмжийн хийн ялгаруулалт багатай хувилбарыг хайж буй хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарыг бүхэлд нь “орхиж” мэдэх эрсдэл бий. Хэрэв одоо энэ сорилтыг шийдвэрлэж эхлэхгүй бол нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай эдийн засгийг бүтээх үндсэн металуудын олборлолт хийгдэхгүй, үүнд шаардлагатай хөрөнгө олдохгүй болно гэсэн үг” гэжээ. 

Робинсон чуулганы үеэр бас нэг зүйлийг дурдсан нь уул уурхайн баялгийг шударга хуваарилах талаар байлаа. “Бид баялгийг шударга хуваарилах хэрэгтэй. Мөн энд технологийн хоёр төрлийн сорилтыг ярих хэрэгтэй. Үүний нэг нь автоматжуулалт болон  алсын зайнаас ажиллах байдал нь уул уурхайн явагдаж буй орон нутгийн ажлын байрыг хэрхэн өөрчлөх тухай явдал юм. Үүнд муу зүйл байхгүй ч одоогийн уурхайн загварчлалаар үйл ажиллагаагаа явуулбал хүлээлтэд зөрүүтэй байдал үүснэ. Жишээ нь тухайн уурхайн ажилчдын тал хувь нь алсаас буюу 500 км зайнаас ажлаа хийх тохиолдолд орон нутгийн үр өгөөжийн тухай асуудал гарч ирнэ гэдгийг тэрбээр тайлбарлажээ. 

Б. Золоо

Сэтгэгдэл (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах