Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Метан”: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан анхны төрийн өмчит компани болно 

“Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8 цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Монгол” ХК-д хүлээлгэн өгчээ.

Энэ нь Тавантолгойн бүлэг ордын нүүрс хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ч хэмнэлттэй, хөрөнгө мөнгө хэмнэх чухал ач холбогдолтой юм байна. “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар “Бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дараагийн шатны ажил болох бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ажлаа эхлүүлсэн. Хууль эрх зүйн хүрээнд Монгол Улсын Засгийн газраар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Ингэснээр манай компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж буй анхны  төрийн өмчийн компани болно” гэв.

Дашрамд дурдахад, “Эрдэнэс Метан” ХХК нь 2019 онд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэж, нийт 5205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий 8 цооног өрөмдөж, эрлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Эрлийн ажлын үр дүнгийн тайлангаа Ашигт малтмал, газрын тосны газрын Техникийн зөвлөлөөр дүгнүүлсэн бөгөөд энэ онд Монгол Улсын Засгийн газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхээ авч, хайгуулын ажлыг эхлүүлэх юм. 

Эх сурвалж: "Эрдэнэс Метан" ХХК