Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Эдийн засаг гэнэтийн савлагаанд дархлаагүй байна 

Б.Төгсбилэгт


2020 оны эхний саруудад “корона” гэх нэр чихэнд үргэлж дуулдахын зэрэгцээ амны хаалтны содон үнэрт хүн бүр дасал болсон байдлаар үргэлжилнэ гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Корона гэх нөхөр дэлхийн эдийн засгийг хүссэнээрээ удирдана чинээ Трамп, Си дарга нар ч тааварлаагүй. Энэ үйл явцыг “Коронагийн тохуурхал” хэмээн нэрлэж болно. 

АНУ, Хятадын тал худалдааны хэлэлцээрээ үзэглэж, залгуулаад эдийн засагчид 2020 онд дэлхийн санхүүгийн нөхцөл байдал “ерөнхийдөө гайгүй болох нь” гэцгээж дор бүрнээ сэтгэл уужирцгааж суусансан. Гэтэл корона гэх нөхөр дахин эргэж ирсэн нь 2019 оны арванхоёрдугаар сард байсан юмсанж. Хэн ч  анзааралгүй байж атал тэрээр сүр хүчээ дэлхий нийтэд, ялангуяа Хятадад  жигтэй нь аргагүй мэдрүүлж таарлаа. Си дарга коронагаас айсан уу яасан Хятадын олон нийтийн дунд цухуйхаа ч болилоо. Корона нь хүн төрөлхтний хувьд эртний танил бөгөөд энэ удаад зүсээ хувирган дэлхийн хоёр дахь эдийн засгийг донсолгохоор ирснээрээ онцлогтой. Урьд нь 2003 онд коронагийн өмнөх хувилбар  SARS  гарч байхад Хятад улс дэлхийн эдийн засгийн ердөө 4.3%-ийг эзэлж байсан. Тэгвэл 2018 оны байдлаар уг үзүүлэлт 19 орчим хувьд хүрчээ. Том эдийн засагт том цохилт үзүүлэхэд гарах уршиг нь төдий чинээ их. Тиймээс  Хятад, АНУ-ын төв банкууд цохилтын хүчийг сулруулахад бэлтгэж, хариу арга хэмжээ   авч эхэллээ.

Коронаг энэ удаад хэрхэн, хаанаас Хятад руу довтолгосныг хэн ч мэдэж чадахгүй байна. Шинэ төрлийн вирус яг хаанаас Хятад руу нэвтэрч орхив гэдэг дээр  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эцсийн дүгнэлт гаргаж чадаагүй л явна. Зүсээ хувилган, шинээр хүрэлцэн ирсэн вирусыг COVID-19 хэмээн нэрийдэхээр  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас   шийдвэрлэлээ. 

Коронагийн довтолгоон өмнөхөө бодвол энэ удаад ихэд ширүүн өрнөж, олон хүнийг хамарч байна. Довтолгоон ширүүсэх тусам дэлхийн эдийн засаг “гүн цохилт”-д өртөх нөхцөл байдал үүсч байна. Эрдсийн түүхий эдийн үнэ буурч, Хятадын эдийн засагт зогсолт хийж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Хятад  бол манай түүхий эдэд суурилсан экспорт бүхий эдийн засгийн хувьд асар чухал түнш бас хөрш орон билээ. 

Хятад улс өнгөрсөн оны байдлаар манай улсын нийт экспортын 90 гаруй хувийг худалдан авч, импортын 34%-ийг бүрдүүлсэн байна. Хоёрдугаар сарын эхний байдлаар Хятад “уйлж”, улмаар дэлхийн бусад орнууд тус улстай хийдэг худалдаагаа эрчимтэй хязгаарлаж эхэллээ. Энэ дунд Австрали улс эдийн засгийн хувьд хамгийн их цохилтод өртөхөөр байгаа ч түүнээс илүү их хэлмэгдэгч улсаар Монгол нэрлэгдэх нь гарцаагүй. Коронагаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 5.7%-иас 5% болж буурах  таамгийг S&P дэвшүүллээ. Үүнд манай улс  аль хэр нэрвэгдэх тухай нарийн тооцоолол одоохондоо гараагүй   бөгөөд Сангийн яам, Монголбанк тооцоолол дээр ажиллаж байна.

Тэгэхээр одоохондоо бүх зүйлийг хэлэхэд эрт байгааг эдийн засагчид сануулж байна. Өвчний тархалтын хэмжээ хэзээ намжих,    хариу арга хэмжээ болгож  хэрэгжүүлж буй Хятадын Засгийн газрын бодлогоос ихээхэн зүйл хамаарна.

Хятадад тохиолдсон нөхцөл байдлаас үүдэн Монголын нүүрсний экспорт  царцлаа. Үнэндээ  МАК, “Саусгоби Сэндс” тэргүүтэй хувийн хэвшлийн компаниуд нэгдүгээр сарын төгсгөлд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан билээ. Хэрэв нүүрсний төмөр замаа байгуулсан бол   ийм асуудал болохгүйг   Монголын нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал учирлаж байна. Уг үйл явцыг Монголын нүүрсний салбар “маск зүүв” гэж нэрийдэж болно.

Өнгөрсөн оны мөн үед манай улс 2 сая орчим тонн нүүрсийг 163 сая ам.доллараар экспортолсныг хар­гал­зан үзвэл бид багагүй боломжоо алдаж таарах нь. Гэхдээ Гашуунсухайт боомтоор Оюутолгой уур­хайн зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байна. Гол нь коксжих нүүрс гэдэг   Монгол Улсын экс­портын тэргүүлэх орлого бүрдүүлэгч учир “маск зүүх” хуга­цаа сунахын хэрээр валютын орлого хумигдах аюул бий.


Үүнтэй зэрэгцээд эдийн засагчид том төсөв,  тэр дундаа нүүрсний экспортын том зорилт баталсан Сангийн яамыг урд хойд талаас нь хэмлэж эхэллээ. Сангийн яам   төсвийн тодотгол хийх ёстой гэсэн шаардлагыг эдийн засагчид тавив. Тэгвэл салбар яамны үзэж буйгаар төсвийн тодотгол хийх нөхцөл байдалд яг одоогоор арай ч орчихоогүй байгаа ажээ. Учир нь төсвийн тухай хуульд  ДНБ-ий 3%-тай тэнцэхүйц хэмжээгээр төсвийн алдагдал нэмэгдэх аваас төсөвт тодотгол хийдэг болохыг тодорхой заасан байдаг. Монгол Улсын ДНБ-ий  хэмжээ 40 их наяд төгрөгт бараг хүрээд буй. Тэгэхээр ойролцоогоор нэг их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээж байж энэхүү алхмыг хийх шаардлагатай болох  юм.

Эдийн засгийн үүднээсээ авч үзвэл коронавирусын нөлөөлөл одоогийн байдлаар богино хугацааны шок гэж хэлж болно. Энэ нь бидний тулгарч болох сорилтуудын нэгэн хувилбар гэдгийг санах хэрэгтэй. 
Гэсэн ч “Коронагийн тохуурхал” хэзээ арилахыг хэн ч хэлж мэдэхгүй болохыг гадаадын эдийн засгийн шинжээчид бүгд дуу нэгтэйгээр илэрхийлж байна. Зарим нь   2008-2009 оны эдийн засгийн хямрал, магадгүй түүнээс ч илүү гүнзгий хямарч мэднэ гэсэн түгшүүртэй таамгийг дэвшүүлж байна.

Түүхий эдийн зах зээлд бууралт ажиглагдсаны дотор зэс, газрын тос, төмрийн хүдэр хамгийн их хэлмэгдлээ. Дэлхийн зах зээл дэх зэсийн нийлүүлэлтийн 50%-ийг “залгидаг” Хятад оронд асуудал үүсмэгц ханш эрчимтэй буурч байна. Зэсийн үнийг энэ оны төсөвт бараг 6000 ам.доллар/тонн байхаар тусгасан бол дэлхийн биржийн ханш  5600-5700 ам.доллар/тонн  хооронд хэлбэлзэж байна. Харин Австралийн коксжих нүүрсний ханшийн бууралт зах зээлд төдийлөн ажиглагдахгүй байна. Энэ нь Австрали болон бусад голлох олборлогчдын нийлүүлэлт саатах, Хятадын дотоодын нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа сэргэхгүй байгаатай холбоотой. 
Одоо хамгийн гол нь коронагийн аюул намжлаа гэж сайнаар бодоход, үүний дараа Хятад  хэр хурдан сэргэх  вэ гэдэг асуулт тулгарч байна. 
Өөрөөр хэлбэл гуравдугаар сараас эхлэн Монголын нүүрсний экспорт сэргэх үү,   Хятадын эрэлт төдий чинээ хурдан нэмэгдэх үү. Өмнөх тохиолдлоос харахад Хятадын эдийн засаг хурдан  сэргэх боломжтой.   2003 онд коронавирусын нэг төрөл   SARS Хятадад дэлгэрэх үед тус улсын эдийн засаг мөн оны дөрөв, тавдугаар сард ихээхэн буурсан байдаг. Гэхдээ өвчний тархалт намдсаны дараагаас буюу оны хоёрдугаар хагаст Хятадын эдийн засаг уналтаа нөхөхүйц  сэргэж, жилийн эцэст өндөр өсөлтийг харуулж чадсан удаатай. Ийм сэргэлтийг V хэлбэрийн сэргэлт гэнэ. Тэгвэл үүнээс илүү удаан U, эсвэл бүр бууралтын горимдоо удаан хадгалагдах L хэлбэрийн нөхцөл байдал ч тохиолдож болдог ажээ. 
Хятадын хувьд коронагаас үүдсэн эдийн засгийн удааширлыг сэргээх орон зай хангалттай бий. Тус улсын бодлогын хүү 4%-тай байдгаас харвал  төв банкинд нөөц хувилбар байгаа юм.
Улс орнууд коронагийн аюул хэр удаан үргэлжлэх талаар таамгаа уралдуулж сууцгаана. АНУ-ын эдийн засагт коронагийн аюул хэр ихээр нөлөөлөх тухай хэлэхэд эрт байгаа ч  Холбооны нөөцийн банк шаардлагатай бол эдийн засгийг идэвхижүүлэх (QE) хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

“Вакум” эдийн засаг

Энэ дунд   хөнгөхөн, тасралтгүй бас нэг өрнөл байгааг санах нь зүйтэй. Энэ бол ам.долларын ханшийн өсөлт юм. Уг нь ам.долларын ханш  өсөхгүй байх бүхий нөхцөл бүрдсэн харагдана. Сүүлийн жилүүдэд манай улсын экспортын хэмжээ урьд хожид байгаагүйгээр өсч, түүхэн дээд амжилтыг дараалан тогтоож байна. Экспортын хэмжээ импортоосоо давж гадаад худалдаа ашигтай гарсаар. Төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны хэмжээнд 452 сая ам.долларын ашигтай гарсан. ОУВС-гийн хөтөлбөрийн үр шимээр Монголбанкны гадаад валютын нөөц их хэмжээгээр нэмэгдсэн. Гэвч   өрнөл  гагцхүү долларын ханшийн өсөлтийг харуулж байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээр батлагдах үе буюу 2017 оны тавдугаар сард америк долларын ханш 2411 төгрөг байсан.   2019 оны аравдугаар сар гэхэд долларын ханш 2679 төгрөг болтлоо өссөн. Улмаар “Саарал жагсаалт”-д Монгол Улсыг оруулах тухай ФАТФ уламжилсан.  Өдгөө долларын ханш ФАТФ-ийн мэдэгдлээс хойших дөрвөн сар орчмын хугацаанд бараг 80 төгрөгөөр (өдөр бүр 0.66 төгрөгөөр) чангарчээ. Ханш өсөхгүй байх суурь нөхцөл бүрдсэн байгаа ч яагаад эсрэгээр өрнөөд байна вэ? Хариулт бол “сөрөг хүлээлт”. Ард иргэдийн дунд долларын ханш өснө гэсэн хүлээлт газар авсантай шууд холбоотойг эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. Эдийн засаг нь тоон үзүүлэлт гэхээсээ илүү сэтгэл зүйн шинжтэй өрнөл гэдгийг уг үйл явдлаас мэдэж болно.

Монголбанкны гадаад валютын нөөц өнгөрсөн оны эцэст  түүхэн дээд түвшин буюу 4.35 тэрбум ам.долларт хүрсэн  юм. Төгрөгийн ханшийг тогтвортой барьж чадна гэж Төв банкны удирдлага тайлбарладаг. Гэвч ам.долларын ханшийг нэг түвшинд барих үүргийг дан ганц Монголбанк үүрдэггүй. Энэ бол төр засагт ч хамаатай үүрэг билээ. 

Ерөнхийлөгч  оны торгон зааг дээр тэтгэврийн зээл тэглэх тухай зарласан   нь зах зээлд асар их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлэх тухай мэдэгдсэн хэрэг байв. Уг шийдвэр баялгийн тэгш бус хуваарилалт, төгрөгийн ханшийг сулруулах, инфляцийг нэмэгдүүлэх гээд   олон шүүмжлэл дагуулсан. Гэвч ашиглаж эхлээгүй Салхитын   ордыг барьцаалж бонд босгох замаар өр тэглэх нь үндсэндээ валютаар баталгаажаагүй цаасан мөнгө зах зээлд нийлүүлэхтэй агаар нэг билээ. 

Америк долларын ханш өсөх нь эдийн засгийн гадаад үнэлэмж нэг цэгтээ удаан “гацах” аюултай. Өөрөөр хэлбэл төгрөгөөр илэрхийлэх эдийн засаг өсч байвч ам.долларын утгаар бид нэг байрандаа л зогссоор байх болно. Монгол Улс маш удаан 10 тэрбум ам.долларын эдийн засаг гэсэн байрандаа хадагдаж ирлээ. Үүнийг вакумжсан эдийн засаг гэж тодорхойлж болно. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монголын ДНБ-ий хэмжээ өнгөрсөн 2019 онд 13.6 тэрбум ам.доллартай тэнцжээ. Энэ бол 2012 онд Монголын эдийн засаг 12.3 тэрбум ам.доллараар илэрхийлэгдэж байсантай харьцуулахад тун чамлахаар өссөн дүн юм. Тэгвэл төгрөгөөр илэрхийлэх ДНБ-ийн хэмжээ 2012 онд 16.6 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн 2019 онд уг үзүүлэлт даруй 36-37 их наяд төгрөгт хүрчээ. 2012 онд ам.долларын ханш 1300-1400 төгрөгийн хооронд хэлбэлзсэн бол өнгөрсөн онд 2700-ийн шугамыг давав. Өөрөөр хэлбэл ханш тогтвортой байсан бол манай эдийн засаг ам.доллараар илэрхийлэгдэх дүнгээр одоогийнхоос хоёр дахин их байх боломжтой байжээ. Гадаад ертөнц Монгол Улсыг хэдэн ам.долларын эдийн засагтай вэ гэж л асуух болно. 

Монголын эдийн засаг (2010-2020) /тэрбум ам.доллар/



ОУВС-ийн санхүүжилтийн “биелэлт”

Корона тохиолоо ч банкны өр төлбөр бүгд хуваарийн дагуу төлөгдөх ёстойг санах хэрэгтэй. Эдийн засгийн үүрэг даалгавар яг л хэвээрээ байгаа. Өр төлбөрийн дарамтыг ОУВС-гийн хөтөлбөр хэсэгтээ зөөлрүүлсэн. Тавдугаар сард ОУВС-гийн хөтөлбөр  өндөрлөнө. Түүний дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Маш сонирхолтой жил. 

Мөн ФАТФ-ийн “саарал жагсаалт”-аас гарах тухай даалгавар хүлээгдэж байгааг мартаж болохгүй. Монголбанк   уг хэцүү жагсаалтаас эх орноо гаргах итгэл өвөрлөн урагшилж байгаа бөгөөд Сангийн яам Монголбанкны “дээлийнх нь захыг мушгин” суугаа. “Саарал жагсаалт”-аас гарсан тухай баярт мэдээ оны хоёрдугаар хагаст   хүлээх зуур оны эхний хагаст  ОУВС-гийн хөтөлбөрт “баяртай” гэж хэлэн үднэ.

Нийт 5.5 тэрбум ам.долларын урьд хожид байгаагүй томоохон мөнгөн дүнтэй хөтөлбөр 2017 оны тавдугаар сард батлагдсаныг тухайн үед зарим нь шагшиж, нөгөө хэсэг нь шүүмжилж байсан. Гэхдээ үүний 2 тэрбум ам.долларыг Хятадын Ардын банкны своп хэлцлийг сунгахад зарцуулсан. Тэгэхээр үндсэндээ 3.5 тэрбум ам.доллар  Монголд орж ирэх хөтөлбөр  гэсэн үг. Хөтөлбөрийн хугацаанд замбараагүй төсвийг нэгтгэж чадсан. Төсвийн сахилга батыг харьцангуй сайжруулсан. Банк, санхүүгийн системийн тогтолцоог олон улсын жишигт ойртуулах ажилд ихээхэн ахиц гарсан гээд тун давгүй үзүүлэлтүүд биеллээ оллоо. Монголын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн зэрэг сайхан үр дүн  харагдана. Гэвч өнгөрсөн хугацаанд нийт   3.5 тэрбум ам.доллараас   1.1 тэрбум  нь Монголд орж иржээ. ОУВС зургадугаар шатны үнэлгээг хийж байж л дараагийн санхүүжилт  олгоно. Цаашид ОУВС Монгол руу ээлжит мөнгөний цувааг илгээх эсэхийг ээлжит хурлаараа шийднэ. ОУВС-гийн хурлын шийдвэрийг хамтрагч байгууллагууд харзнаж суугаа. 

Сангийн яам энэ онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол руу 1.3 их наяд орчим төгрөг орж ирнэ гэсэн тооцооллыг төсөвт тусгасан. Харин тавдугаар сард хөтөлбөр дуусах аваас   үлдсэн санхүүжилт заавал Монголд орж ирэх албагүй. Өөрөөр хэлбэл урт хугацаатай, хүү багатай мөнгөний цуваа орж ирэх байсныг бид алдаж байна гэсэн үг. Сангийн яамны төсөвт тусгаснаас харсан ч ОУВС-гийн хөтөлбөр санхүүжилт бүрэн биелэлгүй өндөрлөж таарах нь. 

Ахмадуудын өрийг тэглэхээр Ерөнхийлөгч сэтгэл хөдлөлтэй оны торгон зааг дээр мэндчилсний дараа ОУВС   мөн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн. Харин    баярын өнгө аястай байсангүй. Төр засгийн хэтэрхий их өгөөмөр сэтгэл хөдлөл нь эдийн засагт сайхан зүйл авчирахгүйг ОУВС удаа дараа илэрхийлж ирсэн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгөөмөр зан  2017 онд ОУВС-гийн хөтөлбөр батлагдах үед тусгагдаагүй байсан юм. Учир нь хөтөлбөр батлагдсанаас хойш сарын дараа  Ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Тиймээс ОУВС Ерөнхийлөгчийн шийдвэрт тэгтлээ их ундуйцахгүй болов уу гэж найднам хэмээн зарим хүмүүс илэрхийлээд амжсан.


“Корона”-ийн зааж буй “эдийн засгийн хичээл”

Манай улсын хувьд урьдчилан тооцоолоогүй   байдалд хэрхэх   нь анхаарал татаж байна. Экспорт хумигдмал   нөхцөлд манай улс ямар ч байсан есөн сар орчмын импортыг тэсвэрлэх гадаад валютын нөөцтэй байгаа нь сайн хэрэг. Нүүрсний экспорт зогссон ч нөгөө талдаа тээвэрлэлтийн төлбөрт зарцуулдаг валютын гадагш урсах урсгал буурахаар байна. Мөн аялал жуулчлалын салбарт зарцуулдаг валютын гадагшлах урсгал тодорхой хэмжээгээр буурах таамаг эдийн засагчдын дунд байгаа юм. 

Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн ганц тулгуурт байдлаа өөрчлөхийг эдийн засгийн шинжээчид болон олон улсын санхүүгийн байгууллагууд байнга сануулдаг. Тэгвэл энэ удаад коронавирус гуравдагч өнцгөөс уг асуудлыг илүү бодитойгоор харуулж чадлаа. 

Нөгөө талаас манай улсын экспортын хамгийн гол түүхий эд нь нүүрс болсныг  нийгэмд тодруулж өглөө. Өнгөрсөн онд Монголын нүүрсний экспорт 3.1 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 40%-ийг бүрдүүлсэн байна. Гэвч цаад утгаараа Монгол Улс экспортын гол түүхий эдээ тээвэрлэх  дэд бүтцээ сайжруулж, төмөр замаа барих шаардлагатай болсныг санууллаа. Чухамдаа корона бидэнд уул уурхайн төмөр замаа нэн яаралтай байгуулах,   эдийн засгаа солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийн бааз сууриа бэхжүүлэх тухай хатуу сургамж өгч байна. 

Энэхэн өдрүүдэд УИХ-ын 76 гишүүн маань импортын эдийн засагтай улс орон болохоо илүү сайн ойлгож, энэ талаар ард түмнээсээ, өөрсдөөсөө ч гайхаж   асууцгаана. Түүгээр ч зогсохгүй “made  in China” маск зүүнгээ дотооддоо маскаа үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж ард түмнээ тайтгаруулах нь бүр ч егөөдмөөр. 

Энэ зуур манай улс гурил, махаа дотоодоосоо хангачих болохоор өлсчихөлгүй шиг “аархаад” суух боломжтойг хүнс үйлдвэрлэгчид  амлалаа. Зэрэгцээд “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” гэсэн үг илүү тодоор сэтгэл буух агаад тариаланчид, малчдын хөдөлмөрийн үнэ цэнийг хүн бүр илүү ойлгож байна.
“Маскны үнэр”-тэй энэ   өдрүүдэд эдийн засагт нүүрс гол тоглогч болсон гэдгийг тунхаглахын сацуу манай улсын эдийн засаг аливаа цохилтод хэтэрхий эмзэг, бэлтгэлгүй байгааг харууллаа.